Олны үг ортой эсэхийг шалгалаа

53332-“ЭЭЖ МОД”-НЫ ЭРГЭН ТОЙРНЫГ САЙТАР ЦЭВЭРЛЭЖЭЭ-

Улаанбаатар хотоос 310 км зайд, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг “Ээж мод” хэмээн нэрийддэг. Энэ модонд нутгийн иргэд төдийгүй улсын өнцөг булан бүрээс хүмүүс очиж хүслээ шивнэн, сүслэн залбирч, ажил үйлсээ даатгадаг гэдэг.

Сүүлийн жилүүдэд үрийн мөрөөсөл болсон бүсгүйчүүд “Ээж мод” руу хөхний даруулгаа шиддэг болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Иймд бид “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаараа энэ сэдвийг хөндөж, үнэн эсэхийг нь тодруулав.

“Ээж мод” руу хөхний даруулгаа шиддэг гэх яриа үндэслэлгүй болохыг нутгийн иргэн Ч.Сэлэнгэ хэллээ. Тэрээр “Ээждээ чин сэтгэлээсээ залбирч байгаа хүмүүсийн хүсэл биелдэг байлгүй дээ. Манай нутгийг зорих хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ эгч нь хөхний даруулгаа шиддэг гэж дуулаагүй юм байна” гэв. Түүний хэлсэнтэй нутгийн иргэд ч санал нэг байгаагаа дуулгалаа.

Нутгийн иргэдийн өгүүлж буйгаар тус модыг зорих хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд ихэсчээ. Энэ нь “Ээж модонд шивнэсэн хүсэл биелдэг” гэж үздэгтэй холбоотой аж. Саяхныг болтол “Ээж мод”-ыг хадгаар ороож, дугуй булантай цай эгнүүлэн тавьж, идээ будаагаа өрж, сүү өргөдөг байжээ. Өнөөдрийн байдлаар иргэдийн хандлага өөрчлөгдөж, “Ээж мод”-ыг хадаг яндраас нь салган, эргэн тойрныг нь сайтар цэвэрлэсэн байна.

-ЖИЛ БҮРИЙН ХАНШ НЭЭХ ӨДӨР “ЭЭЖ МОД”-ЫГ ТАХИДАГ-

“Ээж мод” хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй, зөвхөн таамаг, домог л байдаг ажээ. Эрт үед Сэлэнгийн цагдаа ээж модонд сүслэн залбираад, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатсан. Цагдаа буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан. Ингээд нутгийн нэгэн алдартай лам осол гарсан замын хажууд ургаж байсан модыг аргадан, ном уншиж “Ээж мод” болгосон хэмээх домог байдаг ажээ. Тэрхүү модонд “Хувьсгалын долоо” гэгдэх хүмүүс очиж мөргөөд, цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч байна.

Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдрөөр буюу дөрөвдүгээр сард нэг удаа “Ээж мод”-ыг тахидаг болжээ. Улмаар “Ээж мод”-нд сүү өргөж, гурван хүслээ шивнэж, бүтээж өгөхийг гуйдаг байна. Нутгийн лам хэлэхдээ “Согтуу хөлчүү хүмүүс “Ээж мод” руу архи цацдаг. Хатуу архийг мод руу бус ёроолын элсэнд өргөх ёстой. Хүслээ шивнэхдээ алгаа хавсран мөргөж болохгүй. Хоёр алгыг өөд харуулан хүслээ шивнэж гуйх хэрэгтэй” гэв. Сүсэг бишрэл нь хувь хүний асуудал. Тиймээс хүний бодол санаа, хүсэл зоригийг хүлж, баглаж болдоггүйтэй адил итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг ч бас албадан хорьж болшгүй.

53331

53338

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих