Хакүхо хамгийн олон ялалт авсан бөхөөр тодорлоо

Хакүхо хамгийн олон ялалт авсан бөхөөр тодорлоо

Японы мэргэжлийн сүмогийн энэ оны хамгийн сүүлчийн башё буюу арваннэгдүгээр сарын тэмцээн эхлээд байна.

Энэ башё олон онцлогтой болж буй. Хоёр аваргын хэн нь түрүү авах бол гэсэн таамаг башё бүрийн эхэнд байдаг. Тэгвэл энэ удаад тэр таамаг бүр илүүтэй сонсогдох. Энэ оны таван тэмцээний дөрөвт нь түрүүлээд байгаа Их аварга Хакүхо эзэн хааны цомыг 28 дахь удаагаа авахын зэрэгцээ дөрвөн рекордын төлөө дайралтаа эхэлж байна. Их аварга маань энэ тэмцээний эхний өдөр ялалт авснаар жилд хамгийн олон ялсан бөх боллоо.

Энэ нь 2006 оноос хойш долоо дахь удаагаа энэ рекордын эзэн болж байгаа юм. Бас нэг амжилт гэвэл Хакүхо 2007 онд ёкозүна болсноос хойш Кюүшюү башёгийн түрүүг алдаагүй байна. Тэгвэл тэмцээний эхний өдөр Миёогирюүтэй таарсан ч тэвдсэнгүйхэн давсан бол хоёр дахь өдөр аварга, заануудад хэзээнээс халтай бөх гэгддэг Аминишикитэй хүч үзэж илүүрхэж давсан байна.

Ёкозүна Харүмафүжи мөн эхний өдрүүдэд эвгүй өрсөлдөгчидтэй таарсан ч гэнэ алдсангүй ялав. Тэмцээний эхний өдөр өмнөх башёд өөрийг нь өвдөг шороодуулсан Шохозантай ухаалаг,  шаламгай барилдаж давсан бол дараагийн өдөр нь аваргуудыг хааяа хазайлгачихдаг Миёогирюүг Мэх хийх боломж олголгүй сөхрүүлчихэв.

Харүмафүжи энэ тэмцээнээр гол шалгалтаа өгнө. Сүмогийн ояката нарын хэлж байгаагаар гэмтэл нь ч сайн эдгэсэн, бэлтгэл нь чамбай байгаа. Яг л түрүүлэх ээлж нь энэ гэх юм. Үнэндээ Харүмафүжид сүмогийн холбоо тун зөөлөн хандаж байгаа юм билээ. Кюүшюү башёгийн эхний өдөр озеки Котоошюү, Котоошогикү нар унасан нь бас л нэг нуралт байв. Энэ уналт Котоошюүд улам хүнд тусна. Гараа сайн бол бариа сайн гэдгээр бодоход тийм. Тэр нэг унахаараа улам унжийж байгаад уначихдаг хүн.

Япончуудын харж байдаг бөх нь одоо Кисеносато, Гоэйдо нар. Тэд ямартай ч хоёр даваад байна. Харин нөгөө хонгилийн үзүүрийн гэрэл гэгдэх Эндо гэдэг залуу энэ башёг унаагаар эхлэв дээ. Япончуудын найдварын гал тийм ч дүрэлзээд байж чадамгүй. Монгол сүмочдын хувьд энэ тэмцээний эхний өдрийн байдлаар өгөө, аваатай гэгч л амжилттай явна. Гэхдээ тэмцээн дөнгөж эхлээд байгаа билээ. Хоёр аварган хэн нэг л түрүүлэх башё гэж сүмогийн мэргэжилтнүүд хэлж байна. Нээрээ аваргуудад өрсөлдөгч цөөн л байна.

Д.Надмид


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих