Чин сүзэгт номун хан Лувсанноровшарав

75(2)Лувсанноровын Эрдэнэчимэг “Чин сүзэгт номун хан Лувсанноровшаравын Ордост зохиосон гүр дуунаас” бүтээлдээ “ ХҮIII зууны тэргүүн хагасын Монголын дуун урлахуй ухааны томоохон төлөөлөгч, уран сэтгэгч “Чин сүзэгт номун хан” өргөмжлөлт гэгээнтэн Лувсанноровшарав (1701-1768) нь буддын шашны хөгжимт утга зохиолын дуун урлахуйн гүн ухаан, түүний гүн увдисын мөн чанарыг шашин сүм хийдийн дуу хөгжмийн уран бүтээл, түүний Монгол хувилбарт тэмдэглэл, ая шүлэг сэтгэлгээ бясалгалын нийлэг зангилаагаар нүүдэлч Монголчуудын ахуй сэтгэлгээний өвөрмөц онцлогийг тусган гаргахыг эрмэлзсэн дуун урлах ухааны  нэрт төлөөлөгч бөгөөд долоон боть зохиолтой ажээ” хэмээн бичжээ.

Тэрээр цааш нь “…Номун хан Лувсанноровшарав нь Хуучны Сайн ноён хан аймаг, одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг болох тухайн үедээ “Чин сүзэгт номун ханы хүрээ хийд” хэмээн алдаршиж байсан, Халхын Засаг Шаарын хошуунд Энх Амгалангийн 40 он буюу 1701 онд төржээ.  Тэрээр бага наснаас лам болж шарын шажны ном номлолд нилээд сайн мэргэшсэн учир Өндөр гэгээн Жавзундамба хутагт түүнд “Эрдэнэ ноён цорж” хэмээх цол хэргэмээр шагнаж хутагт хувилгаадын зэргэд оруулсан байна” гээд “…Түүнээс хойш Лувсанноровшарав нь олны дотор хүндийг олж, нэр нь алдаршиж байсан учир Ордос их зуугийн чуулганы олон хошуудын засаг, тайж ардууд хүсэж түүнийг нутагтаа урин залж, багш болгон тахиглаж, гуч гаруй жил өнгөрсний дараа Найралт төвийн 10-р он буюу 1732 онд Ордос их зуугийн Хангин бэйсийн хошууны  нутагт тэдний засгуудтай эвсэж, “Шар зуу” хэмээх сүм байгуулж лам банди нарыг ном эрдэмд сурган хурал ном хуруулж байжээ…” гэжээ.

Тэнгэр тэтгэсний 10-р онд \1745\ Лувсанноровшарав нь Ордосын нутаг дахь “Шар зуу” хэмээх сүмээ орхин, Халхын нутагтаа эргэж ирээд Одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Ханхарын Өвөр Цагаан Цэцэрлэг хэмээх  голын тус газар сүм дуган  суварга хэд хэдийг бүтээжээ. Хэдэн жилийн дараа шавь нар ард нийтдээ 200 гаруй өрх болон  өргөжсөн байна.  Түүнчлэн Тэнгэр тэтгэсний 16-р он буюу 1751 онд хязгаар орныг тогтоож, зүүн этгээдийн туслагч жанжин Цэрэн, Лувсанноровшаравт “Халхын эрдэнэ ноён цоржийн шавь нар бүгдийг захирах тамга” хэмээсэн үг үсэг бүхий тамга олгож, Шанзодва байгуулжээ. Үүний дараа “Тэнгэр тэтгэсний 20-р он буюу 1755 онд Манжийн хаанаас Эрдэнэ ноён цорж Лувсанноровшаравыг Амарсанаагийн хутагт хүрээнд очиж, ном уншиж олныг тохинуултугай! хэмээн даалгаж, тусгайлан “Чин сүзэгт номун хан цол”-оор өргөмжлөн, тамгын үсэгт оруулан мөнгөөр цутгаж, Манж, Монгол, Төвд үсгээр сийлсэн тамгыг олгож, томоохон хутагт хувилгаадын зэрэг дэв олгож байжээ.

Тэр цагаас эхлэн Лувсанноровшарав нь тамга бүхий хутагт хувилгаан болж, хошууны эрхтэй болсон цагаас хойш, ардын хувьсалын үе (1924 он хүртэл) нийт  200-д жилийн дотор бүгд зургаан үеийн хувилгаан дүр зөвхөн  энэ газар оронд тодорч “Чин сүзэгт номун хан хутагтын шавь”  хэмээн шавь нарын албатыг захирч байсан байна” Эдгээр хутагт хувилгаадын талаар “Зарлигаар тогтоосон олон аймгийн хутагт хувилгаад нарын шастиp” дээрд доорд дэвтэрт тэмдэглэснээс иш татан, эрдэмтэн Я.Цэвэл өөрөө тэр нутгийн хүний хувьд Лувсанноровшаравын удаа дараагийн дүрүүд болон ялангуяа сүүлийн дүрүүдийн талаар тодорхой дэлгэрүүлэн бичжээ. Чин сүзэгт номун хан хутагтын зургаан дүр тодорсон гэж үздэг байна.

Анхдугаар дүр     Лувсанноровшарав   (1701-1768) нийт  68 ,

Хоёрдугаар дүр   Лувсандандарванчиг (1768-1827) нийт  59,

Гуравдугаар дүр  Бадамдорж                (1830-1882) нийт   52,

Дөрөвдүгээр дүр Лувсанданзан            (1884-1893) нийт    9,

Тавдугаар дүр      Цэдэнбалжир            (1896-1921) нийт   25,

Зургадугаар дүр Галсан-Ёндон         (1922-1967) нийт 45 насыг тус тус насалсан байна.

“Монголчуудын урлаг соёлын түүхэнд хүний оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр туурвигдан гарч ирсэн бүтээл бол бодол бясалгалын дуулал гүр дуу юм. Гүр дууг хуучны Сайн ноён Хан аймаг (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг) Чин сүзэгт номун ханы хүрээ хийдэд зун цагт буддын шашны номын найрт дуулж байжээ” хэмээн \Л.Эрдэнэчимэг\  үзжээ.

 

Мөн “…Гүр дууг зохион туурвигчид нь: тухайн үеийн эрдэм боловсролтой шашны зүтгэлтнүүд, лам хувраг, хувилгаад байсан ба ялангуяа “Эрдэнэ ноён цорж” хэмээх цол хэргэмээр шагнуулж, олны дотор хүндийг олж явсан Чин сүзэгт номун хан өргөмжлалт Лувсанноровшарав (1701-1768) болон түүний удаа дараагийн зургаан дүр хувилгаад юм. Одоогоор бидэнд гүр дууны бичгийн найман гар бичмэл дэвтэр олдоод байна…” гэсэн байна.

 

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг маш өргөн утгаар авч тайлбарласан явдал нь бидний анхаарлыг одоо ч татсан хэвээрээ. Гүр дууны шүлгийн агуулга дахь орчлон бол: зөвхөн одоо буй хүний амьд орчлон бус, хүний урд төрөл, хойд нас, ирээдүйд дахин төрөл авах буюу хүний оюун санаа, сүнсийн байх орчин гэхчлэн орчлон ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсыг орон зай, цаг хугацаа “өнгөрсөн-одоо-ирээдүй” гэсэн харьцаанд маш өргөн утгаар нь авч үзсэн байдаг.

 

Гүр дууг зохиогчид нь: орчлон ертөнцийн байдлыг сав, шим ертөнц, тэнгэрийн орон гэхчлэн орон зайн үүднээс хэд хичнээ ангилаад, түүнийхээ төвийг“эх дэлхий”- “хүний ертөнц хэмээн хүн бурхадтай шүтэлцүүлэн авч үзсэн байна. Өөрөөр хэлбэл гүр дууны агуулга дахь сав, шим ертөнц бол нэг талаас асар уудам, бүхэл бүтэн орчлон ертөнцийн тухай буюу монголчуудын оюун сэтгэлгээн дэх асар уудам орон зайн тухай ойлголт юм. Тэдгээрээс хамгийн дээд хэмээгдэх ертөнц бол “Тэнгэрийн орон” гээд түүнийг ч бас хэд хичнээн тэнгэрээр ангилан авч үзсэн шүлэглэл олон байна.

Гүр дууг зохион туурвигчид нь ертөнцийн үй олон юмс үзэгдлийг тайлбарлан таниулах үүднээс тэдгээрийг ямагт хүнтэй, хүн бурхадтай холбохоос гадна, хүний оюун ухааны хийсвэр сэтгэлгээний ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс үзэгдэл юмс тусгай нэр оноох, тэдгээрийг амьдчилан дүрслэх талаар нилээд анхаарсан нь ажиглагдаж байна.

Л.Эрдэнэчимэг  дээрх бүтээлдээ мөн “Одоогоор бидэнд Чин сүзэгт номун хан Лувсанноровшаравын  “Гүр дууны бичиг” нэртэй найман гар бичмэл бясалгалын дууны дэвтэр олдоод байна. Эдгээр дууны гар бичмэл дэвтэрт нийт 64-108 дуу орсон байх бөгөөд 2-р гар бичмэл дэвтрийн дотор ятга хөгжмийн үүслийн тухай  домог болон гүр дууг ятгаар хэрхэн хөгжимдөх тухай хөгжмийн ноот “рол-ег” ноот бичлэг орсон бол 4-р дэвтэрт 96 дууг нийт 40 бүлэг болгон бүлэг бүрийг нэгэн аялгуунд хамруулсан 36 зүйлийн  “ян-ег” ноот бичлэг оруулсан байгаа нь Монгол  дуу хөгжмийн түүхэнд шинэлэг зүйл болсон юм.” Номун хан Лувсанноровшарав  ба түүний дараагийн дүрүүд нь шашин сүм хийдийн номын найрт зориулсан Гүр дууг янз бүрийн газар орноор аялж явахдаа зохиосон талаар тэмдэглэсэн байна. Үүнд:

1742 онд 41 сүүдэр дээрээ Ордосын газар “Диваажингийн орон” , 1753 онд 52 сүүдэр дээрээ “Гадаад их далай”-г Бээжин Датун орох замд, “Ногоон Дарь эхийн залбирал”, “Цагаан дарь эхийн залбирал”, “Намрын саран”, “Мөнх бусын дурдатгал”, “Илбийн заан”, “Бурхны зохиол”, “Ламын ач” хэмээх дуунуудыг Ордос нутгаар аялж явахдаа зохиожээ. Үүнээс үзэхэд Чин сүзэгт номун хан Лувсанноровшаравын туурвисан гүр дууны агуулга, зохиомж болон түүний зохиогдсон газар орныг нягтлан үзэхэд маш өргөн орон зайг хамарч байгаа  юм.

“Бас дөчин нэгэн сүүдэр дээрээ Ордосын газар байгуулсан шинэ сүмд олон ноёд Ламын гэгээнтэнд тансаг мандал өргөн найр наадам бэлэглэн үйлдэн байх цагт Ламын гэгээнтэн бээр их хамаг амьтан Сухавадийн оронд төрөл авах болтугай хэмээн Авид бурхан ба Сухавадийн орны эрдмийг дурдаж “Диваажингийн орон” хэмээх нэгнийг шүлэглэчихүй” гэжээ.  Жич: шүлэгт “Их Сухавади” буюу “Сухавадийн орон” хэмээн гарчиглаж байгаа боловч тайлбар дотроо “Диваажингийн орон” хэмээх нэгнийг шүлэглэчихүй хэмээн бичсэн байна. Иймээс эл дууг “Сухавадийн орон” буюу “Диваажингийн орон” хэмээн нэрлэжээ.

Сэтгүүлч Ч.Долгорсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих