ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШВЭЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН ЭРХ МЭДЛЭЭ УИХ-ЫН ДАРГАД ШИЛЖҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭСЭН ДҮРМИЙГ ХЭН Ч БИЕЛҮҮЛЖ БАЙГААГҮЙ

Мажоритар ба пропорционал системийн алинаар нь сонгуулиа хийх тал дээр монголын хууль тогтоогчид ахиад л гацаж орхив. Дээрээс нь хоёр танхимтай болох тухай асуудал бүр нэрмээс болсон гэлцэж байна. Дарга нарын тоо 76 байсан бол хоёр танхим бий болсноор зуу гаруйд хүрэх тул эрх мэдэлд хорхойтой эрхмүүд ямба суудлаа алдана хэмээн айх нь мэдээж биз. Сонгууль яахав болдгоороо л болно. Гэвч энд шийдэхээс аргагүй нэг асуудал буйг хэн  ч тоосонгүй. Наад зах нь төрийн захиргааны албан хаагчид өөрсдөө нэр дэвшээгүй бол хэн нэгний сонгуулийн сурталчилгаанд оролцох ёсгүй билээ.

Хэрэв оролцвол “төрийн албаны тухай хууль”-ийг ноцтой зөрчиж байна гэсэн үг. Зөрчихгүй гэвэл албан ёсоор төрийн албанаас чөлөө хүсэх учиртай юм. Гэтэл бодит байдал дээр энэ нь төдийлэн хэрэгждэггүй.
Монгол улсын Ерөнхийлөгчийн алба хашиж буй хүн дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл түүний бүрэн эрх цуцлагдаж УИХ-ын даргад шилжих ёстой. Ер нь Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг нь хуулинд зааснаар үндэсний аюулгүй байдлыг хангах, төвийг сахих, нийтийн эрх ашгийн төлөө үйлчлэх явдал байдаг. Хэрэв төрийн тэргүүн гадаадад айлчлах юм бол түүнийг эзгүй байх хооронд бүрэн эрхийг нь мөн л УИХ-ын дарга хэрэгжүүлэх хуультай.  Билэггүй юм хэлж байна гэж бүү бодоорой. Ерөнхий сайд байхдаа С. Баяр удаан хугацаагаар ажил албанаасаа цалгардан эмчилгээ хийлгэж байхад түүний бүрэн эрхийг тэргүүн шадар сайд, гүйцэтгэх учиртай байсан ч энэ үүрэг Н. Алтанхуягт оногдоогүй. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болвол түүний бүрэн эрх нь УИХ-ын дарга Д. Дэмбэрэлд очно. Гэвч бодит байдал дээр энэ нь биелэгдэхгүй гэхэд болно.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үед төрийн тэргүүний албыг хашиж байсан Н. Энхбаярын бүрэн эрх нь УИХ-ын даргад шилжих ёстой байсан ч хэрэг дээрээ тийм зүйл болоогүй. Жишээ татъя.
Сонгуульд нэр дэвшээд компанит ажил нь ид явагдаж байхад ноён Н. Энхбаяр гахайн ханиадны талаар Улсын онцгой комиссын мэдээллийг өөрийн биеэр сонсож байсан. Зүй нь УИХ-ын дарга Д. Дэмбэрэл энэ ажлыг хийх ёстой байв. Мөн ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшсэн хугацаандаа ямар нэгэн зарлиг гаргах ёс байхгүй. Тэгвэл Энхбаяр баахан хүнийг бөөндөж шагнаад л явж байлаа. Уг нь сонгуулийн дүн гаран гартал төрийн албанаас хол байх учиртай. Тэгэхээр  хууль зөрчсөн учир тэрхүү гаргасан хууль ба зарлиг нь цуцлагдах ёстой юм.
2013 онд Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ахин нэр дэвшсэн тохиолдолд түүний бүрэн эрх нь УИХ-ын даргад шилжих ёстой. Энэ нөхцөл нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд хэн бүхэнд мөн л хамаарна. Гэтэл Монголд энэ хууль хэрэгждэггүй.
Зүй нь орлогч нартаа ажлаа шилжүүлэх ёстой байтал албаны тэргээ унаад жолоочоороо үйлчлүүлээд явдаг нь хуулийг зөрчиж буй явдал. Үүнээс үүдээд өндөр эрх мэдлээрээ сонгуулийн явцад нөлөөлж, тэнцвэргүй байдал, сонгуулийн хараатт бус шударга байдал үүсэхэд хүрэх магадлал бий. Нэг үгээр албан тушаалаа шууд ба дам байдлаар ашиглах нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Иймд төрийн өндөр алба хашиж буй хүн сонгуульд нэр дэвшихдээ албан ёсоор өөрийнхөө эрх ямбаас татгалзаж зөвхөн нэр дэвшигч гэсэн “албан тушаал”-тай байх ёстой. Үнэн хэрэгтээ манайхан УИХ-ын гишүүн тэр, Ерөнхий сайд тэр, ерөнхийлөгч тэр хэмээн хууль гажуудуулан цоллодог. Энэ байдал бүх сонгууль дээр ажиглагдсан. Хачирхалтай нь мөнөөх нэр дэвшигчид ч түүнийг анзаардаггүй. Нэг л том сайд яваад байдаг. Сонгуулийн үеэр мөнгө бэлэг тараах ёсгүй гэдэг ч энэ байдал хавтгайрдаг нь нууцгүй. Хууль зөрчсөн бол нэр дэвшигчийн эрх нь цуцлагдах ёстой атал хэрэгжсэн нь огт үгүй. Ядаж л хамгийн жижиг мэт санагдах иймэрхүү асуудлаа эхэлж цэгцлээд дараа нь сонгуулийн системийн тухайд ярилцах нь зөв бус уу. Ингээгүй тохиолдолд тариагаа тариагүй байж ургац хураах тухай ярихтай агаар нэг гэсэн үг билээ.
Ийм учраас УИХ-ын ч байна уу Ерөнхийлөгчийн сонгууль ч байна уу болж буй тохиолдолд Ерөнхийлөгчийн тамгын газар болон УИХ-ын тамгын алба төрийн өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх нь зүй юм. Нэг үгээр хэлэх юм бол тамгын газрын дарга нар нь боссдоо энэ хуулийн гаргалгааг сануулж тайлбарлаад сонгуулийн дүн гартал албан тушаалаасаа татгалзаж бүрэн эрхээ “орлогч”-доо эдлүүлэх ёстойг анхааруулах үүрэгтэй. Гэтэл тэд энэ үүргээ  биелүүлэх байтугай сонгуулийн  сурталчилгааны тэргүүн эгнээнд харайж явдаг билээ.
Тангараг өргөөд төрд үйлчилж, нийтийн эрх ашигт захирагдах ёстой хүмүүс өөрсдөө хуулиа мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэнэ гэдэг нь эцсийн дүндээ стандартын бус аргаар эрх мэдэл олж авахаас буцахгүйн бодит жишээ хэмээн ойлгохоос аргагүйд хүрнэ. Ядаж л эрхэм дээдсүүдийн дэргэд өндөр цалин хүртээд сууж байдаг хуулийн зөвлөхүүд нь сануулах ёстой шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих