”Нэгэн нүүдлийн газар” буудаллахад…
Цав цагаан үүлс хөвсөлзөн баруун хойноосоо дорныг чиглэн нүүх нь их хөсөг хөдлөх шиг санагдана. Энэхүү байгалийн нүүдэл, эгэл хүний амьдралын нүүдэлтэй зэрэгцэн эрт эдүгээгээс өнөөг хүртэл үргэлжилсээр “Нэгэн нүүдлийн газар” буудаллаа. Энэ буудал Монголын уран зургийн галерей. Аяны хүн хээрийн салхины үнэр орсон аагтай цайнд дуртай гэж үг бий. Тэгвэл өнөөдрийн бидний уух аагтай цай бол “Нэгэн нүүдлийн газар” хэмээх үзэсгэлэн юм. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан зураач Э.Цолмонбат, Монгол зураг нийгэмлэгийн зураач Г.Одбаяр, В.Ундраа нарын хамтарсан бүтээл. Өөр өөрийнхөө өнгө будаг, сэтгэлийн илэрхийлэл, хорвоог олж харах онцлог зэргээрээ хэн бүхний анхаарлыг татаж байна. Энэхүү бүтээлд тэр зураачийнх нь бүтээл бусдаасаа илүү юм гэхийн аргагүй байсан нь тэдний чадвар ямар сайныг илтгэх буй за. Тухайлбал, Г.Одбаярын “Хээр талын эзэн”, В. Ундраагийн “Хөх цэргүүд”, Э.Цолмонбатын “Үүлэн жигүүр”, “Сүүн бодрол” зургууд эзнээ илэрхийлээд зогсохгүй Монголын түүх, нүүдэлчдийн ёс заншил, монгол хүний зан төрхийг илүүтэй тусгаж чадсан байлаа. Уран зураг, монгол зураг хосолсон энэхүү үзэсгэлэн нь түүх, ахуй, уламжлал зөн билгийн уялдаа тогтолцоог илэрхийлээд зогсохгүй монгол зураачийн сэтгэл, сэтгэлгээ дэлхийн зураачдын дунд ямар төвшинд явж буйг харуулах бүрэн боломжийг нээж чаджээ.В.Нэргүй
URL:




