Бусдаас шатахуун царайчлахгүй амьдрах сайхан цаг хэзээ бол?

Шатахуун импортлогч орны хувьд нийлүүлэлт удааширч, хомсдол үүсэв үү үгүй юу үнийн хөөрөгдөлд ордог зовлонг бид юу эс андах билээ.  ОХУ-аас орж ирэх шатахуун удааширснаас   улс үүцээ задалж, хувийн хэвш­лийнхэн “дарж” байна. Үнэндээ өнөөдрийн тухайд шатахууны хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хада­хааргүй  л юм

билээ.  Ха­рамсалтай нь төр, засгийн зовлон дээр хувийн хэвшлийнхэн “тоглолт” хийсэн хэрэг. Ийнхүү зохиомол хомсдол үүсгэж, бодит байдал дээр шатахууны үнийг нэмээд авлаа.  Энэ нь хувийн хэвшлийнхэнд ашиг тусаа өгсөн ч ард олны нуруун дээрх ачаа л улам нэмэгдэж буй хэрэг. Учир нь шатахууны үнэ хэлбэлзсэн тохиолдолд  бараа таваарын, тэр дундаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Өчигдрөөс нийтийн тээврийн тасалбарын үнэ 400 төгрөг боллоо. Энэ нь   Эх үрсийн баярын дараахан  иргэддээ барьсан “бэлэг” ч гэж хэлж болохоор. Үүнийг дагаад микро, такси үйлчилгээнийхэн  төлбөрөө нэмэх нь дамжиггүй.  Тэр тусмаа микроныхон  ний­тийн тээврийн үнэ нэмэгдэх сур­гаар нь  зорчих тээврийн үнээ нэмчихсэн. Хувийн үйл­чилгээний унаагаар зорчсон иргэд хичнээн эсэргүүцээд ч нэмэргүй л  дээ.
Төрийн түшээд Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдлын талаар ЭБЭХ-ний сайдаас эхлээд салбарын дарга нараас нь мэдээлэл сон­соод ч нийтийн тээврийн үйл­чилгээний төлбөрийг хэвээр үлдээж чадсангүй. Энэ  оны дө­рөвдүгээр сараас ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүссэнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад дотоодод борлуу­лах автобензины үнийг таван хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэг­дүүлэхийг зөвшөөрч, газрын тос­ны бүтээгдэхүүний экспортын татварын хэмжээг өмнөх сараас 44 хувиар нэмэгдүүлэн 408.3 ам.долл/тонн болгож 124,4 ам.доллараар нэмэгдүүлсэн шийдвэр гаргажээ. Үүний зэ­рэг­цээ гадаадад экспортлох газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг хязгаарлах арга хэмжээ авсан байна. Манайд газрын тос­ны бүтээгдэхүүн нийлүүлдэг “Роснефть” компанийн зүгээс ОХУ-ын дотоод нөхцөл, бай­далтай уялдуулан Монгол Улсад нийлүүлэх дизелийн түлшний хэмжээг дөрөв, тавдугаар сард ихээхэн хэмжээгээр хасчээ.   манай газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудад тав­дугаар сард 17 000 тонныг ол­гоод байгаа аж. Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ дунджаар 34000 орчим тонн байдаг. ОХУ-д шатахууны хомсдол үүссэнээс манай улсын иргэд,  аж ахуйн нэгжүүд дизель түлшийг нөөцлөх болсноос ди­зелийн түлшний эрэлт ог­цом нэмэгдсэн байна.  Иймд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаас ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Сергей Иванович Кудряшовт хандаж Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэгцээт хэмжээгээр тасалдал­гүй нийлүүлэх талаар арга хэм­жээ авахыг хүсч албан за­хиа хүргүүлжээ  Мөн ОХУ-ын “Роснефть” НХН-ийн Ерөн­хийлөгч Э.Ю. Худайнатовт,  хан­дан тавдугаар сард Монгол Улсад нийлүүлэх газ­рын тосны бүтээгдэхүүний хэм­жээг нэмэгдүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна.   Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотод очин холбогдох хүмүүстэй уулзсан бөгөөд уг уулзалтын үр дүнд “Роснефть” компаниас тавдугаар нэмж 8000 тонн дизелийн түлш олгохоо албан бичгээр мэдэгджээ. Гэвч уг бүтээгдэхүүн өнөөг хүртэл үйлдвэрээс ачигдаагүй байгаа юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын “ТНК-БП” компаниас 16 000 тонн дизель түлш нийлүүлэх бөгөөд улсын хилээс 5400 км холоос авч байгаа тул тээврийн зардал нэмэгдэж, хилийн үнэ 1250 ам.доллар/тонноор авахаар болжээ. Уг дизель  зур­гадугаар сарын 10-ны үеэр орж ирэх юм байна. Тиймээс  Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсч болзошгүй байгаа нөхцөл байдалд шат шатанд холбогдох зохицуулалтыг  хийж төр, орон нутгийн онц чухал ач холбогдолтой байгууллагуудын хэвийн ажиллагааг хангахад чиглэсэн  арга хэмжээг авч бай­гаа ажээ. Юуны түрүүнд улсын нөөцөөс 2050 тонн дизелийн түлш гаргаж төр, иргэний болон орон нутгийн онц чухал ач холбогдол бүхий хэрэглэгчдийг хангах ажлыг зохион байгуулж байна.  Газрын тосны бүтээгдэхүүн им­портлогч компаниуд ОХУ-ын “Роснефть” компаний Ангарскийн үйлдвэрээс өөр бусад ОХУ-ын “Саратов”, “Уфа”, БНХАУ зэрэг эх үүсвэрүүдээс харьцангуй өндөр үнээр  буюу 1250-1400 ам.долллараар  гэрээ хийгдэж байгаатай холбогдуулан автобензин, дизелийн түлшний хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлэх зорилгоор автобензин, дизелийн түлшинд гаалийн татварыг чөлөөлөөд байгаа юм.   Мөн дизелийн түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг өнгөрсөн сарын 25-ны өдрөөс чөлөөлжээ.  Шатахууны хомсдолын улмаас үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дулааны цахилгаан станцуудыг хангадгаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэх ажлыг 10 хоногийн хугацаагаар түр зогсоох зохи­цуулалтын арга хэмжээг авсан байна. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хэрэглэх ди­зелийн түлшний хуваарилалт, хэрэглээнд хатуу хяналт тавин, түлш хэмнэх талаар тодорхой арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга, ЗТБХБ-ын яамтай хамтран авчээ. ОХУ-ын “Рос­нефть” компаниас  энэ  сард Монгол Улсад нийлүүлэх А-80 автобензиний үнэ 118 ам.доллараар, АИ-92 123 ам.доллараар, дизелийн түлш 68 ам.доллараар тус тус нэмэгджээ.
Гадаадын улс орныг царайчлах бус өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа түргэвчилбэл    яасан юм бэ? Энэ талаар яам болоод холбогдох газрууд боловсруулах үйлдвэрийн тал дээр сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа гэнэ. Эхний ээлжинд Зүүнбаянд жилдээ 300 мянган тонн түлш, шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар холбогдох зөвшөөрлийг олгон бэлтгэл ажилдаа оржээ. Чойбалсанд 121 мянган тоннын чадалтай үйлдвэр барих бол, ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар Улаанбаатарын бүсэд 200 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэр барихаар болсон байна.  Дээрх ажлууд тун удахгүй  эхлэх бөгөөд үйлдвэрийн эхнийх 2012 оны сүүл, дараагийн хоёр нь 2013 он, 2014 оны эхээр ашиглалтад орох юм байна.  Дээрх  гурван үйлдвэр улсын нийт хэрэгцээний 70-80 хувийг хангах бололцоотой ажээ.  Чойбалсанд барих үйлдвэрийг барих ажлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр  гүйцэтгэж, тодорхой хувийг улс эзэмших саналыг ирэх Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхээр бэлтгэж байгаа аж. Нэг үйлдвэр барих зардал нь 38.3-53 сая ам.доллар бөгөөд зөвшөөрөл авсан компаниуд хөрөнгийн тал дээр асуудал үүсэхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм байна. Ийм хэмжээний түлш боловсруулах үйлдвэр бага оврынход тооцогддог бөгөөд бүтээгдэхүүний гарц 75-93 хувьтай байдаг аж.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн евро-3 стандартын тоног төхөөрөмжийг суурилуулах юм байна. Одоогоор газрын тосны хайгуул бүх нутагт хийгдэж байгаа ажээ.  Хэрвээ уг хайгуулаар ихээхэн хэмжээний нөөц тогтоогдвол  нэг тэрбум ам.долларын өртөгтэй том үйлдвэр барих асуудлыг ярилцах  юм байна. АНУ түлшний 500 хоногийн, Хятад 90 хоногийн Япон  зургаан сарын нөөцтэй байдаг  байна.  Харин манай улс Замын-Үүдэд барьж эхэлсэн 16 мянган метр куб багтаамжтай түлшний агуулах, ирэх оны төсөвт мөнгө нь суувал барьж эхлэх 60 мянган метр куб агуулах ашиглалтад орвол 30-40 хоногийн нөөцөө хадгалах боломжтой болох юм байна.
Шатахууны үнэ хэлбэлзэх төдийд ард иргэдээсээ эхлээд төр, засаг улсаараа санаа зовнин шийдвэрлэх алхмыг яаралтай хэрэгжүүлсээр ирлээ. Харин  дээрх төлөвлөгөөнөөс харахад шатахууны асуудал дээр бусдын хараат бус, сайхан амьдрах цаг  тун удахгүй ирэх нь ээ гэж  итгэл өвөрлөн суухаас даа.


URL:

Сэтгэгдэл бичих