“Бай”-гаа олоогүй хөрөнгө оруулалт
“Хогны ногоон уут хог болж байна” гэх иргэдийн шүүмжлэл өнгөрсөн хавраас хүч авч уут түгээх ажил тавдугаар сараас түр зогссон. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн гурван тэрбум төгрөгийг хогны уутанд зарцуулсан нь “бай”-гаа олоогүй ажил гэж шүүмжлүүлэхэд хүрсэн юм. Тэгвэл гурван тэрбум төгрөгөөр гурван цэцэрлэг барьсан бол өнөөдөр цэцэрлэггүй гэртээ сууж байгаа хүүхдүүд сурч хүмүүжих байртай болох байсан. Гурван сая дахь иргэнээ гудамжид өлгийдөхдөө тулаад байгаа манай улсад төрх эмнэлэг ч барьж болох байлаа. Ядаж барилгын ажлыг нь эхлүүлээд санхүүжилтгүйгээс зогссон III төрх эмнэлгийн өргөтгөлийг барьж дуусгаж боломж байв. “Хоггүй Улаанбаатар” гэх бичиг бүхий ногоон уутыг наад захын шаардлага хангахгүй хэтэрхий нимгэн үйлдвэрлэснээс гэр хорооллынхон үнс, хог хийх боломжгүй, орон сууцныхны хогны саванд томдох зэрэг хэрэглээнд таарахгүй байгааг онцолж байсан. Тэгвэл Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнгөрөгч зургадугаар сард иргэдээс цахимаар санал асуулга явуулж дахин олгохоор болсон. Энэ жилийн хувьд 2.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Өмнө нь хороо, хэсгийн ахлагч нар айл өрхөд уут тараадаг байсан бол энэ жилээс талонаар олгодог болсон. Иргэд талонаа хороо, ус түгээх цэг, ойролцоох дэлгүүрүүдээс авах боломжтой гэж албаныхан мэдэгдэж байгаа. Гэтэл хорооноос өөр цэгт талон олгохгүй байгааг иргэд хэлдэг. Хэдийгээр үнэгүй тарааж байгаа хэдий ч манайхан хогны ногоон уутанд дугаарлаж байхыг хараагүй. Айл гэрт хог хийх уут байхгүй байна гэвэл өрөөсгөл ойлголт. Өмнө нь хогны уутгүй байлаа гээд хашаа, орцдоо хогоо ил асгадаггүй л байсан шүү дээ. Хэдийгээр дахин тарааж эхлэхдээ чанар, уутны хэмжээг гэр хороолол, орон сууцны хэрэглээнд тохируулж үйлдвэрлэсэн гэж байгаа ч талонаар олгож эхэлснээр тэр бүр хэрэглэгчдийн гарт хүрэхгүй байна. Магадгүй нийслэлийн 152 хороонд хогны уут эзэндээ хүрээгүй хаа нэгтээ хураалттай байхыг үгүйсгэхгүй.
Б.Дэлгэр
URL:














