ГТХЭГ-ыхныг шатахуун импортлогч компаниуд хулхидсан уу?

Энэ сарын 28-ны өдрөөс эхлэн шатахуун түгээх станцууд шатахууныг карт талоноор олгохгүйгээр хязгаарлалтай олгох үүргийг ЗТБХБЯ, Газрын тосны газрын удирдлагуудад өгч тохиролцоонд хүрээд байсан. Тохиролцооны дагуу шатахуун импортлогч компаниуд бэлэн мөнгөөр гэхдээ нэг удаадаа 20000 төгрөгт шатахуун өгөх хязгаарлалтыг хийж эхэлсэн.

Бэлэн мөнгөөр олгож эхэлснээс хойш импортлогч компаниуд өөрсөддөө илүү байгаа шатахуун солилцох тохиролцоо хүртэл хийж байгаа аж. Ер нь шатахуун импортлогч компаниудад одоогийн байдлаар 10 хоногийн нөөц байгаа бөгөөд тэд карт болон талонаар олгох болсоноо улсын баяраар хомсдолд орж болзошгүй тул ингэж хязгаарлалт хийсэн хэмээн мэдэгдсэн байна. Хоёр хоногийн өмнөөс эхлэн шатахуунаа бэлэн мөнгөөр олгож эхэлсэн шатахуун түгээх станцууд өчигдрийн байдлаар хэрхэн ажиллаж байгааг сонирхсон юм. “Синчи ойл” ХХК-ний бүх салбаруудад ачаалал бага байлаа.Тус компани нь АИ-92 бензинийг ямар нэгэн хязгааралтгүйгээр өгч байгаа аж. Нөөцийн тухайд наадам хүртэл хангалтай байгаа гэж тус компанийн санхүүгийн албанаас мэдэгдлээ. Харин “Сод монгол” группийн шатахуун түгээх станц АИ-92 бензинийг 20 литрээр нь бэлэн мөнгө болон картаар олгож байгаа бөгөөд нэг удаагийн карт авч байгаа иргэд 75.000 төгрөг төлөх аж.

“Петровис” ХХК  АИ-92 шатахуунаа бэлэн мөнгөөр иргэдэд олгож эхэлсэн. Бэлэн мөнгөөр олгож байгаа сургаар иргэд шатахуунаа бөөнөөр худалдан авч нөөцөлж байгаа. Тиймээс тус компани нөөц шатахуун иртэл бэлэн мөнгөөр хязгаарлалттай  тарааж байгаа хэмээн Олон нийттэй харилцах албанаас нь мэдэгдлээ. Түүнчлэн хэрвээ эрэлт энэ хэвээрээ байвал ирэх сарын дөрөвний өдрийг хүртэлх нөөц л бий хэмээсэн. Харин “Жаст ойл” ХХК-ний бүх салбаруудаар карт, талон бэлэн мөнгөөр бензин өгч байгаа бөгөөд ажил хэвийн явагдаж байна. Шатахууны нөөц наадмаас өмнө дуусах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Манай хамгийн гол импортлогчийн нэг “Магнай Трейд” компанийн хувьд ачаалал гайгүй байсан бөгөөд заасан дөрвөн салбараас 20 литр бензин нэг литрийг 1500 төгрөгөөр бодож олгож байна.

Дээрх дөрвөн салбар нь Циркийн урд талд байрлах салбар болон Сүлжмэлийн хажуу талын салбар мөн Хилийн цэргийн удирдах газар, Хайлаастын салбаруудаас бэлэн мөнгөөр авах боломжтой. Харин төвийн салбаруудаараа талоноор өгч байгаа гэнэ. Нөөцийн тухайд  баяр наадмаар ямар байх нь мөн л тодорхойгүй байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих