Дампуурсан “Зоос” банкны 106 дугаар салбарын захирал луйвар хийжээ
Иргэн Алтанцэцэг 2004 оны дөрөвдүгээр сарын 2-нд хувиараа бизнес эрхлэх зориулалтаар хоёр өрөө байраа “Зоос” /хуучнаар/ банкны 106 дугаар салбарт барьцаанд тавьж 1,5 сая төгрөгийг зургаан сарын хугацаатай зээлсэн байна.
Тухайн үед иргэн Алтанцэцэгийн байрыг сайн чанарын байр гэж шинжлээд зургаан сая төгрөгөөр банк үнэлсэн байгаа юм. Алтанцэцэг нь зээлийнхээ хүүг төлөхөөр “Зоос” банкинд очиход таны өмнөөс хүн төлчихөж гэсэн хариултыг теллер хэлсэн байна. Гайхаж хоцорсон Алтанцэцэг өөрийнх нь өмнөөс зээлийн хүүг төлсөн хүнийг мөрдөөд үзэхэд “Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгэ гэгч хүүг нь төлж байжээ.
Ингээд хүүг төлж байгаа шалтгааныг Сэлэнгээс тодруулахад “Олон юм ярилгүй, дээд доогуур яваад байлгүй, банкинд төлөх хүүгээ бэлнээр нь надад өгч бай” хэмээн шаардсан байх юм. Ингэж явсаар сүүлдээ “Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгэ нь иргэн Алтанцэцэгийн байрыг өөрийн эзэмшил болгож чадсан хууль бус үйлдэл хийжээ. Энэ хэрэг нь Дээд шүүхээс хоёр ч удаа анхан шатны шүүхэд буцаагдсан ч одоогоор 3 дахь удаагаа давж заалдах шатны шүүх дээр ирээд байна. Энэ хэргийн талаар иргэн Алтанцэцэгийн охин Пүрэвжавтай ярилцсан юм.

-Хэргийн талаар тодорхой яриач. Яаж яваад ээж чинь байраа алдчихсан юм бэ?
-Манай ээжийн хувийн бизнес ашиггүй болж зээлийн эргэн төлөлт нэг сар хийгдээгүй. Энэ үед “Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгэ иргэн Алтанцэцэгийн гэрт ирж банкныхаа хүүг төлөөгүй мэтээр дарамталж, эсвэл хүүгээ төл чадахгүй бол бэлэглэлийн журмаар Ундармаа гэдэг хүн рүү шилжүүл гэж сүрдүүлсэн. Учраа мэдэхгүй явсан ээж маань Н.Сэлэнгийн сүрдүүлгийн дагуу иргэн Ундармаад бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байдаг. Бэлэглэлийн гэрээг үйлдсэн нотиратч Тунгалаг нь хоёр янзаар баримтыг үйлдэж, хууль бус үйлдэл хийсэн. Нэг гэрээ нь хоёр сая, нөгөө нь 980 мянга гээд хоёр өөр гэрээ үйлдэж, бэлэглэлийн гэрээг 2005 оны 2 дугаар сарын 28-нд хийсэн байдаг. Гэтэл банкны зээл аль хэдийнэ 2005 оны 2 сарын 15-нд тэглэгдсэн. Өөрөөр хэлбэл гэрээ хийгдэхээс 13 хоногийн өмнө зээлийг хаачихаад манай ээж дээр ирж дарамт үзүүлсэн байгаа юм. Энэ гэрээнд ээж л гарын үсэг зурсан. Хамтран эзэмшигч болох би болоод манай хоёр дүүгийн хэн нь ч гарын үсэг зураагүй. Хоёр янзын гэрээний дугаар дээр хамтран эзэмшигч болох манай дүү Болдбаярын нэрийг 2 янзаар бичиж Болдбаатар болгосон нь энэ гэрээг хайхрамжгүй хуурамчаар хийсэн гэдэг нь нотлогдоно.
-Гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрөхдөө ээж чинь тэр хүнд бэлэглэж байгаагаа нотолсон юм биш үү?
-Ээж маань “Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгээгийн сүрдүүлгэнд орсондоо юугаа ч мэдэхгүй очоод зурчихсан. Гэхдээ Н.Сэлэнгэ нь Ундармаа түр шилжүүлээд өрөө төл гэсэн юм байна лээ. Гэтэл энэ хооронд Ундармаа нь “Евролайн” ХХК-д бас бэлэглэчихсэн байсан. “Евролайн” компанийн толгой компани болох “Өндөрбуянт” ХК-ийн захирал Н.Төмөрхүү нь Н.Сэлэнгийн төрсөн дүү юм байна лээ. Тэгэхээр Н.Сэлэнгэ нь байрны ордерыг Ундармаад шилжүүлээд түүнээсээ өөрөө буцаагаад авсан гэсэн үг. Анхнаасаа манай ээжийн байрыг булааж авах зорилгоор ийм үйлдэл хийсэн гэж бодож байгаа.
-Одоо ээж чинь хаана амьдарч байгаа бэ?
-Ээжийг маань байрандаа амьдарч байхад “Евролайн” гэдэг компаниас мэдэгдэл ирж байрнаас нь хөөсөн. Тэр мэдэгдэлд дурдсанаар “Иргэн та зээлээ төлж барагдуулаагүйн улмаас банкны эд хөрөнгө болсон билээ. Уг орон сууцыг “Евролайн” ХХК нь зохих хууль дүрмийн дагуу худалдаж авсан. Тиймээс байраа суллаж өг” гэсэн. Уг нь бол тэр байрыг банкинд хураалгаагүй. Ундармаа гэдэг хүнд шилжүүлсэн учраас Ундармаа гэдэг хүнээс авсан гэж мэдэгдэлдээ дурдах ёстой байтал банкинд хураалгасан мэтээр тайлбарласан байсан. Өөрсдөө ч Ундармаа гэдэг хүнээс бэлэглэлийн гэрээгээр авсан гэдэг баримт байдаг. Тийм байтал иймэрхүү тайлбар хийж үгсэн хуйвалдаж байгаагаа нотолж байгаа юм.
-Цагдаад гомдол гаргаад нөхцөл байдлаа тайлбарлахаар юу гэж байх юм?
-Бид 2009 оноос хойш үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд цагдаа сэргийлэх, шүүхээр явлаа. Сонгинохайрхан дүүргийн шүүх нотиратч Тунгалагийн хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа. Дээд шүүхээс хоёр ч удаа буцаагдсан. Одоо гурав дахь удаагаа дээд шүүх рүү шилжих гээд байна. Энэ удаа СХД-ийн анхан шатны шүүх 100 хувь нөгөө талд шийдээ гаргаад байгаа. Учир нь анхан шатны шүүх дээр Н.Сэлэнгэ гэдэг хүний бас хамаатан нь байдаг юм байна лээ. Тиймдээ ч анхан шатны шүүх дээр дандаа ялдаг. Харин Дээд шүүх бүх хэргийг хянаж үзээд бидний буруу байхгүй учраас ахиад л анхан шат руу явуулдаг. Түүхэндээ хэрэг гурван удаа буцаагдаж байгаагүйн байна лээ. Ийм хууль эрх зүйн орчин ч байхгүй. Гэтэл бидний хэрэг 4 жил дамнан удааширч байна. Яагаад нотиратч болоод тэдний гэм бурууг тогтоочихож болохгүй гэж.
-“Өндөрбуянт” компанийн захирал Н.Төмөрхүү Н.Сэлэнгийн төрсөн дүү гэдгийг яаж мэдэж байгаа юм?
-Намхайн Төмөрхүү нь Намхайн Сэлэнгийн төрсөн дүү. Н.Төмөрхүү нь өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшээд гарч чадаагүй. Тэр хүн өөрийн компанийн охин компани болох “Евролайн” компаниар дамжуулж эгчдээ хүний байр булааж өгсөн. “Евролайн” нь ээжийн байрыг авчихаад ажилтан гэх Эрдэнэбаярыг ээжийн байрны үндсэн метр квадратад суулгачихсан. Харин манай ээж өөрөө эзэн нь юм байж байрны буланд буюу хонгилд амьдарч байгаа.
-Нотиратчийг буруутай гэдгийг яаж нотолж байгаа юм бэ?
-Хэргийг нягталж үзэхийн тулд архиваас нотиратч Тунгалагийн бичиг баримтыг авсан. Тунгалаг нь 2001 оны 4 дүгээр сарын 17-ноос 2005 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэлх бүх баримтаа өгсөн байдаг. Энэ дунд манай ээжийн байрны гэрээ болох 74 тоот гэрээний оронд шал өөр гэрээний мэдүүлэг биччихсэн байдаг. Харин дараагаар нь шүүх хурал дээр архивт байгаагаас шал өөр дэвтэр авчирчихаад “Би тэр үед өөр дэвтэр өгчихсөн байна лээ. Энэ миний дэвтэр гээд үзүүлж байгаа дэвтэр дээр нь 74 тоот гэрээнд бидний гэрээний тэмдэглэл байдаг. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нотаротчины бэлэглэлийн 2 гэрээг шинжлүүлсэн. Түүгээр буруутай гэдгийг нь тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүх хүлээж авахгүй байна.
-Хэрэг одоогоор эцэслэн шийдэгдсэн үү?
-Ирэх сарын зургаанны өдөр Нийслэлийн давж заалдах шүүхэд шүүх хуралтай. Бид үнэндээ луйварчны гарт орон байраа алдчихаад шүүх хурал дээр гурван хүний эсрэг ганцаараа зогсож байна. Анхан шатны шүүх ч авч хэлэлцэхгүй байна. Манай ээж насанд хүрээгүй дөрвөн дүүтэй маань амьдардаг. Шүүх хууль бус үйлдэл хийсэн тэдгээр этгээдийн талд үйлчлээд зогсчихвол миний дөрвөн өнчин дүү хөөрхий ээжтэй маань гудамжинд гарах гээд байна.
Ийнхүү хууль бус үйлдэл хийчихээд хэнэг ч үгүй тайван яваа Н.Сэлэнгэ “Зоос банк” дампуурснаас хойш ямар нэгэн томоохон банкинд удирдах албан тушаал хашиж байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс магадгүй таны байрыг Н.Сэлэнгэ гэгч этгээд булааж магадгүй гэдгийг сануулж хэлье. Түүнчлэн нотиратч Тунгалаг хариуцлага хүлээсэн юмгүй тас гүрийсээр байгааг шүүхийнхэн олж харах учиртайг ч сануулж байна. Ямартай ч Монголын шүүх үнэн мөнийг шүүнэ гэдэгт найдъя.

Б.Дөлгөөн
http://www.mass.mn/87704.html
URL:













