БОАЖЯ-ны түшмэдүүд алдаа дутагдлаа ойлгохгүй нь
МҮХАҮТ-ын дэргэдэх “Сав баглаа боодлын зөвлөл”-ийн гишүүн аж ахуй нэгжүүдээс БОАЖЯ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ.
“Сав баглаа боодлын зөвлөл”-ийн гишүүн аж ахуй нэгжүүд нь импортоор полиэтилен, полипропилен, полиэтилентерафталат импортолж хүнсний сав баглаа боодол хийдэг байна. Тус түүхий эдүүдээр олон нийтийн өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглагддаг ундаа, ус, тарагны сав, бөглөө, мах ногоо, сүү талхны уут, шуудай, нэг удаагийн тариур зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Дээрх түүхий эдүүд химийн хорт болон аюулт бодис биш юм. Гэтэл БОАЖЯ-ны түшмэдүүд нь 2009 оны 11-р сарын 16- ны өдрийн БОАЖ-ын сайд, ГХ-ны сайдын хамтарсан 334/104 тоот тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх худалдах журам”, мөн оны 1-р сарын 5-ны өдрийн ЭМЯ, БОАЖЯ-ны хамтарсан тушаалаар баталсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 4-р хавсралт дахь жагсаалтанд ороогүй дээрх түүхий эдүүдэд тусгай зөвшөөрөл авахыг шаардсан төдийгүй хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгох болжээ.
Үүнийг дээрх аж ахуй нэгжүүд эсэргүүцэж хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардаж 2010 оны 3-р сарын 23- наас эхлэн БОАЖ-ын сайд Л.Гансүх, төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь нарт 6 удаагийн албан тоотоор хандаж хариу хүссэн боловч одоо болтол асуудал шийдэгдээгүй байна.
Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар “Химийн хорт болон аюултай бодисыг импортлоход 75 сая төгрөгийн хураамж төлөх болсноор сав баглаа, боодол үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрүүдэд дааж давашгүй хүндрэл үүсчээ.
Дээрх шалтгаануудын улмаас үндэсний үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуй нэгж түүхий эдээ хил, гаалиар оруулж чадахгүйн улмаас үйлдвэрүүд зогсож, 1000 гаруй ажилтан ажлын байраа алдахад хүрээд байна. Мөн аж ахуйн нэгжүүд олон сая төгрөгийн борлуултын орлогоо алдсанаас улсын төсөвт орох орлого ч төдий хэмжээгээр буурчээ.
Энэ хууль зөрчиж буй үйлдлүүд нь УИХ болон Засгийн газрын бодлого биш гэдгийг бид ойлгож байгаа бөгөөд гагцхүү БОАЖЯ -ны мэргэжил мэдлэг муутай, төрийн хуулийг зориудаар гуйвуулж буй мэргэжилтнүүдийн үйлдэл гэж үзэж байна.
Манай улсад химийн хорт болон аюултай бодисын тухай хууль байхаас биш химийн бодисын хууль гэж байдаггүй гэнэ.
Та бүхэнд энгийнээр ойлгуулахад химийн бодис дотроо химийн хорт болон аюултай бодис багтахаас биш химийн хорт болон аюултай бодис дотроо химийн бодис багтана гэсэн ойлголт байхгүй юм байна.
“Сав баглаа боодлын зөвлөл”-ийн гишүүн аж ахуй нэгжүүдийн төлөөлөгчид эцэст нь “БОАЖЯ-ны хууль зөрчиж буй үйлдлийг ерөнхий сайд С.Батболд болон жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн тэргүүн шадар сайд Э.Алтанхуяг та бүхэн анхааралдаа авч таслан зогсоохгүй бол тус яамны түшмэдүүд алдаа дутагдалаа ойлгохгүй нь” гэж мэдэгдлээ.
URL:












