Баянчандманийн цагдаа нар шахааны бизнес хийсэн үү
Төв аймгийн Баянчандмань сум бол Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтийг чиглэж байгаа бүх тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг, хамгийн их огцом эргэлттэй замтай учраас зорчигч тээврийн хөл хөдөлгөөн ихтэй. Мөн зам тээврийн ослоор хүний амь эрсдэх нь ч элбэг байдаг. Мэдээж үүнд замын эвдрэл тодорхой хэмжээгээр нөлөөлөх ч дийлэнх осол аваар нь жолооч нарын хууль дүрмээ биелүүлдэггүй хариуцлагагүй байдал, анхаарал сулаас болдог байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Замын хөдөлгөөний дүрмэнд байгаа техникийн бүрэн бүтэн байдал. Энэ бол гэрлэн дохио, машины шил, толь огт биш. Энгийн хэрнээ хамгийн хэрэгтэй зүйл. Ослын зогсолтын тэмдэг, галын хор, эмийн сан гэхээр энүүгээр яадгийн гэж бодож байгаа байх. Учир нь орон нутгийн замд явж байгаа тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь ослын зогсолтын тэмдэггүй явснаас дугуй хагарах, машин эвдрэх зэргээр замдаа саатахад харанхуйд араас нь машин орж амь насаараа хохирох явдал гардаг аж. Холын замд гал гарах, бэртэх шархдах гээд юу ч тохиолдож болно. Гагцхүү энэ үед танд галын хор, эмийн сан зайлшгүй хэрэгтэй.
Баянчандмань сумын цагдаагийнхан ослоос урьдчилан сэргийлэхийн тулд суурин газраас хол явж байгаа жолоочдод дөхөм болох үүднээс “Дельта авто сервис”-тэй хамтран Замын цагдаагийн хэлтсийнхээ хажууд “Авто үйлчилгээний төв”-ийг хоёр жилийн өмнөөс ажиллуулж эхэлсэн. Гэтэл замын жолооч нар цагдаагийнхан шахааны бизнес хийж байна, зэлүүд газар ТҮЦ ажиллуулсан зэргээр хэл ам таталсаар байгаад болиулсан. Одоогоос сарын өмнө ийм хэл ам гарч баалсны үр дүнд ослын зогсолтын тэмдэг, галын хор, эмийн сан зарахыг болиулсан юм. Мөн тухайн үед дамын наймаачид чанаргүй тууз зарж жолоочдыг хохироосон явдал их гарсан. Мэдээж хэн нэгэн бизнес хийж байгаа нь үнэн. Гэхдээ бидний амь нас, эрүүл мэндийн төлөө бизнес хийж байгаа бол өөрөөр харах хэрэгтэй. Харанхуй шөнө ослын тэмдэггүй машины араас орж амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байснаас таван цаас гаргаад ослын тэмдэг аваад тавьчих юм бол өөрт ч өрөөлд ч хэрэгтэй байх. Ослын зогсолтын гурвалжин тэмдгийг тээврийн хэрэгсэл саатсан үед 30 метрийн зайд байрлуулах ёстой байдаг аж. Том оврын тээврийн хэрэгсэлд 500 метр газар ойх чадвартай гэрлийн туузыг наадаг байна. Энэ талаар тус аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдлын байцаагч, цагдаагийн ахмад О.Халиун ингэж ярьсан юм. “Ард иргэдтэйгээ ойртож ажиллах, мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслүүдийг ослын зогсолтын тэмдэг, галын хор, эмийн сантай байх шаардлага тавьсан. Зөрчлийг газар дээр нь арилгуулахын тулд “Авто үйлчилгээний төв” ажиллуулж байсан. Энэ хугацаанд ослын тоо мэдэгдэхүйц буурсан. Үргэлжлүүлээд хэрэгжүүлэх юм бол үр дүнтэй юм билээ. Орон нутгийн хүн тээврийн машинд Авто тээврийн үндэсний төвөөс байршил тогтоогч суурилуулж өгсөн нь хурд хэтрүүлж осол их гардгийг бууруулж байна. Түүнчлэн хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор өнгөрсөн сараас энэ сарын 15-ны хооронд Авто тээврийн үндэсний төвтэй хамтраад “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа. ” гэсэн юм.


С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:













