Шрекийн “эцэг” Морис Тийег таних уу?

“Шрек” хүүхэлдэйн киног бүтээсэн Уильям Стейг баатрынхаа дүрийг амьдралаас, тэр тусмаа өөрийнхөө сайн таньдаг мэргэжлийн бөх Морис Тийегээс анх олж харж, бүтээлдээ ашигласныг та мэдэх үү.
Морис Тийе хэдийгээр эвгүй гэмээр том толгой, царай төрх барагтайхан хүн байсан болов 14 хэл мэддэг, шатар шаггүй тоглочихдог, элэгсэг даруухан хүн байж.
Морис Тийе 1903 онд Оросын Уралын нуруунд амьдардаг франц гэр бүлд төржээ. 1917 онд улаан хувьсгал өрнөж эхлэх үед тэдний гэр бүл Франц руу шилжин оджээ.
Багдаа Морис бусадтай адил царай төрхтэй хүүхэд байж. Бүр найз нар нь түүнийг “Сахиусан тэнгэр” гэж хүртэл дууддаг байсан гэнэ. Гэвч гэнэт л яс нь томорч, толгойн хэв алддагддаг акромегал гэгч өвчнийг тусчихжээ.
Нэгэнтээ ийм царай төрхтэй болчихсон тул хуульч болох мөрөөдлөөсөө татгалзсан байна. Гэлээ ч үүндээ гутралгүй царай төрхийнхөө давуу талыг ашиглахаар шийджээ. Ингээд Америкт очиж мэргэжлийн бөхөөр хичээллэж эхэлжээ. 1940 оны тавдугаар сард аварга болж чадлаа. Үүнээс хойш 19 сарын турш тэр хэнд ч дийлдээгүй юм билээ.
Эхэндээ түүнийг “Рингний мангас” гэх мэтээр америкчууд хочилсон ч хожмоо сайхан сэтгэл, илэн далангүй элэгсэг занг нь үнэлж “Францын сахиусан тэнгэр” гэж багынх нь хочоор нэрлэж эхэлсэн гэдэг.
51 настайдаа Морис зүрхний шигдээсээр өөд болжээ. Морисын дүр төрх олон хүний сэтгэлд хоногшин үлдснээс гадна түүний элэгсэг зан, сайхан сэтгэл ч бас дурсагдах болжээ. Өөрөөр хэлбэл, тэр амьдрал дээр яг л Шрек шиг нэгэн байж. Ингэж Морис Тийегийн дүр төрх, зан чанар тэр чигээт Шрек хүүхэлдэйн кино болж өнөө цагт ирээд байгаа юм байна.
Р.Гэгээ





new.mn
URL:




