Уран олборлохын эсрэг пантомимо хурал хийлээ

new photo

МАХН-ын залуус, байгаль хамгаалагч, цөмийн эсрэг ТББ-ынхантай хамтран ураны хор хөнөөлөөс сэрэмжлүүллээ. Тэд хэвлэлийн хурлаа цагаан нөмрөг нөмөрч, цөмийн аюулаас сэрэмжлүүлсэн уриа, лоозон барин чимээгүй суулт хэлбэрээр хийсэн юм.

Монгол Улс өнгөрсөн сарын 26-нд Гадаад харилцааны сайд Л.Болд Францын гадаад харилцааны сайдтай “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-г үзэглэж, Монгол Улсад уран олборлох ажлыг эхлүүлсэн. Ийнхүү уран олборлож эхэлснээр монголчуудад оршин тогтнохуйн аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хүний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахаар байгааг тэд онцоллоо. Пантомимо хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид дээрх гэрээг УИХ-аар батлахгүй байхыг уриалж “Шар нунтагийн тарчлаан” нэртэй хурал хийсэн нь энэ юм. Тус  хурлаар монгол хүн  бүрт Үндсэн хуулиар олгогдсон “Эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрх”  болон хүний заяагдмал эрхэд ноцтой халдсан дээрх гэрээг МАН болон АН-ын улс төр, бизнесийн бүлэглэлийн нэр бүхий хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан байгуулсныг хэлэхийг хүсчээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Мон-Атом компанийн захирал асан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан, Мон-Атом компанийн захирал асан Р.Бадамдамдин нарыг үндэсний эрх ашиг, эх орноосоо урвасан гэж үзэж байгаа аж.  Нөгөө талаар Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн гурвуулаа энэ гэрээг байгуулах гэж улайран зүтгэж байгаа нь монголчууд хэнд итгэж найдах вэ гэдэг дараагийн асуултыг өөрсдөөсөө асуухад хүрээд байгаа тухай  харуулахыг зорьжээ.

Б.Сүндэр


URL:

Сэтгэгдэл бичих