Цахилгааны урамшуулалд тусгай бүсэд ороогүй иргэдийг хамруулахгүй

Цахилгааны урамшуулалд тусгай бүсэд ороогүй иргэдийг хамруулахгүй

Агаарын бохирдолтой тэмцэхээр төрөөс авч хэрэгжүүлж буй цахилгааны үнийн урамшуулал олгох ажил гурав дахь жилдээ үргэлжилж байна.

Энэ жилийн хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан 2013 оны A-13/A-30 тоот тушаал, захирамжийн дагуу нийслэлийн долоон дүүргийн 108 хорооны 58657 айл өрх урамшуулалд хамрагдахаар болсон.

Цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах айл өрх нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдсан байхаас гадна Монгол Улсын “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийн зургаадугаар зүйлд заасан нөхцөл шалгуурыг хангасан байхаар заасан байна.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар урамшуулал олгох нөхцөл шаардлагыг биелүүлсэн талаар дүгнэлтээ гаргуулсан байх шаардлагатай аж.

Цахилгааны үнийн урамшуулалд хамрагдах айл өрх нь цахилгаанаар халаалтаа шийдсэн, нөхцөл шалгуурыг хангасан бол харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд урамшуулалд хамрагдах хүсэлтээ гаргаж болох юм байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг газар дээр нь шалгаж үзээд цахилгааны үнийн урамшуулалд хамруулахаар тодорхойлолт гаргах гэнэ.

Уг тодорхойлолтыг үндэслэн Агаарын чанарын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргах юм байна. Дүгнэлт гарсны дараа тухайн хэрэглэгч Хэрэглэгчдэд үйлчлэх төвд иргэний үнэмлэх, цахилгаан эрчим хүчээр хангах шинэчилсэн гэрээний дэвтэртэйгээ очиж “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулан урамшуулалд хамрагдах боломжтой аж.

Харин хүйтний улирлуудад цахилгааны үнийн урамшуулалд хамрагдаж байсан дээрх хороодын хэрэглэгчид дахин гэрээ байгуулах шаардлагагүй аж.

Харин Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан 2013 оны А-13-/А-30 тоот тушаал, захирамжийн дагуу хязгаарлалтын бүсэд хамрагдаагүй хороодын хэрэглэгчид урамшуулалд хамрагдах боломжгүй юм байна.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих