”Жад” харшилдах цагаар

MP900341383[1]Улс төрийн хүрээнийхний энэ хаврын “гоёл” хэний ч төсөөлж байгаагүй хэв загварыг үзүүлэв. АН-ын фракци бүр нэгдсэн удирдлагагүй, нэг эгнээнд зогсдоггүйгээ илтгэх мэт ганцаарчилсан тоглолтууд, цочир мэдэгдлүүдээ ээлж дараалан хийж байна. Эрх баригч хүчиндээ бол МҮДН фракцийг төлөөлдөг, харин УИХ-д намын бүлгээ даргалдаг Д.Эрдэнэбат гэхэд л өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн удаа ганцаарчилсан тоглолт хийж бусдынхаа дургүй хүргэв.
Тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу сайд нарын “Давхар дээл”-ийг тайлах эсэхийг сар шинийн өмнөхөн УИХ хэлэлцэх үед “Манай намын бүлэг энэ асуудлаар тав хоног завсарлага авлаа” гэж мэдэгдчихээд чуулганы танхимыг орхин гарсан.
Тэр ч атугай “УИХ-д суудалгүй жижиг намуудыг тараах хэрэгтэй” хэмээн огцом мэдэгдэл хийж БНН-ын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй нөхдөд “МАХН- ын тагнуул явсан нөхөр. АН-ыг байгуулж байх үед сураг ч үгүй явсан энэ хүн одоо юу яриад байна вэ” гэж хэлүүлэхдээ тулж байсан удаатай. Харин үүний хариуд УИХ дахь АН- ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өө, энэ жижиг намуудыг “унтаж” байхад нь сэрээчихлээ. Миний мэдэгдэл цагаа олсон юм биш үү” гэж хэлж, парламентад суудалгүйгээрээ эрх баригч хүчний гишүүнд өөнтөглүүлсэн нөхөд ч улс төрийн хэрүүлээ нэг их газар авахуулалгүйгээр намжаасан билээ.
Гэвч Д.Эрдэнэбат бас л хаширсангүй. Тэрбээр уржигдар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эдийн засгийг 100 хоногийн дотор сэргээж чадахгүй бол энэ Засгийн газрыг хэрхэхээ олонхи шийднэ. Хэрэв Н.Алтанхуяг тэргүүтэй нөхөд ажлаа сайн хийж, эдийн засгийн хүндрэлийг намжааж хүчрэхгүй бол гүйцэтгэх засаглалын бүтэц буруу байна гэж үзнэ” гэхмэтчилэн гоц мэдэгдлээ дахиад л хийчихэв. Түүний хэлсэн энэ үг яг одоо олны анхаарлыг ихээхэн татаад байна. Хамгийн сонирхолтой нь тэрбээр хэвлэлийнхэнд ийн хэлэхээ Н.Алтанхуяг даргатайгаа биш юм гэхэд АН- ынхантайгаа зөвшилцсөн болов уу. Ямартай ч эрх баригч хүчин дэх МҮДН фракцийн нэгэн төлөөлөл болох Д.Эрдэнэбат үе, үе ийнхүү цочир сонин мэдэгдлийг дур мэдэн хийдэг нь ердийн үзэгдэл болжээ.
АН дахь “Эрх баригч хүчин” бол Н.Алтанхуяг тэр гүүтэй “Алтангадас” фрак- цийнхан. Хэдийгээр “Женко” Х.Баттулга “Манай намыг зөвхөн “Алтангадас” фракциар төлөөлүүлэн ойлгож болохгүй” гэх утгатай зүйл ярьсан ч энэ намд хамгийн нөлөөтэй, мөнгөтэй нь “Гадасчууд” л байна. Өөрөөр хэлбэл, АН- ын чигийг “Алтангадас” заасан хэвээр байна. Нэг ёсондоо, тэд намаа ч, засгаа ч удирдаж байгаа нь үнэн. Гэтэл “Алтангадас” фракцийн нэгэн төлөөлөл “МАН-тай хамтарч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулах ёстой” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүн С.Баярцогт байв. Түүний энэ үг эрх баригчдыг сандаргаж “С.Баярцогтын хэлсэн үг бол хувь улстөрчийн байр суурь. Манай намтай огт хамаагүй” гэсэн утгатай мэдэгдэл гаргахад хүрсэн.
Гэвч АН дахь бусад фракцийнхан С.Баярцогтын хэлсэн үгийн талаар янз бүрийн байр суурьтай байна. Зарим нь “Энэ бол Н.Алтанхуягийн захиалга. “Зүгээр байхгүй бол хохь чинь шүү” гэж АН дахь сөргөлдөгч фракцийнхандаа өгсөн сануулга” гэж хардах болжээ. Үүний дараахан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Я.Содбаатар “Уучлал гуйвал Засгийн газарт хамтарч ажиллаж болохгүй гэх газаргүй” гэсэн утгатай үгийг хэвлэлээр дайв. Улс төрийн хүрээнд ид өрнөж байгаа энэ үйл явцаас дүгнэвэл, “МАНАН- ыг дахин байгуулах шаардлага гарч иржээ” гэж ойлгож болохоор байна. Гэхдээ МАН-ын шийдвэр гаргах түвшнийхэн “Засгийн газарт орж ажиллахгүй” гэдгээ хатуу мэдэгдсэн. Хэдийгээр АН-ынхан УИХ-ын 2012 оны сонгуулийг угтан хамтарсан Засгийн газраас гарч байсан түүхтэй ч МАН-ынхан яг одоо эрх баригч хүчнийхний “Хутгасан бантан”-аас гэнэ алдаж хүртэх тэнэгүүд биш билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн тогтоол гаргаж, холбогдох байнгын хороо нь Х.Баттулгыг сайдын албанаас чөлөөлөх эсэхийг өчигдөр хэлэлцээд дэмжчихлээ. Ингэснээр Н.Алтанхуяг Х.Баттулгатай эвдрэлцэж байгаа хэрэг биш. Харин ч дараагийн кандидат нь Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын хэн, хэнийх нь сэтгэлд нийцэж бүрэн утгаараа тохиролцоонд хүрч чадсаных юм шүү дээ. Тэр нь “Кроун” фракцийн Д.Нямхүү бөгөөд “УИХ-ын 2012 оны сонгуульд Увсад нэр дэвшин ялагдчихаад байхад аварсангүй” гэж намын даргадаа “Агсам” тавьж, бизнесийн түнш Х.Баттулгадаа “Тангараг” өргөх шахаж байж ийм тохиролцоонд хүрчээ. Үнэхээр ч түүнийг сүүлийн үед Н.Алтанхуягтай биш, Х.Баттулгатай илүү ойр байх болсон тгэх юм билээ.
Хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээлэл гэвэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ-ны партизануудтай энэ сарын 12-нд уулзсан. Харин тэд хоорондоо юун талаар ярилцав гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Үнэхээр ч “АН-аас албан тушаалын “бялуу” хараахан хүртээгүй Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам ССАЖ-ын сайд болох” нь гэсэн мэдээлэл дуулдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “явуулах”-аар зэхэх энэ мөчид Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт тэргүүтэнтэй Төрийн тэргүүн яах гэж дотносон уулзах болов гэдэг нь сонирхолтой биш гэж үү.
Ямар ч байсан Ц.Элбэгдорж Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нарт сайн санаж, тулж түшиж, “бялуу” хүртээж явсан үеэ үдэж дараагийн үеийнхэнд таалагдаж, тал тохой татах цаг нь ирснийх юм уу даа. Ийнхүү “Ардчиллынхан” гэдэг их айлын голомтыг сахиж суусан улстөрчид өөр, өөрийн фракцийг зохион байгуулалтад оруулж, том толгой гаргасан зоримог мэдэгдлүүдийг хийхийн цаана сөрөг хүчнийхэн хийгээд эдүгээ хамтарч буй “Шударга ёс” эвслийнхэнд боломж гарган өгөхвий” гэж АН-ын жирийн гишүүд, дэмжигчид эмээж байна. Нөгөөтэйгүүр “АН-ынхан засгийн эрх барихаараа заавал донсолгоо үүс гэдэг” гэх шүүмжлэл одоо ч үргэлжилж байгаа нь тэднийг бухимдуулж байгаа нь тодорхой.
Тун удахгүй АН-ын жирийн гишүүд, дэмжигчид зохион байгуулалтад орж намынх нь нэр хүндийг унагааж буй удирдлагуудаа, эсвэл дур мэдэн ганцаарчилсан тоглолт хийж буй “Том толгойтой” улстөрчдөө, зөрчилтэй фрак циудаа эсэргүүцэн жагс вал гайхах зүйл огт алга. Маргааш эрх баригч хүчнийхнээс хэн нь хэнийхээ эсрэг “жад” шидэхийг ч бас таашгүй нь. Харин тэд ийнхүү нэг нэгэнтэйгээ “Жад” харшилдуулан зөрчилдөх тусам АН-ын нэр хүндийг дахин сэргээхэд хэцүү болох нь дамжиггүй.

URL:

Сэтгэгдэл бичих