“Нарантуул”-ын түрээслэгчид шинэ ажлын байраа хүлээж байна

76f41490744a427b49730cab38df3f4d“Нарантуул” захын хүнсний төв шатсанаас хойш 50 гаруй хоногийн хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд их хэмжээний хөрөнгөөр хохирсон, ажлын байргүй болсон 300 гаруй түрээслэгчдийн асуудал нам жим болоод байгаа юм.

Өмнө нь 2005 онд “САПУ” худалдааны төв шатаж олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон гашуун түүх бий. Хохирогчид нь түрээслүүлэгч эзнээсээ хөрөнгөө нэхэмжилж олон жилийг үдсэн ч хохирлоо бүрэн төлүүлж авч чадаагүй.

“Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчдийн хувьд ч энэ асуудал давтагдахгүй гэхийн баталгаа байхгүй. Түрээслэгчдийн хэчнээн хэмжээний хөрөнгө галд сүйдсэнийг хараахан тогтоогоогүй байгаа аж. Түүнчлэн тэднийг ажлын байраар хангах асуудал яригдаж эхэлсэн ч тодорхойгүй байна. Тиймээс энэ талаар сурвалжиллаа.

“Нарантуул” хүнсний төвд лангуу түрээслэж байсан иргэдээс “Нарантуул 2” худалдааны төвд очиж лангуу түрээслэн ажиллаж байгаа нь тун цөөн байгаа аж.

“Нарантуул 2” төвийн менежер П.Наваансүрэнгийн тайлбарласнаар “Нарантуул” хүнсний төвд махны лангуу түрээслэж байсан гурван иргэн манай зах дээр ирсэн. Тэдэнд лангуу түрээслүүлсэн. Манай төв лангууны хүрэлцээ байхгүй нь хүндрэл учруулж байна” гэж байлаа.

“Нарантуул 2” төвд лангуу түрээслэгчдийн тоо 360-400-гийн хооронд хэлбэлзэж байдаг аж. Нэг лангуу сарын түрээс нь 50-70 мянган төгрөгийн үнэтэй, харьцангуй хямд төлбөр авдаг гэж түрээслэгчид ярьж байлаа.

“Нарантуул 2” худалдааны төвийн түрээслэгч (махны лангуу) Ж.Бүжинлхамаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр өмнө нь “Нарантуул” захын хүнсний төвд махны лангуу түрээсэлж байжээ.

-Та хэзээ энд лангуу түрээсэлж эхэлсэн вэ. Ашиг орлого нь хэр байна бэ?
-Би эгчийнхээ лангуунд түр сууж байна. Лангуу суларахыг хүлээж байгаа. “Нарантуул”-ын хүнсний төвтэй харьцуулахад энд махны борлуулалт бага байдаг юм байна. Учир нь ихэвчлэн бөөнөөр худалдан авагчтай, тэдгээр нь өөрсдийнхөө таньдаг хүнээс авчихдаг юм байна. Жижиглэнгээр мах худалдан авах нь цөөн. “Нарантуул-1”-д бол хүн их ирдэг, иргэд кг-аар мах худалдан авах нь их байдаг. Тийм учраас шинээр ирсэн миний хувьд худалдан авагч цөөнтэй л байна.

-Шатсан хүнсний төвийн газарт шинээр барилга барих тухай ярьж байсан. Та нарт энэ талаар мэдэгдсэн үү?
-Ш.Сайхансамбуу 20 орчим хоногийн өмнө түрээслэгч нартай хуралдаж шинэ байр барих талаараа ярьсан байна билээ. Би тэр хуралд сууж амжаагүй. Барилгын зураг төсөл нь гарсан, гурван давхар барилга баригдана гэсэн. Шинээр барилга барих болсон учраас түрээслэгч нар очиж шатсан төвийн газрыг цэвэрлэсэн.

-Хүнсний төв шатахад та хичнээн төгрөгийн бараатай байсан вэ. Та бүхэн хохирлоо нэхэмжилж байгаа юу?
-Үхэр, хонины мах нийлсэн нэг сая гаруй төгрөгийн бараа байсан. Мөн хоёр хөлдөөгч галд шатсан. Нийт хоёр сая гаруй төгрөгийн хохиролтой гэж цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа мэдүүлсэн байгаа. Хамгийн гол нь түрээслэгчдийн хувьд ажлын байртай болохыг л хүсч байна.

“Нарантуул 2” худалдааны төв нь “Анко” ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ компанийг “Нарантуул” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуугийн гэргий Г.Оюунсогоо эзэмшдэг юм байна.

“НАРАНТУУЛ-1”-ЫН ХҮНСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ МАРГААШ ЭХЭЛНЭ

Ш.Сайхансамбуугаас “Нарантуул”-ын хүнсний төвийг шинээр барих болсонтойгоор дараах хариултыг авлаа.

-“Нарантуул”-ын хүнсний төвийг шинээр барих ажил юу болж байгаа вэ?

-Барилгын зураг төсөл нь хийгдээд дуусч байна. Энэ долоо хоногийн лхагва гаригт барилгын ажил нь эхэлнэ.

-Шинэ хүнсний төв хэдий хугацаанд баригдаж дуусах бол?
-Тэрийг одоогоор хэлэх боломжгүй. Аль болох түргэн хугацаанд ашиглалтад оруулахыг бодно.

-Түрээслэгчид ажлын байргүйгээс өөр хүнсний төвүүдэд лангуу түрээслэж байгаа юм билээ. Тухайлбал “Нарантуул 2” худалдааны төвд танай түрээслэгчид очиж лангуу түрээслэж байгаа юм байна?
-Би энэ талаар мэдээгүй. Манай түрээслэгчдийн хувьд дийлэнх нь давхар өөр газар лангуу түрээсэлдэг байсан. Тэгэхээр тэр лангуун дээрээ ажиллах ч юм уу зүйл байгаа байх. хуучин “Нарантуул” худалдааны төв дээр ч ажиллаж байгаа түрээслэгчид байгаа. “Нарантуул 2” төв рүү олноороо очсон гэж бодохгүй байна. Түрээслэгчдийн хувьд ажлын байр шинээр барихыг хүсч байгаа.

ГАЛЫН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙНА

“Нарантуул” хүнсний төв шатсантай холбоотойгоор хоёр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм. Нийслэлийн онцгой байдлын газар болон гал командынхан шалтгааныг тогтоохоор шинжилгээ авсан ч галын дүгнэлт хараахан гараагүй байгаа гэж НОБГ-аас мэдэгдлээ.

Галын улмаас их хэмжээний хөрөнгө сүйдсэн, нэг хүн амиа алдсантай холбоотойгоор Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Түрээслэгчдээс галд сүйдсэн хохирлын хэмжээ болон холбогдох тайлбарыг авч дуусчээ. Гал гарсан шалтгаан тодорхойгүй, дүгнэлт нь гараагүй тул мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ч тодорхойгүй байдал үүссэн аж. Галын дүгнэлт гарсны дараа гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох, иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг ярина гэж албаныхан мэдэгдэж байгаа юм.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих