Троллейбусанд сууцгаая

Монголчуудад бахархах юм их байна аа. Манай инженерүүдийн бүтээсэн дөрвөн шинэ троллейбус үйлчилгээнд гарлаа. Улаанбаатарт 1987 оноос энэ цахилгаан тэрэг явж эхэлсэн түүхтэй. Эхэн үедээ мөнгө хураагчгүй явж байсан санагдана. Үйлчилгээнд нэвтэрсний дараа нь “Тэнээд байдаг гээд тэнгэрээс хүлчихсэн Тэврэлдээд байдаг гээд кондукторыг нь халчихсан” гэсэн шог үг хүртэл гарч байж билээ.

Тухайн үед хойд хөршийг дуурайж зорчигсод өөрсдөө мөнгөө төлж үзсэн юм. Тухайн үед задгай мөнгө гүйлгээнд хэрэглэгдэж байсан болохоор боломж байсан хэрэг. Тэгээд манайхны мөнгө төлдөг нь цөөхөн байснаас алдагдалтай байсан гэж ярьдаг. Энэ цагт бол бүр ч мөнгө төлдөг хүн олдохгүй байх аа. Гэхдээ мөнгө нэхэж, нэхүүлж байдаг хоцрогдлоос салах цаг ирнэ биз ээ. Сүүлийн жилүүдэд “Цахилгаан тээвэр” компани дотоодынхоо хэд, хэдэн компанитай хамтран троллейбус үйлдвэрлээд дадчихжээ.

Гадаадад 400 мянган еврогийн үнэтэй байдаг энэ машиныг дотооддоо 100 сая төгрөгөнд багтаан үйлдвэрлэсэн гэх. Өнөөдөр манай нийслэлд шатахууны хомсдлын улмаас нийтийн тээврийн автобусны тоо цөөрөөд байгаа. Тэгээд ч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болох мөн зорчигчдыг хямд үнээр үйлчлэх боломжтой цахилгаан тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй гарч байна. Түүн дээр дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй.

Сүүлийн хэд хоног иргэд цахилгаан тэргээр зорчих нь ихсэв. Нийслэлчүүд билетийн үнэ хямд, тохитой болсныг харгалзан ийнхүү троллейбусыг шүтэх болсон хэрэг. Үүнийг нийслэлийн удирдлагууд дэмжиж байгаа нь сайшаалтай. Хэдэн жилийн өмнө Долоон буудал, Зуун айлын чиглэлээр троллейбус явдаг байсан билээ. Одоо энэ шугамыг нээвэл иргэдэд таатай боломж бүрдэх нь лавтай. Нэг хэсэг манай цахилгаан тэргүүд өвөл хүйтэн, хүн суухад тохь муутай байсан билээ.

Ямартаа л эмээтэйгээ троллейбусанд суусан охин ээждээ очоод “эмээ бид хоёр төмөр гараашид суусан” гэж хэлж байх вэ дээ. Одоо энэ байдал орхигдож автобуснаасаа илүү тохитой болжээ. Сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийгдэж хуучин муу тэрэг үйлчилгээнд гаргахыг зогсоосон нь зорчигсдын найдвартай унаа болж хувираад байна. Автобусанд өндөр үнээр сэгсчүүлэх бус ая тохитой амгалан зорчихыг хичээх нь зүйн хэрэг биз ээ.

Мөн хүн ам олноор суурьшсан алсын дүүргүүдэд троллейбусны шугам тавиасай билээ гэж иргэд хүсч байна. Ажиглаж байхад иргэд троллейбусанд сууя гэх болжээ. Өнөөдөр нийслэлийн төв гудамж болох Энхтайвны өргөн чөлөөгөөр ихэнх шугамын автобуснууд өрсөлдөн давхилдаж байна. Тэдний зарим шугамыг хотын захаар тойруулж төв замаар цахилгаан тэргээ явуулж байх зохицуулалт хийж болмоор.

Өнөөдрийн байдлаар ихэнх автобус хотын төвөөр бөглөрөл үүсгэж явдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан анзаарч байгаа нь лавтай. Цаашдаа метротой болоод ирвэл олон зуугаараа холхилдох энэ автобус цөөрөх нь тодорхой. Тэгээд ч дизель түлш хэрэглэдэг утаа ихээр ялгаруулдаг унааг дэлхий нийтээрээ хориглоод байгааг аль аль талдаа ойлгомоор. Өнөөдрийн манайд явж байгаа Солонгосоос оруулж автобуснууд тохь тух, загвар муутай ёстой л “өнгө нь зүгээр эд нь муу юм ” гэдэг шиг монголчууд баярлаад л авчихна билээ гэсэн байх даа.

Бид хотынхоо утааг багасгахыг бодвол Цахилгаан тээврээр үйлчлүүлэх хэрэгтэй болж байна. Энэ бол нийгмийн захиалга гэж хэлж болно. Засаж сэлбэчихсэн, хуучин загварын хэдэн автобусаар үйлчилгээ эрхэлдэг компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа мөнхийн гээд бодчихсон юм биш байгаа даа. Үнэн хэрэгтээ хөдөөнөөс ажил, амьдрал хайгаад хотод орж ирсэн хөдөөнийхөн л хот дотор автобусаар зорчиж байгаа шүү дээ. Төр засгаас орон нутгаа бүсчлэн хөгжүүлээд ирвэл нийслэл рүү нүүдэл үргэлжлээд байхгүй биз ээ. Өөрсдөө цахилгаан тээврээ үйлдвэрлээд чадаж байгаа юм чинь нийтийн тээврийн автобусанд нэг их шүтээд байхгүй л болох болов уу.

Н.Лхагва


URL:

Сэтгэгдэл бичих