Ардчилалд суралцаагүй Ардын намынхан ичиг ичиг

Андуураагүй бол МАН-ынхан саяхан “Х” үсгээ авч хаяад л чухам хиргүй тунгалаг боллоо, нийгмийн ардчилсан чиг баримжаатай гээд бужигнаж байсан санагдах юм. Тэр ч бүү хэл тэдний индэр дээрээс хэлж, хашгирч байсан үгс хүмүүсийн чихэнд одоо ч сонсогдож байгаа байх. Гэтэл өнөөх “Хуучин муу малгайгаа сольсноос хуучин муу толгойгоо сольсонгүй” гэдэг шиг яг хэвээрээ байгааг харуулсан явдал болов. Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны даргын суудалд очих гэсэн бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалт сонин хэвлэлийн хуудаснаа үзэгдэж, даргын суудал хүссэн бүсгүйчүүд богинохон ч гэсэн хугацаанд чамгүй хөрөнгө хүч зарж, сонголт хүлээсэн ч талаар өнгөрөв. Ажил хэрэгч бүсгүйчүүд ардчилсан зарчмаар удирдах сонгуульд оролцоод улс орондоо биш юм гэхэд хэдэн эмэгтэйчүүддээ хэрэгтэй зүйл хийхийг хүссэн байхыг үгүйсгэхгүй. Магадгүй өнөөдөр итгэл үнэмшлээрээ энэ намд нэгдсэн олон бүсгүйчүүдийн урам хугарсан явдал болов. Улстөрчдийн энэ түрэмгий, увайгүй, дээрэлхүү зан олон эмэгтэйчүүдийг эгнээнээсээ явуулчихав уу даа.
Үүнийг бас Ардчилсан намд хаяглаж хэлэхэд илүүдэхгүй. Эднийхэн бас л хүчээр шахам, бодлого хэмээн Ц.Оюунгэрэлийг эмэгтэйчүүдийн холбооны дарга болгосон биз дээ.
Аливаа байгууллагын даргыг бүү хэл нэг ажилчнаа сонгоход хамт олноос ч юм уу, тодорхой шалгуураар сонгох ардчилсан зарчим лав манай ууган намынханд алга. Учир нь өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАЭХ-ны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилчихов. Бүр бодлогоор хэмээн 100 хувийн саналаар томилсон байгаа юм даа. Тэгээд өнөөдөр болох эмэгтэйчүүдийн чуулганаар баталгаажуулах юм гэсэн. Ёстой ардчилалд суралцаагүй Ардын намынхан ичиг ичиг. Улс төрийн ч бай, төрийн бус ч бай байгууллага хэнийгээ дарга болгох нь бидэнд хамаагүй ч өнөөх л ардчилсан зарчим алдагдаж, процедурын алдаагаа давтсаар ардчиллыг улам нухчин дарах гэсэн хандлага хуучин “хувьсгалт” намд өдий хүртэл хадгалаастай байгааг тод харууллаа. Өөрөөр хэлбэл ардчилал хөгжүүлэх гэж зүтгэж яваа нийгмээ басамжилсан хэрэг болов. Уг нь тэд хуучнаа мартаад ардчилсан ёс зүй, түүнчлэн жендерийн асуудал ярьж байдаг ч энэхүү сонголтыг хийхдээ НАЭХ-ны чуулганыг ч хүлээсэнгүй, шууд намын Удирдах зөвлөлийн хурлаар Д.Оюунхоролыг даргаар сонголоо. Мэдээж НАЭХ МАН-д харьяалагдах байгууллага мөн ч яахаараа намын Удирдах зөвлөлөөр даргын асуудлыг хэлэлцэн сонгодог билээ. Хамгийн гол нь тэнд НАЭХ-т төлөөлөөд байх эмэгтэй ганц нэг л байдаг байх. Гэтэл юуны учир, ямар зарчмаар НАЭХ-ны даргыг намын Удирдах зөвлөлөөс сонгодог билээ гэж гайхах хүн маш олон байна, ялангуяа хүүхнүүд. Энэ намын үзэл баримтлалд итгэж, өөрсдийнхөө итгэл үнэмшлийг зориулж яваа мянга мянган эмэгтэйчүүдийн эрхийг ийнхүү хөсөрдүүлэв. Ийм л сонголт, үйл ажиллагаа хүлээж байсан бол энэ байгууллага байх хэрэг ч байсангүй. Д.Оюунхорол гишүүн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар УИХ дээр дуугардаг гол хүн. Энд Д.Оюунхорол гэдэг эмэгтэйг даргаар сонгосонд бус Удирдах зөвлөлийн эрэгтэйчүүд ардчилалгүйгээр эмэгтэйчүүдийн даргыг сонгосонд тус намын төдийгүй улстөрч эмэгтэйчүүд тун их дургүйцэж байна.

Улс төрийн эрхэнд байх гэсэн ах намынхан сонгууль дөхөх тусам “гуулиа цухуйлгаж” байгаагийн нэг илрэл энэ биз ээ. Ардчилсан хувьсгал ялаад 20 гаруй жил болчихсон улсын төр барилцаж байгаа нэг нам ийнхүү аяглаж байхад нийгэм энэ зэргийн үймээнтэй байх нь түмэн зөв. Энэ намын нэр өдрөөс өдөрт унаж байгаа. Гэтэл энэ мэт мулгуу үйл хийж байгаа нь улам ч нэр нүүргүй болгосоор байна.

Т.Наран
Эх Сурвалж: MEDEE.mn


URL:

Сэтгэгдэл бичих