Хатан Туул маань бохирын гол болоо юу даа

Арваадхан жилийн өмнө Туул гол маань цэнгэг тунгалагаараа алдартай байсан. Усны түвшин ч их байлаа. Гэтэл сүүлийн үед Туул гол улам л нарийсаж, усны түвшин ч эрс багассаар байна. Цэвэр цэнгэг гэгддэг байсан Туул голын бохирдол хэрээс хэтэрчээ.

Туул гол нь Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт сумыг дайрдаг. Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голоо тухайн сумын малчдын 90 гаруй хувь нь бараадаж амьдардаг юм. Зөвхөн Алтанбулагийнх ч биш Аргалант, Баянхангай, Дундговийн малчин өрхүүд зунжиж, намаржиж Туулаас малаа усалж, өөрсдөө ч ундандаа хэрэглэдэг.

Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт очоод л харахад Туул голын ус үнэхээр их бохирдсон байгаа нь харагдана. Зөвхөн харагдах бус бүр өмхий үнэр ч хамар цоргиод авсан юм. Тухайлбал, ахуйн хэмжээний бохирдол 15-20, харин химийн, хромын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 30 дахин их болсон гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэжээ.

Энэ хавийн уснаас уусан малын хээл их хаягдаж, гарсан үр төл нь нэг нүдтэй, үсгүй, үегүй мөчгүй тугал ч гарсан гэж нутгийн иргэд ярьж байна. Ойр хавьд нь удаан байхын аргагүй хамар цоргисон эхүүн, өмхий үнэр ханхална. Энэ нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй гэж албаны хүн хэллээ.

Туул голд 11 төрлийн загас жараахай амьдардаг гэсэн судалгаа байдаг. Гэтэл Алтанбулаг сумын хавийн Туул голд ямарч загас жараахай байхгүй. Төв цэвэрлэх байгууламжаас гардаг химийн хорт бодистой бохир ус өмхий ханхлуулсаар Туул голд нийлж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул голд нийлдэг хэсгээс цааш цэнгэг усны амьд биетүүд устаж үгүй болж байна.

Туул гол зөвхөн бохир усанд амьдрах чадвартай өт хорхойгоор дүүрчээ. Туул голын эрэг хавийн айл өрх ундны цэвэр уснаа сумын төвөөсөө татаж хэрэглэдэг. Харин мал нь уугаад түүний сүү, махыг идсэн хүмүүсийн гэдэс нь өвдөж хямарцгаадаг байна.

Төв аймгийн зүгээс энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна гэж аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга ярьж байв. Иймээс Туул голын ай савд аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй байх, ялангуяа элс хайрга авч ашиглахыг бүрэн зогсоох, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйлдвэр ААН газрууд анхан шатны цэвэрлэгээ хийх байгууламжтай болох, хаягдал усаа нийлүүлдэг бохир ус цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, түүнчлэн шаардлагын түвшинд хүртэл цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж барих нь зүйтэй гэж холбогдох албаныхан үзэж байна.

Энэхүү Туул голын бохирдол нь төв аймгийнханд хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. Голоо даган зунжиж, намарждаг малчин өрхүүд энэ байдалд анхаарлаа хандуулахыг төр засгаасаа хүсэж байна.

Г.Хишигсүрэн http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих