ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны ээлжит хурлаар 10 гаруй асуудал хэлэлцэж, долоон тогтоол баталсан талаар тус хорооноос мэдээллээ. Хурлаар шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2015 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож баталлаа. Шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс нь зах зээлийн үр ашигтай хэсэг тул бүх нийтийн үүрэгт үйлчилгээнээс хүлээж байгаа алдагдлыг нөхөх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлдэг байна. Үүнээс гадна барилгын дотор холбооны монтаж, угсралт суурилуулалт, дотоод холбооны сүлжээний суурилуулалт засвар төрлөөр эзэмшиж байсан 70 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Учир нь тусгай зөвшөөрлийн ангиллыг өөрчилж, нөхцөл шаардлага шинэчилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эдгээр аж ахуй нэгжд гэрчилгээ шинээр олгоно гэж Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос мэдээллээ. Дээрх хуралдаанаар зургаан аж ахуйн нэгжид шинээр радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох, 59 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 14 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
URL:














