БЭЛТЭЙ БАЯНЫ ХҮҮГИЙН ЦУУТАЙ ХУРИМАН ДЭЭР ПОПЫН ОДОД ТҮНЖИН ХАГАРЧ САЛАМ НҮДЭЛЦСЭН ГЭНЭ ҮҮ!
Монголын толгой баячуудын жагсаалтанд МСS- ийн Ж. Оджаргал Номин холдингийн А. Шагдарсүрэн, Магнай трейдийн Б. Ганзориг, Нарантуулын Ш. Сайхансамбуу гишүүд гарцаагүй багтана. Тэд халамж хайр ихтэй сайн эцгүүд бололтой. Оджаргал гэхэд ууган охин Ануныхаа нэрийг үндэсний тавилга үйлдвэрлэлийн компанидаа өгсөн бол Сайхансамбуу гишүүн хүү, охин хоёрынхоо нэрийг холбож халхын хамгийн том захаа нэрлэсэн. Тэгвэл УИХ-ын экс гишүүн ачийнхаа нэрээр компаниа Номин хэмээн нэрлэж ,шатахуун тосны магнатын нэг Ганзориг компанидаа ууган хүүгийнхээ нэрийг хайрлажээ.
МТ буюу Магнай трейдийн босс Б. Ганзориг дөчин сая төгрөгийн үнэтэй жийп Бат-Эрдэнэ аваргад бэлэглэн бензин ханхалсан эр биш бэл нүнжиг шингэсэн өглөгч болохоо гайхуулж байв. Бэл бэнчин нь багтаж ядсан баяны хувьд ноён Ганзориг эхнэрийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэдэг бөгөөд асар үнэтэй алмаазан зүүсгэл гардуулж хүүхнүүдийн атааг хөдөлгөж, эрчүүдийн эгдүүг хүргэдэг нэгэн. Бас болоогүй авгайнхаа төрсөн өдөрт поп дива Сараа, Камертон хамтлагт сая сая төгрөг хаяж авчран ая дууны сюрприз барин уригдсан зочдоо хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах зооглохыг шахаж байсан, мөнгийг цаас шиг санадаг эр юм гэнэ лээ.
Эдүгээ түүний Магнай трейд компани Петровис, шунхлай, Сод Монгол, НИК гэсэн монополь компаниудтай ана мана зэрэгцдэг Монголын цөөхөн бензин шатахуун импортлогч компанийн нэгд тооцогддог юм.
Тэрбээр Магнай, Дашням, Содбаяр гэдэг тулгын гурван чулуу шиг чандмань гурван хөвгүүнтэй бөгөөд компаниа том хүүгийнхээ нэрээр нэрлэжээ. Ноён Ганзоригийн хүү Магнай уржнан намар ард түмний дунд ягаан Гажид нэрээр алдаршсан гавъяат жүжигчин Ц. Цэнд-Аюуш гуайн ач охин Дэнсмаатай нижгэр хуримласан билээ. Тэр хуриман дээр Монголын рок попын десант бууж, ээлж ээлжээр авчрахдаа лимузин тэргээр залсан гэнэ. Поп хатагтай Сараа, “Чингис хаан” хамтлагийн буржгар Жагаа,”Киви”, “Камертон”-ыхон эгээ л нэг улаан хивсний ёслолд ирж буй юм шиг морилсон гэдэг. 2009 онд болсон энэ хуриман дээр удаан хугацаанд тайзан дээр хамтдаа гаралгүй тарж бутарсан гэгдэж байсан “Камертон”-ы дөрвөл цугтаа гарч дуулан тараагүй гэдгээ харуулаад авсан юм. Магнай трейд компанийн үе залгамжлагч “ханхүү” Магнайн гэрлэлтийн ёслол эхлээд Хуримын ордонд болж дараа нь Баянгол рестораныг бүтэн өдөржин хаалгаж хуримын цайллага хийсэн төдийгүй ноён Ганзориг ёстой бэнчинтэй хөрөнгөтөн гэдгээ харуулж үдшийн party-гаа Камертоны Эбагийн Level Loung-д үргэлжлүүлэн цэнгэлджээ.
Энэ тансаг хуримын хамгийн гол сюрприз нь Ганзориг тэрбумтаны бэр Дэнсмаа анх удаа олонд хөл хүндтэйгээ зарласан явдал байв. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сархдад халамцсан попын оддын дуу чангарч Баянгол рестораны жорлон дотор гар зөрүүлээд авсан чимээ дуулдсан. Попын омогтой залуусын гар зөрүүлсний шалтгаан нь Ганзориг боссын бэрээс болсон гэлцэх. Цагтаа “S мюзик” хөгжмийн сувгийн хөтлөгч байсан үзэсгэлэнт Дэнсмаа бүсгүйд попын авъяаслаг залуусын нэг нь сэтгэл алдраад хойноос нь хормойгоо дэрвүүлээд гүйдэг байсан юм байх. Тэр “нууц”-ыг мэддэг нэг нь “Хайяа Абагайгаа алдсаан баа” гэж наргисан биш тоглоом нь шоглоом болж, жорлонг нурах дөхтөл зодолджээ. Тэр чимээнээр ноён Ганзориг ирж “Ууснаа шингээж чадахгүй бол зайлцгаа” гэж хөөсөн бололтой юм. Хэн нь ч юм “Дуулах гэж ирсэн биш хөөгдөж гардаг байна ш дээ” хэмээн хорон үг чулуудсан байна.
Тэгсэн Ганзориг боссын зан гэв гэнэтхэн засарч инээд алдан “Монгол эрчүүд зуу татаад ямар зүгээр байж чаддаг биш. Одоо сайхан эвлэрээд орж наргицгаа. Ахиж зодоон нүдээн хийж шуугиан тарих юм бол та нарт архи биш бензин уулгаж шийтгэнэ гэж мэдээрэй” гэсэнд түрүүхэн муудалцаад салам зодолдсон залуус тэр даруйдаа хөгжилдөн инээлдэж “Манай Ганзоо ах шиг нүнжигтэй эр халхын хонхорт ховор доо” гэлцсээр хуриманд эргэж оржээ. Магнай трейдийн ирээдүйн боссын энэ хуримыг хийхдээ Ганзориг бэлтэй хүний нүнжгээ илтгэж, Монголын хотгорт тэр болгон болоод байдаггүй нижгэр хурим хийж, ёстой нэг баян хүний зангараг, буянтай хүний ховорхон сайхан найр үүсгэсэн гэлцдэг юм билээ шүү.
URL:







