Эх орон ч хүний халаас “хог”-той явдаг

6ee475e6e4941d6bigСаяхны нэг өдөр Дөрөвдүгээр дэлгүүрээс хойшхи шинэ замын уулзвар хүн, машины түгжрэлээр дүүрэн байлаа.  Энэ нь хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотой байх л даа. Шил толио гялалзуулсан шинэ, хуучин олон төрлийн машинууд бие бие дээрээ мордчих нь холгүй дуут дохиогоо хангинуулан шамбааралдах нь нөгөө “мал сүрэг” гэдэг шиг машины сүрэг л гэлтэй. Хүн, машин хоёр холилдоод л хөндлөн гулд. Урдуур хойгуур нь шүргүүлчих шахан зам хөндлөн гүйлдэх хөлтэй, хөлгүй хөгшин залуу явган зорчигчдыг уурлаж цухалдсан жолооч нар урт урт дохио сигналаар цочоон бөндөгнүүлээд л, нээлттэй цонхоороо нүүрээ чинэрүүлэн байж нүгэлтэй үгээр харааж зандрах нь нэг их сайхан санагдахгүй л байлаа.

Замын эсрэг талын цэцэрлэгт хүүхэд бүртгүүлэх ажилтай явсан миний эгдүү, дургүй хоёр зэрэг хүрээд л явчихлаа. Залуурынхаа ард зад таргалсан лужир улаан эрийн халцархай хар төмөр машинд даавуун тортой сонингоо шүргүүлснээр нөгөө ертөнц рүү явах “хараалын томилолт”-оор шийтгүүлсэн эмээг өрөвдөж өмгөөлөхдөө өнөөх “хар төмөр хайрцагт” хагарч дэлбэрэх нь холгүй хараал урсган суугаа бүдүүн  гахайд хэдэн үг хэлээд авлаа.

Чи наад муу ядарсан хөгшиндөө зам тавьж өгөөд урдуураа гаргачихын оронд загнаж хараагаад яахнав дээ. Настай, бас хөл муутай хүн байна шүү дээ гээдэхсэн чинь гэдэс гүзээндээ түүртсэн өнөө бүдүүн улааны чинь өөхөлсөн зүрх нь дэлбэ үсэрчихэв бололтой.

Битгий хуц муу сайн гуйлгачингууд минь. Машин зурж хаячихаад юу гээд хуцалдаад байгаа юм гээд л бүхээгнээсээ буугаад ирэх нь тэр.

Хаа газраас оруулж ирсэн төмрийн сэг юм, тэр муу хуучин машинаа илж таалж үнсэх нь холгүй, тарсан сонингоо сандарч тэвдэн хөлсөө ч арчих сөхөөгүй хамт торлох эмээг өшиглөчих шахан хөөж холдуулсанаа аахичиж амьсгаадан янцаглаад л машиныхаа урд хэсгийг айхтар сүрхий шагайж шалгаж байна.

Хатгачихвал хага үсэрчихмээр өөхөн бөмбөг чинь өмхий амаа хамхихгүй байсаар бүхээгнийхээ хаалгыг харжигнуулан онгойлголоо. Тэгсэн нөгөө лүд чинь суудлынхаа өмнөх шалавчийг хуулж авснаа улаан зам дээр хог шороог нь гөвөөд хаядаг байна ш дээ. Мөн түрүүхэн нэгэн шар хантаазтай бүсгүй энэ хавийг цэмбийтэл цэвэрлэчихээд явсан шүү дээ. Хэний ч гол харлалгүй яахав дээ. “Гуйлгачин”-гаараа дуудуулсан миний ам ч “дарвайгаад” явчихлаа.

Хөөе! Чи наад хогоо боль  л доо. Наад зам чинь ямар чиний хогийн сав юм уу.

Гэтэл нөгөө “баян” чинь

Чи муу ер нь юу юм бэ.

Түрүүнээс хойш хуцаад байх чинь. Тийм сүрхий санаа чинь зовоод байгаа юм бол чи хамаад авчих л даа. Чамд мөнгийг нь өгье гээд л эгээ л нулиад авсангүй, баярхаж гардаг байна.

Гэтэл бид хоёрын маргааныг хараад замын хажууд зогсож байсан цэвэрхээн хувцасласан бахим бор залуу.

Наад хүн чинь чамд зөв л юм хэлээд байгаа юм биш үү. Наад хогоо чи одоо хамж ав.

Битгий хуц чи.

Юу гэнэ ээ! Лоолойсон гахай чинь гээд л нөгөө залуу чинь бүдүүн улааныг эгээ л балбаад хаячихсангүй. Түүгээр хогийг нь хамуулан, өөрийнх нь асгасан тамхины иш, шүдэнзний мод, хайрцаг, пивоны бөглөөг нь гараар нь түүлгэн уутлууллаа. Уут сав олдохгүй уухичин хойд урдахаа ухаж байсан бүдүүнийг.

Хогоо боогоод авчих цаас даавууны өөдөс олдохгүй бол наад хогоо чи хармаалаад яв  новш минь. Тэгээд хогийн саванд аваачиж хая. Чиний машин цэвэрхэн байх ёстой, чиний хог миний хотын гудманд хөглөрч хэвтэх болж байна уу гээд л залуу бүдүүнээс харин ч нэг сайн хөлс өвч өглөө дөө.

Тэгж байтал нэг их гоё  машин хөлөглөсөн хачин ганган хүүхэн бүдүүний ард ирж зогссоноо бас л дохиогоо хангинууулан зам тавих, явахыг шаардан цонхоороо толгойгоо цухуйлган хашгичиж байснаа салаандаа хавчуулсан янжуурын ишээ бас л зам руу нясалчихдаг байна шүү дээ. Тэгтэл ч нөгөө залуу маань бас л дүрсхийгээд явчих нь тэр.

Нөгөө бүсгүйг чинь нүүрээ будсан будагных нь цаанаас цусыг нь гэрэлттэл зад загнан эх орон, энэ хотоо гэх сэтгэлгүй, хувиа хичээгч, бүдүүлэг соёлгүйгээр нь дуудан тамхиных нь ишийг авахууллаа.

Нүүр нь улалзан, сэтгэл нь зовсон тэр бүсгүй хурдхан гэгч нь машиндаа суун салхивчаа хаагаад хөдөллөө.

Муу-сайн заваан юмнууд. Өөрсдийгөө тэнгэрийн амьтад гээд ойлгочихсон усан толгой, хоосон цээжнүүд гэж бухимдлаа тайлах тэр залуу бид хоёр явах зүг нийлэн буудал хүртэл хэдэн үг сольсон юм.

Аль ч улс эх орны иргэдэд эх орноо гэх сэтгэл байдаг нь зүйн хэрэг. Тийм л сэтгэл, сэтгэлгээтэй эх орон ч хүмүүн хэн боловч эх нутгийнхаа хөрс шороо, хүн зоныхоо их бүтээн байгуулалтын элэг, зулай дээр элдэв хог хаягдлаа орхидоггүй гэнэм. Гадаадын улс орны иргэд өөрийнхөө хэрэглээний илүүдэл хаягдлыг халааслаад ч юм уу уут саванд хийж авч яваад л зориулалтын хогийн сав, цэгт аваачиж хаядаг гэнэ. Үр хүүхдүүдээ ч бүр хар нялхаас нь тэгж эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлдэг байна.

Тэгэхлээр аливаа улс орны хөгжил цэцэглэлт их өчүүхэн зүйлээс эхэлдэг юм байна. Нээрээ л манайд чинь хот хөдөө ялгаагүй, гуу жалга, аян замын хажуу, уул толгодын орой зулайд элдэв долоон шидийн хог хөглөрч л байдаг шүү дээ. Тамхины иш, шүдэнзний мод бол бүр наад захын хэрэг л гэсэн үг. Эрээн мяраан шошготой сархадын лонх, пивоны шилнээс эхлээд л эмэгтэй хүний хэрэглээд хаясан самбай, ханзархай гутал, цоорхой оймс, халтар ноорхой, уранхай тасархай хувцас хунарын сэг их хотын маань захын хорооллуудыг “чимж” л байдаг шүү дээ.

Хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй хөөрхий муу-сайн шар хантаазтанууд, үүрсэн таартайгаа өнгө хоршиж явдаг гороочиддоо л талархаж явъя даа…

Тэмдэглэсэн: П.Би-Мандах

agshin.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих