Бөхчүүд жудагтай юу?
2000 оны эхэн үе бол бөхчүүдийн нэр хүнд ард олны дунд навс унасан үе байлаа. Хүүхэн хүчиндсэн, хүн алсан, хулгай хийсэн, тоносон, дээрэмдсэн, авлигадсан, авгайгаа зодсон, айл гэр үймүүлсэн, ард түмний өмчийг хувьчлал нэрээр хуссан гээд бүх муу зүйлийг бөхчүүд хийсэн учраас нийгэм тэр аяараа бөх хүн “муухай” гэсэн ойлголттой болсон байв. Хамгийн гол нь энэ бүх муу муухайд том цолтнууд ихээр орооцолдох болсон нь олон түмний итгэлийг алдахад хүргэсэн. Бүр сүүлдээ Монгол бөхийн ариун дэвжээн дээр цусаа гоожуулан зодолддог тэмцээнийг ч бөхчүүд өөрсдөө санаачилж, мөнгө төлөн анд нөхдөө хооронд нь алалдуулж байлаа. Ард түмэн бол аливаа зүйлд ханатай дүн тавьдаг ухаалаг шүүгчид. Хэдийгээр бүх бөхчүүд ингэж ёс жудаг, хууль журмыг зөрчөөгүй ч олон хүн тэдний дундаас хэрэг тариад байсан учраас ийнхүү нэр нь цөвтөх шалтгаан болсон нь дамжиггүй. Угаас монголчууд “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэж хэлэлцдэг улс. Гэтэл үндэсний бөхийн хэдэн “мангарууд” дээр сумогийн “бүтэхгүй” гарууд нэмэгдэв. Сонгинохайрхан дүүрэгт хэн гэдэг сумоч нэр дэвшиж, яаж “цүпаридсаныг” хэн ч мартаагүй байгаа.
Бөхчүүдийн нэр сэвтсэн ийм үед цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ улс төрд орж ирсэн нь өөрт нь халтай ч, бөхчүүдэд ээлтэй ажил болсон юм. Аварга маань их ч муу хэлүүлж, их ч басамжлуулж өнөөдрийн улс төрийн өндөрлөгт хүрсэн. Жинхэнэ Монгол эрийн ноён нуруу, холч ухааныг бид аваргаасаа зүлэг ногоон дэвжээнээс ч, их хурлын танхимаас ч харлаа. Оюутолгойгоо хамгаалж, уул усаа өмөөрч тэмцсэн аваргынхаа талд монголчууд бат зогсож байлаа. Тийм ч учраас Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин яваа аваргаа харах тусам “Монгол бөхийн босоо цагаан хийморь өөдөө” хэмээн ард түмэн уухайлсан. Энэ уухайн түрлэг бөхчүүдийн хийсэн бузар булай бүхнийг ариусган бүдгэрүүлж, мартагнуулахад хүргэжээ. Харин бөхчүүдийн маань жудаг сэргэсэн болов уу. Б.Бат-Эрдэнэ аваргынхаа биеийн бяраас илүүтэй ухааныг бярыг эрхэмлэсэн өнгөрөгч 14 жилийн тэмцлийг ухамсарласан болов уу.
Энэ бүхэнд хариулт өгөх хүн нь залуу аварга Д.Сумъяабазар. Тэр УИХ-д орж ирсэн гурав дахь бөх. Хөлдөө “хөө” чирсэн хоёр дахь бөх Кёкүшюзан Д.Батбаярын даанч жудаггүй орхиж явсан Сонгинохайрхан дүүргийн иргэдээс итгэл хүлээн сонгогдсон гишүүн. Түүнийг их хуралд нэр дэвшихэд “Тэнэг бөх, дүнхүү амьтан” гэж адалж байв. Үнэндээ нийгэм тэр чигээрээ дургүйлхсэн юм. Харин оновчтой менежмент, сайн Пи Ар-ын хүчээр гайхамшигтай амжилт үзүүлсэн гэдгийг улс төр судлаачид, ажиглагчид, хэвлэлийнхэн дүгнэдэг. Ямар сайндаа л сайтуудад орсон түүний талаарх муу мэдээ цаг ч хүрэхгүй “цавчуулж”, ТВ эфир, цахим ертөнц, сонины хуудаснаа аль өнгөтэй өөдтэй булан талбай нь Сумъяагийнх юм шиг “үйлчилж” байхав. Бүх нэр дэвшигчид нүдүүлж байхад Сумъяа магтуулж байлаа. Сонгуулийн өмнөх судалгаанд баян ходоод явсан түүнийг 10 жил Сонгинохайрханыг тойглосон Я.Эрхэмбаяртай арцалдан гарч ирж, дахин санал хураалтаар ялалт байгуулахад нь баярлахаасаа илүүтэй гайхах хүн олон байсан нь гашуун боловч үнэн. Ямартай ч сонгинохайрханы иргэд бөх хүнд дахин саналаа өгсөн. Тэдний итгэл, тэдний сонголт бол Д.Сумъяабазартай байгуулсан гэрээ юм. Гэрээгээ зөрчвөл, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй бол Д.Сумъяабазарыг тэд дахин Монголын улс төрд орж ирэхгүй болтол нь хөөж явуулна. Тэд үүнийгээ дэндүү сайн чадна. Яагаад гэвэл хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм. Түүнд өгсөн Сонгинохайрханы ард түмний санал бол “Бөхчүүдийн жудаг”-ийг шалгах сүүлчийн шалгалт байсан байж магад.
Д.Сумъяабазар өөрийнхөө улс төрийн карьераас илүүтэй өнөөдрийн алдар нэр, амжилт, эрх мэдэл, хөрөнгө чинээнд хүргэсэн Монгол бөхийн нэр хүндийг унагах эрхгүй нэгэн. Түүний араас олимпын аварга Н.Түвшинбаяр улс төрд хүч үзэхээр бэлтгэж буй бололтой. Ард түмэн ч ороод ирээсэй гэж хүсч байна. Энэ бол Б.Бат-Эрдэнэ аваргын дуслуулсан хөлс, дайчин тэмцлийн улбаа мөн. Харин Д.Сумъяабазар ямар байхаас цаашид зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулсан, олимпын тэнгэрт төрийнхөө далбайг мандуулсан, дэлхийн дайдад нэрээ мөнхөлсөн Монгол бөхчүүд, Монгол эрчүүд төрийн жолоог атгалцах уу, үгүй юу гэдгийг шийднэ. “Бөхчүүд жудагтай юу?” гэх энэ том асуултанд Д.Сумъяабазар аварга хэрхэн хариулах нь сонин байна?
URL:













