“Шинэ жил ирлээ” дууг хэнийх болохыг нь шүүхээр шийдвэрлүүлэх үү?
“Шинэ жил ирлээ” хэмээх хит дууг нь албан ёсны зөвшөөрөлгүй авч дуулсан хэрэгт “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа, дуучин Ч.Цэлмүүн нарыг буруутгаад байгаа СТА, дуучин С.Сэрчмаагийн зарга газар авах шинжтэй. Тэрбээр уг дууг зохиосон, мөн түүнд албан ёсны зөвшөөрлийг нь өгсөн гэх хөгжмийн зохиолч Н.Санжаа дээр очоод энэ талаар тодорхой тайлбар хийж буй бичлэгийг цахим ертөнцөд байршуулжээ.
Мөн дуучин Ч.Цэлмүүний нөхөр түүнд хандаж “Эхнэрийн минь нэрийг энэ хэрүүлээсээ салгаж өгөөч. Анхнаасаа эхнэр маань зөндөө асуусан, тэр залуу ч зөвшөөрөл авсан гэж ярьсан. Хов живнээс хол баймаар байна. Та ч энэ зовлонг сайн мэдэх хүний хувьд, гэр бүлийг минь хүндэтгээч” гэсэн мессеж явуулсан болохыг олон нийтэд дэлгэсэн. Уг дууныхаа клипийг хүртэл цахим хуудсандаа оруулсан С.Сэрчмаа эцсээ хүртэл тэмцэхээр шийдсэн юм байх.
Харин дуучин С.Заяа үүнд нь ихэд эгдүүцэж “Би дуучных нь хувьд Сэрчмаа эгчийг хүндэтгэж явдаг. Гэтэл одоо миний эсрэг ийм бичлэг хийж тавьж байгаа бол би дараах тайлбарыг хийхээр шийдлээ. САНЖАА ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БОЛ ДУУЧИН СЭРЧМААГИЙН ТӨРСӨН ЭГЧИЙН НӨХӨР. Эхнэрийнхээ дүүгийн төлөө аргагүй ийм бичлэг хийлгэсэн гэдэг нь хэнд ч тодорхой байна. Гэтэл надад САНЖАА хөгжмийн зохиолчийн дуулахыг зөвшөөрснийг гэрчлэх 2 хүн, нотлох баримт, ярьсан яриа бүгд байгаа. Энэ бүхнийг би энд биш, шийддэг газар нь өгч шийдүүлэх болно” хэмээн сонсогч фэнүүддээ албан ёсоор мэдэгджээ.
Дуугаа булаацалдсан дуучдын хэрүүл улам гаарч, шүүхийн хаалга татах дээрээ тулж байгаа энэ үед тэдний сонсогч фэнүүд ч мөн хоёр хуваагдан “үзэлцэх” болжээ.
URL:













