Ажлаа мэддэггүй, авлигын уурхай болсон газрын албаныханыг яах вэ

20141024034024Газрын алба гэхээр л хүмүүст их зан, хүнд суртал, дарамт, хээл хахууль  бодогддог. Ер нь нийслэл байна уу, дүүрэг хороо байна уу ялгаагүй. Сандал дээрээсээ ховхрохгүй, ярвайж суудаг тэднийг зүглэхээс халширмаар. Хүний өмнөөс доромжилж, мөнгө нэхнэ. Тэдний ихэнх ажил ар өврийн хаалгаар хууль бус явагддаг нь нууц биш. Газрын албаныханы занг хүн бүр л мэднэ дээ. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг шиг. Цаанаасаа тогтсон хэвшил юм шиг байгаа юм. Одоо манайхан “дээрээс” өгч байгаа гэр бүлийн зориулалт, зуслангийн газар дээр ид алалцаж байна. Харин ар гэр, ажил төрлөө зохицуулаад газраа хөөцөлдөж байгаа хүмүүст газрын албаныхан харин ч нэг хүн суртал гээчийг үзүүлж өгч байгаа бололтой. Танил, хамаатан, найз нөхөд гээд таарсан хүн болгон л үйлээ үзэж үстээ толгойгоо зулгаасан хүмүүс явах юм.  Газрын алба гээч төрийн албаны нэр сүрийг уландаа гишгэж, үйлчилгээ гээчийг гамшгийн байдалд оруулж байгаа газрын албаныхан ихээхэн “но”-той хүмүүс гэдэг нь ч илэрсэн. Тэр нь  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Нийслэл, дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар ил болсон юм. Илэрсэн зөрчлөөс заримыг нь дурьдвал, газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олгож хэвшээгүй, газар эзэмших эрх олгохдоо эзэмших хугацааг хуулинд зааснаас бага тогтоосон, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар олгодоггүй, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа  сунгах, бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд материалыг бүрэн бүрдүүлж хүлээн аваагүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй зэрэг олон зөрчил илэрсэн байна. Мөн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох , гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн эсэхийг харгалзаж үздэггүй, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг таван жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамруулдаггүй гэнэ. Эдгээр  зөрчил нь энгийн юм шиг боловч иргэдийн хувьд чухал асуудал. Шат шатандаа материалаа бүрэн бүрдүүлж явахгүй бол хүний цаг заваа зориулан байж хөөцөлдсөн ажил нураад л ирнэ. Үүний цаана өөрийн гэсэн багахан газартай болж гэрээ барих гэсэн хэдэн айлын амьдрал унаж байгааг мэдэхгүй.

Харин энэ албаны толгой байгууллага болох Нийслэлийн өмчийн харилцааны газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын хийж гүйцэтгэсэн кадастрын зураглалыг шалгаж хүлээн авахгүй байгаа, гэрчилгээнд нэгж талбар бүрийг тэмдэглэлгүй улсын дугаар бичээд орхидог байна. Ийнхүү иргэн бүрийн эрх, ашгийг хөндсөн газар олголт, эзэмшлийн асуудлыг зохицуулах учиртай өмч, газрын албаныхан албан хэрэг хөтлөлт, мэдээллийн санд бүртгэх зэрэг асуудлаар учир дутагдалтай ажиллаж байгааг Мэргэжлийн хяналтынхан тогтоолоо.

Мөн газрын албаныхнаас идсэн уусан зүйл ч илэрсэн байна. Тэдний иргэдээс хээл хахуульд хэдэн төгрөг авч идсэнийг хяналтынхан илрүүлж чадахгүй ч Нийслэлийн өмчийн харилцааны газар есөн ажилтандаа нийт  хоёр сая 680 гаруй мянган төгрөгийн илүү цалин олгосон байжээ. Мөн  долоон аж ахуйн нэгжээс 191 сая 900 гаруй мянган төгрөгийн газрын төлбөрийн орлогыг төсөвт дутуу төвлөрүүлсэн байна.

Газрын албаныхантай холбоотой асуудлаар  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Танай байгууллага газар олгох, эзэмшихтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж өгдөггүй, төлөвлөгөөнд ороогүй хэсэгт газар олгосон, шаардлагатай дотоод хяналт хангалттай хийдэггүй юм байна. Үүссэн асуудалд газрын удирдлага, албан хаагчдаас асуулт асуухаар тодорхой хариу хэлэхгүй байгаа нь ажлаа мэдэхгүй байна гэсэн үг байх” гэдэг үгийг ширүүхэн хэлсэн.

Үнэндээ тэдэнд ширүүн үг хэлээд, шаардлага, албан бичиг явуулаад яахавдээ. Дорвитойхон ажил болгож арга хэмжээ авмаар байгаа юм.

 

С.Саруул

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих