Дарга нарын ажил нь “жиргэх” гэж үү

images18Сураггүй алга болоод олон хоногийн нүүр үзсэн Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг-777” онгоцыг эрлийн олон баг гарч хайж, хулгайлагдсан байж ч болох юм гэсэн сэжиг таамаг ч гараад байна.

Энэ цаг үед гадаадын зарим хэвлэл “тус онгоц радар, хяналтын систем гэх юмгүй, зэлүүд Монголд л буусан байх өөр газар, оронд бол боломжгүй” гэх маягийн юм ярьж муу л бол баруун талын хар овоохой гэгчээр эх орныг маань бас нэг муугийн жишээ болгон басамжилж иргэдийн дургүйцлийг төрүүлэв.

Монгол бол эр хүн бүр нь эх орны цэрэг байж тусгаар улсынхаа халдашгүй хил хязгаарыг манаж, хянаж байдаг онцлогтой улс. Манай албаныхан ч хариу барьж“тэр онгоц манай газар нутагт буугаагүй”-г хэлж ганц үг ганхийсэнгүй.

Гэтэл хариуцлагатай албаны хүн болох Зам тээврийн сайд А.Гансүх “Малайзын алга болсон онгоц Монголд нэвтрэхийн тулд Хятад дээгүүр ниснэ. Хятад улс хяналтын сайн системтэй. Мэдэхгүй өнгөрөөх боломжгүй” гэж даяар мэдээллийн сүлжээгээр жиргэж, тун ч хариуцлагагүй мэдээлэл хийжээ.

Улс орныг маань басамжилж, дорд үзсэн гадныхны үгийг хүлээн зөвшөөрсөн мэт нийтийн сүлжээнд түгээсэн түүний энэ мэдээлэл яагаад хариуцлагагүй болох тухай, ямар байх ёстой тухай энд нарийн тайлбарлах нь илүүц байх.

Харин “Монголчууд бүхний анхдагч, монгол нутагт хүн анх үүсч, монголчууд анх гал гаргаж, монголчууд анх цаасан мөнгө хэрэглэж байсан” бас “монголчууд юм сурахдаа амархан” болоод ч тэр үү бүгд л ухаалаг цахим болцгоож, Засгийн газрын “Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай” тогтоолыг манай бүдүүн дарга нар үл ойшоон ажлын цагаа “нийгмийн сүлжээ”-нд барж, “донтох”-доо урт хошуу хүзүү ороодгийг бодож байх ёстойг дахин сануулсан хэрэг боллоо.

Даяар мэдээллийн сүлжээ гэгч ньтомчууд жиргээндээ үүрэг хариуцлага, ам хэлээ эрх биш мэдэж байхгүй бол айхтар урт хошуутай ажээ.

Манай дарга нар төр засгаа удирдаж, ард түмнийхээ амьдрал ахуйг нь төвхнүүлэх үндсэн ажлаа чөлөө заваараа хийдэг юм уу хаашаа юм гэмээр цахим ертөнцөд л цэцэрхэж, “дагуулах” хэнээрхэлдээ автаж, цаг наргүй чалчиж, түүнийгээ ажил гэж эндүүрч сууцгаах болов. Бараг бүх дарга нар маань өдөр, шөнөгүй эх орныхоо төлөө эцтэлээ жиргэж байх шиг.

Л.Эрдэнэчимэг гэдэг төрийн түшээ эмэгтэй “Донсолгоо гаргадаг ухаалаг системтэй. Моторын хүчин чадал V8 боловч маш бага иддэг нь гайхалтай бенз. Холын замд 100-д 8 л бензин иддэг юм байна. Хот дотор 14 л юм байна бенз. Гарааш руу орохдоо скайнердаад өөрөө автомат удирдлагаараа орчихдог юм байна. Дандаа гараашаа мөргөдөг хүнд амар юм байна бенз. Замаа скайнерддаг юм байна бенз S500.Автомат удирдлага буюу жолоочгүй явах системтэй гэнээ бенз S500. Данхраад байдаггүй ээ, яагаад? гэсэн чинь дугуй солих шаардлага гардаггүй гэнэ бенз S500. 100%led гэрэлтэй гэнээ бенз S500. Машин авсан чинь запас дугуй алга, яагаад гэвэл дугуй нь хагардаггүй гэнэ бенз S500” гэж ирээд л сүлжээгээр үнэтэй, тансаг машин тэргээ сонгогч олондоо таниулан сайрхаж, тэднийгээ мэл гайхан шоконд ортол жиргэж байх жишээтэй.

Гэтэл хөрш Оросуудаас эхлээд “юм сурахдаа удаан” улсуудад бол их өөр, манай дарга нараас бараагүй хол хоцорчээ, бүр Ерөнхийлөгч Путин нь хүртэл “Уг нь охидууд маань зааж өгье гэдэг ч зав гарч компьютер сайн сурч амжихгүй л байна” гэж ярилцлага өгч байгаа юм даа. Том гүрний удирдагч байж манай томчуудаас жишээ, сургамж авч цахим ертөнц, нийгмийн сүлжээнд сав л хийвэл жиргэж, бүр тэнд ажиллаж, амьдарч сурмаар юм, юун завгүй энэ тэр вэ гэж ирээд л манайхан бол зад загнах биз. Харин тэнд бодит байдалийм л байна.

Хүүхэд залуус маань интернэтэд “амьдарч”, гэр орноосоо дайжиж, цахим донтолтоосоо болж сэтгэцийн эмнэлгийн хаалгыг хэдэн зуугаараа татан аюул гамшгийн хэмжээнд хүрч эцэг, эхчүүд аргаа баржзовлонд унахдаа хүрч байхад манай томчууд л нялхастайгаа адилхан нялхарч энэ төрлийн хоббигоороо тэдэнд буруу үлгэрүзүүлж байна гэчихвэл “ухаалаг бус” этгээдийн тоонд шууд орно байх.

Гэхдээ л түмний төлөө зүтгэх үүрэг хүлээсэн хирнээ ажлын цагаар энэ мэт хэрэгтэй хэрэггүй, хариуцлагатай, хариуцлагагүйгээр элдвийг жиргэж суудаг дарга нарт “төр, засгийн албанд интернэтийн зохистой хэрэглээг бий болгох”засгийн хууль, тогтоомж үйлчлэхгүй байгаагэргэн харж ажлаа хийдэг болгоё.

Засаг төр, иргэд сонгогчдоосоо эхлээд дарга нартаа санаа тавихгүй бол тэд маань жиргэсээр ядаж эрүүл мэндээрээ хохирчих вий, тэгээд ч тэдний ажил үүрэг нь жиргэж зугаацах биш баймаар сан.

 

Г.Андрей


URL:

Сэтгэгдэл бичих