Стросс-Каны тав тухыг алдагдуулсан зочид буудлынхан буруутай юу?

Нью-Йорк хотын дээд зэрэглэлийн зочид буудалд үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгагдан, шүүхээс олон жилийн хорих ял авч болзошгүй байгаа Олон улсын валютын сангийн экс тэргүүн Доминик Стросс-Кантай холбоотой хэрэг өнөө хэр нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ хэрэг болсны дараа Доминикийг “шар сэмжилсэн”-ээр нь дуудан шүүмжлэх нэгэн байхад, улс төрийн золиос болж байгаа гэж үзэгсэд ч олон байлаа. Олны таамаглаж буйгаар Доминикийн улс төрийн эртний өрсөлдөгч Николай Саркози түүнээс салахаар шийдсэн бололтой. Үүнд нь Америкийн тусгай албаныхан оролцож, үйлчлэгч бүсгүйг татан оролцуулан, цаашдын ажиллагаа нь бүгд төлөвлөгөөний дагуу явагдсан гэнэ. Ташрамд дуулгахад “Уолл Стреет Журнал”-ын бичсэнээр Стросс-Каныг хамгаалах шинэ сэжүүр гарч ирсэн бололтой. Учрыг тодруулахад хүчингийн хэрэгт өртөх шахсан гэх 32 настай үйлчлэгч бүсгүйн намтрыг нарийн судлах бөгөөд Гвинейгээс цагаачлан ирсэн энэ бүсгүй тийм ч “ариухан цагаахан амьтан” биш гэдэг нь тогтоогдвол Стросс-Каны хэрэг нааштайгаар эргэх бололтой. Ер нь Стросс-Каныг Франц болон АНУ дахь дайснууд нь устгах боломжтой гэж хүмүүс үзэж байгаа юм. Түүнийг тоглоомоос зайлуулах нь хэнд хэрэгтэй вэ? Энэ тухай Оросын Шинжлэх ухааны академийн Европын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сергей Федоров үзэл бодлоо хуваалцжээ.
-Францад Стросс-Каны нэр хүнд хэр өндөр байдаг вэ?
-Тэр бол удаа дараа сайд болж байсан, орчин үеийн Францын улс төр дэх хамгийн томоохон төлөөлөгч, социалист намын хүн юм. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол нэр дэвшигч байлаа. Саркозигийн нэр хүнд унаж байгаа энэ үед Доминик гарч ирэх магадлал өндөр байв. Түүний еврей гаралтай байх эсэх нь хамаагүй, Францчуудын хувьд угсаа гарлаас илүү тус улсад төрсөн байх нь хамгийн чухал үзүүлэлт байдаг.
-Түүнтэй холбоотой хэ­рэг Францын улс төрийн тал­барыг хэрхэн өөрчлөх бол?
-Одоо социалистууд Ерөнхийлөгчид нэр дэвших өөр хүнийг хайх хэрэгтэй боллоо. Стросс-Кан энэ хэрэгтэй холбогдсоноор улс төрийн карьер нь навс уналаа шүү дээ.
-Стросс-Каныг улс төрийн тавцангаас арчих нь хэнд ашигтай вэ? Энэ тохиолдолд “үгсэн хуйвалдааны онол”-ын талаар ярьж болох уу?
-ОУВС-гийн тэргүүнтэй холбоотой хэрэг захиалгатай байсан гэж баттай хэлж болохгүй. Гэхдээ ийм байх боломжтой. Түүнд дайснууд хангалттай олон байсан. Олон улсын санхүүгийн хүрээний төлөөлөгчид болох америкчуудад түүний үйлдэл таалагддаггүй байв. ОУВС-гийн тэргүүнээр ажиллаж байхдаа тус санг шинэчлэн, сүйрлийн ирмэг дээр байгаа Европын орнуудад зээл өгч байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байсан юм.
-Энэ хэрэг Саркозитай холбоотой гэсэн хувилбар гараад байгаа. Ер нь АНУ-ын хувьд Францын Ерөн­хийлөгчөөр эрс тэс аран­шинтай Стросс-Кан биш, Саркози байсан нь ашиг­тай юм шиг?
-Ийм хувилбар байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Саркози Стросс-Каныг зайлуулах талаар Обаматай тохиролцсон нь юу л бол. Саркози сонгуулийн үеэр түүнийг эхний шатанд л зайлуулчихаж чадах байсан. Магадгүй Стросс-Каныг төвийн намынхан холдуулахаар шийдсэн байж болох юм.
-Стросс-Каныг барив­чилс­наар Евро­пын холбоо болон ОУВС-гийн санхүүгийн тогтолцоонд сүйрэл авчирна гэж яригдаад байгаа?
-Энэ бол хэтрүүлэг. Мэдээж еврогийн ханш хэлбэлзэх магадлалтай. Гэхдээ Европын холбоо болон ОУВС бол иймэрхүү асуудлаас болж ганхахааргүй бат бэх бүтэц юм.

Тэр Ямар нэгэн ҮйлЧлэгЧ орж ирэхийг хҮлээгээд суух хҮн биш
Доминик Стросс Каныг улс төрийн золиос болсон байж магадгүй талаар олонтаа яригдаж байгаа. Энэ таамаглал үнэний хувьтай ч байж болох. Учир нь дээд зэрэглэлийн зочид буудалд зочны тав тухыг хангаж, саад болохгүй байх тал дээр сайтар анхаардаг. Гэтэл үйлчлэгч бүсгүй түүнийг байхгүй гэж хэлсэн, цэвэрлэгээ хийхээр орсон гэж мэдүүлж байгаа нь зочид буудлын ажилчдын хариуцлагагүйг харуулж байгаа мэт.
Түүний зэрэгцээ тусгай албаныхан буудлын үйлчлэг­чийг өөрсдийн зорилгод ашиг­ладаг гэх  зэрэг яриа олны дунд байдаг.
Энэ талаар “хүйтэн дайн”-ы жилүүдэд гадаадын томоохон төлөөлөгчид буудалладаг байсан Москвагийн дээд зэрэглэлийн нэгэн буудлын дарга асан, нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж хэрхэн хариулсныг сонирхуулья.
-Зөвлөлтийн үед дээд зэрэглэлийн буудлуудад зочдыг мөрдөх явдал гарч байсан уу?
-“Интурист”-д ажилд орох үед сэжиг бүхий хүмүүсийн талаар зайлшгүй мэдээлж байх үүрэгтэйг тохиролцсон байдаг. “Украина” зэрэг зочид буудлуудын коридорт 1980  оны олимпийн үеэр ажиглалтын камер суулгасан байлаа. Зочид буудлуудад өдөр бүр Улсыг аюулаас хамгаалах хорооны хариуцлагатай жижүүр ажиллаж, эргүүл хийн, ямар нэг юм болсон эсэхийг асуудаг байсан. Тэдний мэдээлэгчээр ямар хүмүүс ажилладаг байсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ ажиллагаа хаа сайгүй байдаг энгийн л зүйл.
-Стросс-Каныг байх үед үйлчлэгч өрөөнд нь орсон гээд байгаа. Ер нь үйлчлэгч зочныг байх үеэр өрөөнд нь орох боломжтой юу?
-Ийм зүйл огт байж таарахгүй. Давхар бүрт жижүүр байх ёстой, зочныг эзгүй хойгуур, тохиромжтой үед өрөөг цэвэрлүүлэхээр онгойлгож өгдөг юм. Жижүүрүүд зочин өрөөндөө байхад нь үйлчлэгчийг нэвтрүүлэхгүй байх тал дээр байнга хяналт тавьдаг. Гэхдээ баруунд бол өөр байдаг л даа.
-Ер нь ямархуу хүмүүс зочид буудал дахь тусгай албаны мэдээлэгчээр ажиллах боломжтой вэ?
-Биднийг ажиллаж байх үед ихэвчлэн ижил хүйстнүүд Улсын аюулаас хамгаалах хорооны мэдээлэгчээр ажилладаг байсан. Тэд баар, зоогийн газар, түүнчлэн дээд зэрэглэлийн буудлаар эргэлдэн, архиддаг байлаа. Хэдийгээр ЗСБНХУ-д ижил хүйстнийг эрүүгийн хуулиар шийтгэдэг байсан ч ямар ч тохиолдолд тэр мэдээлэгч ижил хүйстнүүдийг оролдохгүй байхыг хүн бүрт  үүрэг болгодог байсан юм. Энд бас биеэ үнэлэгчид хамаарна. Тухайн үед биеэ үнэлэгчид одоогийн гудамжинд зогсож байдаг шиг биш өндөр зэрэглэлийнх байлаа. Дээд боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй, маш соёлтой, боловсролтой хүмүүс байв. Одооны топ моделиуд шиг гайхалтай үзэсгэлэнтэй. Тэд цагдаа, улсын аюулаас хамгаалах хорооныхонтой холбоотой байсан юм. Тэгэхгүй бол дээд зэрэглэлийн буудлаар явж, чөлөөтэй “ажил”-аа хийж чадахгүй л дээ.
-ОУВС-гийн экс тэргүүнтэй холбоотой хэрэг гарсны дараа Нью-Йоркийн буудлын үйлчлэгчдийн хувцсыг сольж, өмд өмсүүлэхээр болсон гэнэ лээ. Урьд нь үйлчлэгчдийн хувцас ямар байсан юм бэ?
-Дэлхийн бараг ихэнх орны зочид буудлуудад хөвөн даавуун материалаар хийсэн урт болон өвдөгнөөс дээгүүр урттай өмд, мөн аж­лын цамц өмсдөг. Харин урьд нь дээд зэрэглэлийн буудал бүр өөрсдийн дүрэмт хувцастай байлаа.
-Стросс-Каны өрөөнд орсон үйлчлэгч бүсгүй тусгай албаны ажилтан байх магадлалтай юу?
-Байх магадлал маш өндөр. Хэрвээ тэр эмэгтэй тохиромжгүй цагаар өрөөнд орсон бол шалтгаан байгаа гэсэн үг. Эсвэл түүнийг тийш нь илгээсэн. Магадгүй ОУВС-гийн тэргүүн утсаар буудлын үйлчилгээ захиалж, зочид буудлын үйлчлэгчийг дуудсан байх магадлалтай. Түүн шиг зочин маш хүндтэйд тооцогдох тул өрөөндөө байх үед нь аль болох тав тухыг нь алдагдуулахгүй байхыг бүгд хичээдэг. Стросс-Кан бол өдрийн 3000 доллар төлөөд өрөөндөө суугаад, ямар нэгэн үйлчлэгч орж ирэхийг хүлээгээд суух хүн биш гэдэг нь илэрхий. Тэр тусмаа түүнийг өрөөндөө байхад нь үйлчлэгч орж ирээд угаалгын өрөөг нь цэвэрлэх гэж байдаг. Энэ бол ердөө инээдтэй хэрэг.


URL:

Сэтгэгдэл бичих