Амь тариа

алтанхуягАмь тариа Гарах гарцгүй болж буланд шахагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” хэмээх аян өрнүүлж, амь тариа залгуулав. Тодруулбал, Н.Алтанхуяг зуны гурван сарыг Ерөнхий сайдынхаа суудалтай тухалж өнгөрөөхөөр арга хэмжээ авсан нь энэ. Ядахад л улсын баяр наадмаар хүндэт асрын өмнө заларч, хичээлийн шинэ жилийн нээлтээр үг хэлэх хүртэл настай болж байгаа хэрэг. Түүнээс биш 100 хоногт сэргэх эдийн засаг гэж юу ч байлаа, сэргээж өөд нь татдаг Засгийн газар ч гэж хаа байлаа.

“Сүх далайтал үхэр амар” гэгчээр 100 хоногт улстөрийн байдлыг аль нэг тийш эргүүлэх арга зам хайхаас эдийн засагт тэгтлээ санаа тавихгүй л болов уу. Санаа зовж ирсэн бол өнөөдийн энэ байдалд хүрэхгүй л байв. Энэ 100 хоногт амжуулаад Х.Баттулга их улстөрийг хөдөлгөчихгүй бол намрын эхэн сарыг үзэх магадлал өндөр байгаа юм. Н.Алтанхуягтай засгийн гаднаас тооцоо бодохоор “давхар дээл”-ээ тайлсан Х.Баттулгын хувьд АН-ын ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёрыг цуглуулъя гэвэл дөнгөж л таарна. Хэрвээ ҮЗХ хуралдлаа бол Ерөнхий сайд буухаас өөр ямар ч аргагүй. 100 хоногийн амь тариа ч энд үйлчлэхгүй, дууслаа гэсэн үг.

Нөгөө талаас УИХ дахь улстөрийн бүлэглэл фракцууд ч үүнд ташуур өгч таарна. Н.Алтанхуягийн амь тарианы төсөлд 23 асуудал бий. Гэхдээ үндсэн дөрвөн чиг үүргийн асуудал бий.

Нэгдүгээрт, өнөөдөр үүссэн байгаа эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжээ дэмжиж, татварын таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр Их хурал, Засгийн газар ажиллах ёстой. Мөнгө санхүүгийн бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэв. “Давхар дээл” тайлаагүй цагт Засгийн газар, УИХ нэгдсэн байр сууринд очихгүй ч амь тарианы эхний хэсэгт ийм зүйл бий.

Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болж буй хүнд суртлыг багасгах чиглэлээр дорвитой ажил хийх шаардлагатай. Ялангуяа бизнес эрхлэгчид учирдаг давхардсан хяналт шалгалтынг зогсоох талаар тодорхой чиглэлд Засгийн газрыг ажиллуулахаар тусгасан байна.

“Шинэчлэгчид” байгуулагдсан цагаасаа хойш өөрсдөө ийм төрийг бий болгосон. Гэтэл өөрсдөө үүнийгээ өнөөдөр хүнд суртал арилгах тухай ярьж суугаа нь ёстой л амь тариа төдий зүйл.

Гуравдугаарт, манай улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 70-80 орчим хувь нь эрдэс баялгийн салбарыг зорьдог. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчинг хөрөнгө оруулагчдад илүү таатай болгох, төрийн оролцоог хумих чиглэлээр ажиллах шаардлагатай. Мөн л “шинэчлэгчид” өөрсдөө гаднын хөрөнгө оруулагчдыг үргээсэн.

Дөрөвдүгээрт, хөгжлийн бодлого, төсөв зээлийн бодлоготой холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгч, Өрийн удирдлагын тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг яаравчлан боловсруулж батлуулах ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ. Уг нь эрх баригчид 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө үүнийг ярьж л байсан. Гэтэл Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихсон хойно ярьж л сууна. Ийм л амь тариаг боловсруулж, тавиад буй.

А.Гал

URL:

Сэтгэгдэл бичих