Японы эзэн хааны цомыг тав дахь Монгол хүн хүртэж, шинэхэн Ёкозуна төрөх нь тодорхой боллоо

Хүчирхэг Монголын эрчүүд арлын орныг шуугиулсаар байна. Учир нь мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Монголоос төрөх нь тодорхой болоод байна. Ингэснээр 68, 69, 70, 71 дэх гээд дөрвөн аварга цолтон Монгол хүн болон Японы мэргэжлийн сумогийн түүхэнд тодоос тодоор бичигдэн үлдэх болж байна.

Мөн Эзэн хааны цомыг тав дахь Монгол хүн авч байгаа гэдгээрээ энэ удаагийн барилдаан онцлог боллоо. Монгол Улсаас төрсөн их аваргуудаас гадна 20 жил сумо бөхөд амьдралаа зориулж, барилдсан МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгням уг барилдаанд төрүүлж байсан түүхтэй.

Тэгвэл энэ сарын Хару башёд  Какурю М.Ананд14 даваа нэг унаатайгаар түрүүллээ. Японы сумогийн холбооноос түүнийг энэ башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлсэн тохиолдолд Ёкозуна цол олгохоо амлаад байсан юм. Тэрбээр сумогийн холбооноос тавьсан нөхцлийг давуулан биелүүлсэн тул түүнд ёкозуна цолыг олгох нь дамжиггүй болоод байна. Өчигдрийн  барилдаанд Какурю М.Ананд  давснаар мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд анх удаа түрүүлж байгаа юм. Гэхдээ түүнд Ёкозуна цол өгөх эсэхийг Сумо бөхийн холбооны хурлаар шийдвэрлэх юм байна. Хурал ирэх сарын башёгоос өмнө зарлагдан хуралдах аж. Ямартай ч сумо бөхийн холбоо Ёкозуна болох болзлоо 100 хувь давуулан биелүүлсэн  манай бөхөд Мэргэжлийн сумогийн   71 дэх аварга гэсэн эрхэм цолыг өгөх нь  тодорхой болж байна.

Какурю М.Анандын хувьд 2001 оны 9 дүгээр сард Япон явж арваннэгдүгээр сараас нь барилдаж эхэлсэн түүхтэй. Тэрбээр анх сумод орсон талаараа “Д.Батбаяр, Н.Цэвэгням ах нарын барилдахыг зурагтаар анх хараад сүмо барилдмаар санагдах болсон. Тэр үед аавын нэг шавь Японоос сумогийн ном явуулсан юм. Би захиагаа аавынхаа сургуулийн япон хэлний багшаар орчуулуулаад тэр номон дээр байсан хоёр хаяг руу хоёулан руу нь явуулчихсан. Хаашаа явуулж байгаагаа ч мэдээгүй.
Тэр хоёр хаягийн нэг нь сэтгүүлчдийн холбооных байсан юм билээ. Тэндээс “Манайх сэтгүүлчдийн холбоо учраас сумотой ямар ч холбоогүй” гэсэн утгатай захиа ирсэн байсан. Харин нөгөөх нь “Изүцү” дэвжээнд очсон. Багшийн эхнэр хариу бичээд  би Япон явж байлаа” хэмээн дурсан ярьсан байдаг.

Ингээд мэргэжлийн сумогийн 71 дэх аваргын эрхэм цолыг удахгүй хүртэх Какурю М.Ананд нийт Монголынхоо ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих