“Одоохон” гэсэн мессежний ард юу нуугдана вэ

22АПУ компанийн “Ариун алтан тэвш” гэрээт борлуулалтын дэлгүүрийг ажиллуулдаг Б.Алтанхуяг энэ сарын 15-ны өдрөөс “УНК 29-83” улсын дугаартай микробус машиндаа 7-8 сая төгрөгийн бараатай алга болсон гэх мэдээлэл гарсан. Дэлгүүрээ ажиллуулахаас гадна давхар АПУ ХК-ийн бүтээгдэхүүний борлуулалт хийдэг байсан тул ар гэрийнхний хэлснээр, биедээ дөрөв орчим сая төгрөгтэй явсан гэнэ.

Цагдаагийн газраас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн бүх талаар нь шалгаж эхэлжээ. Тухайлбал ЦЕГ-ын даргын шийдвэр гарч алга болсон газрын ойролцоо нутаг дэвсгэр буюу Гачуурт, Хонхор, Улиастай, Хужирбулангаар өргөн хүрээтэй эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Мөн Гачууртын уулын хойд амууд болон урд талын жалгуудаар, бургас мод ихтэй газруудаар 400 гаруй цагдаагийн албан хаагчдын оролцоотойгоор самналт хийжээ. Үүгээр ч зогсохгүй Богд уулын ар гэх байж болох газруудаар самналт хийсэн боловч сэжигтэй хэмээн үзэж шалгах хэмжээний зүйлүүд илрээгүй байна.

Б.Алтанхуяг нь Сүхбаатар аймгаас гаралтай бөгөөд нийслэлд хоёр жилийн өмнөөс ирж ажиллаж амьдарч байгаа тул Сүхбаатар аймаг болон ойр хавийн Хэнтий, Дорнод болон Улаанбаатарын ойр хавийн Төв аймаг зэрэг орон нутгуудын цагдаагийн хэлтсүүд рүү албан тоот явуулж эрэн сурвалжлах ажиллагаанд нэгтгэжээ.

Мөн ЦЕГ-ын сүлжээнд Б.Алтанхуягтай холбоотой бүхий л зураг, мэдээллийг нь тавьсан бөгөөд Замын цагдаагийн газартай холбогдон бүх л хүчин чадлаараа хайж байгаа аж.

Энэ сарын 15-ны өдөр машиндаа бараагаа ачаад дэлгүүрээсээ 11.00 цагийн үед хөдөлжээ. Хонхорт байрлах хүнсний дөрвөн дэлгүүрээр орж, барааг нь гурван дэлгүүр авсан аж. Хамгийн сүүлд Хонхорын “Хадагт мянган” гэх хүнсний дэлгүүрт бараагаа нийлүүлчихээд дэргэд нь байрлах цайны газар ороод явжээ.

Тэр үед Б.Алтанхуяг ганцаараа явж байсан гэнэ. Харин нэг гэрчийн хэлж байгаагаар түүнийг өөрийнхөө насны, өөртэйгөө адилхан нуруутай залуутай инээлдэн юм ярилцаад явсан гэх мэдээлэл байна. Мөн тэр залуу нь хамгийн сүүлийн дэлгүүр бараагаа буулгахад нь туслаж байжээ. Гэвч цайны газраас гараад 15.40 цагт нийслэл рүү хөдлөн хотын чиглэлийн авто замын хөдөлгөөнд оролцсон нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд энэ үед тэрээр ганцаараа бичигдэж үлджээ.

Тэрээр алга болох үедээ шаргал өнгийн богино хүрэм, дотуур энгэрээрээ саарал оруулгатай цэнхэр цамц, шаргал өнгийн өмд, гутал, саравчтай хар малгайтай явжээ.

Хамгийн сүүлд эхнэр нь гар утас руу нь залгатал утсаа аваагүй бөгөөд 16.00 цагийн үед эхнэрийнхээ утас руу “Одоохон” гэж мессэж бичсэн байжээ. Уг нь огт мессэж бичдэггүй шууд залгаж ярьдаг гэдгийг ойр дотныхон нь хэлж байгаа бөгөөд хурдан ир гэж хэлээгүй байхад яагаад “одоохон” гэж бичсэнийг тэд сэжиглэж байгаа аж.

 

Дашрамд сануулахад Б.Алтанхуягийг алга болсон цагаас эхлэн хэвлэлүүдээр сураггүй алга болсон гэх мэдээллийг өгч эхэлсэн бөгөөд энэ нь буруу юм гэдгийг цагдаагийн байгууллагаас тодотгосон. Хоёр жилээс багагүй хугацаагаар алга болсон хүнийг сураггүй алга болсонд тооцох ба энэ тохиолдолд оршин суугаа хаягаасаа алга болсон хэмээдэг аж.


URL:

Сэтгэгдэл бичих