Иргэдийн төлөөлөгчдийн хувьдаа авсан мөнгийг эргүүлэн татъя

feef37d04fd61af5originalУлсын төсвийн 6.6 тэрбум төгрөгийг өөрсдөдөө урамшуулал болгож авсан татварынхны хэрэг нийгэмд дуулиан тариад удаагүй байна. УИХ-ын дарга З.Энхболд дээрх мөнгийг улсад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулаад буй. Яг үүний нэгэн адилаар олон тэрбум мөнгийг урамшуулал болгож өөрсдөдөө авдаг нийслэл болон дүүрэг, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдөд хариуцлага хүлээлгэж авсан мөнгийг нь улсад буцаан олгуулах ёстой гэж үзэх хүмүүс сүүлийн үед олон боллоо.

Яг нэг жилийн өмнө нийслэлийн иргэдийн төлөөлөгчид улирал тутамд өөрсдөдөө 10 сая төгрөгийн урамшуулал олгох журмыг нийлж суугаад баталсан. Энэ жил ч уг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгээ шийдэхээр ярилцаж байна.  Цаашлаад дүүрэг болон аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдөө шоовдорлохгүйн тулд  мөн адил улиралд 5 тэрбум төгрөгийн урамшуулалыг өгөхөөр болсноо албан ёсоор зарласан байдаг. Нийслэлийн есөн дүүрэг нийтдээ 500 төлөөлөгчтэй. Харин 21 аймагт ойролцоогоор 800 /аймгуудын албан ёсны вэб сайтаас авсан тоо/ төлөөлөгч ажилладаг аж. Үүнээс харвал тэд төсвийн олон тэрбум төгрөгөөр туйлах нь. Гэхдээ яг хэдэн төгрөгийг халаасалахыг тодорхой болгохын тулд бүгдээрээ нэгэн тоо бодъё.

Нийслэлийн Тамгын газарт нийтдээ ИТХ-ын 45 төлөөлөгч байдаг. Хүн бүрт 10 сая төгрөг өгдөг гэхээр нэг улиралд 450 саяаар төлөөлөгчдөө эрхлүүлдэг байна.  Ингээд энэ тоогоо дөрвөн улиралд үржүүлбэл 1.8 тэрбум төгрөг өгдөг гэсэн үг. /Одоо өгч байгаа/. Тэгэхээр нэг төлөөлөгч цалингаасаа гадна сард 3,3 сая төгрөгийн цалин авдаг болж байна.

Харин нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг нийлээд 1300 төлөөлөгчтэй. Тэгээд хүн бүрт 5 сая төгрөг өгдөг гэхээр 6.5 тэрбум төгрөгийг урамшуулалд явуулна гэсэн үг. Ингээд энэ тоогоо 4 улиралдаа үржүүлээд үзвэл 26 тэрбум төгрөг болно.  Эцэст нь нийслэл болон хөдөөний төлөөлөгч нар нийлж байгаад 30 орчим урамшуулал нэрээр халаасална гэсэн үг юм.

Зүгээч ч үгүй нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч нь энэ онд дээрх мөнгөө нэг дахин нэмж 20 сая болгохоор ярьж эхэлсэн  гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ингээд эрхэм төлөөлөгчдийн авдаг мөнгө нэг дахин нэмэгдэж, хот хөгжих эх үүсвэр тодорхой мөнгөн дүнгээр хорогдлоо гэсэн үг. 30 орчим тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. 90 цэцэрлэг, бас овоо хэдэн сургууль барьж болно.  2013 оны улсын төсөвт 100 гаруй хүүхэд хүмүүжих  нэг цэцэрлэг барихад 280 сая төгрөг төсөвлөсөн гэж тооцоолбол 27 тэрбум төгрөгөөр нийтдээ 90 цэцэрлэг барих боломжтой гэсэн үг. Цэцэрлэг, сургууль бол хамгийн наад захын жишээ. Үүнээс өөр олон бүтээн байгуулалтын ажлыг нийслэл болон хөдөөд өрнүүлж болно.

Гэтэл ИТХ-ын тэргүүлэгчид  үүний оронд өөрсдийгөө эрхлүүлж байна. Төсөв бүрдэхгүй энэ хэцүү үед татвар төлөгчдийн мөнгөнд хэтэрхий үрэлгэн байдлаар хандаад байгаа юм биш үү Д.Баттулга дарга аа. ИТХ-ын төлөөлөгчдөд цалингаас гадна урамшуулал нэрээр 30 гаруй тэрбум төгрөгийг зүгээр л бэлэглэж байгааг иргэд шүүмжилж байна. Уг нь урамшууллыг тодорхой хэмжээний ажил хийсэн, сайн ажилласан хүнд олгодог. Гэтэл иргэд дүүрэг, хороогоо хариуцсан ИТХ-ын төлөөлөгчөө таних ч үгүй явж байна цаана чинь.

Яагаад гэвэл, дүүрэгтэйгээ танилцаж, ажил, аян өрнүүлдэггүй болоод тэр шүү дээ. Гэтэл Нийслэлийн удирдлагууд ажлаа хийж мэддэггүй нөхдүүдийг арав, хорин саяар нь эрхлүүлээд л. Энэ бол татвар төлөгч бидний мөнгө.  Гэтэл зүгээр л ажлаа хийж байж урамшуулал нэрээр улирал бүр олон сая төгрөг авч буй нь ухаад ойлгоход бэрх асуудал гэлтэй. Ер нь ямар ажил хийж гийгүүлсэн гэж тэд нар урамшуулал авч байгааг иргэдэд тайлбарлах ёстой. Учир нь тэдэнд очиж буй мөнгө бол татвар төлөгчдийнх.

Тэднээс гадна УИХ-ын 76 хууль сурталчилах үйл ажиллагааны зардал гэж нийт тус бүр 20 сая төгрөгийг авдаг. Бас тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллах нэрээр 90 сая төгрөгийг авдаг билээ. Ингээд ирэхээр улсын төсвийн энэ хэдэн төгрөгийг чинь УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид нь хуваагаад идчихдэг юм биш үү. Бас улсын мөнгөөр гадаад, дотоодод зугаална. Тэдний авсан мөнгөөр боловсрол, эрүүл мэндийн салбарт хичнээн их зүйл хийх байсан бол. Ядаж л түлэнхийн төвөө барьчихсан байж мэдэх юм.
Т.Энхэлээ

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих