Дарга нарыг том машин унахыг хориглоно
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орой хуралдаж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцээд ажлын хэсгээс гаргасан зарим саналыг дэмжжээ. Энд онцлоход Сангийн яамнаас 221 тэрбум төгрөгийн эх үүсвэр олсон тухай таатай мэдээ дуулгажээ.
Энэ мөнгөний долоон тэрбумыг хүүхдийн мөнгөнд, 19 тэрбумыг одонтой ээжүүдийн мөнгөнд, 90 тэрбумыг цалингийн нэмэгдэлд, 15 тэрбумыг тэтгэвэрт, 15 тэрбумыг жирэмсэн эхчүүдийн мөнгөнд энэ оны төсөвт тусгасан дээр нэмж тусгахаар болсон байна. Иймд төсвийн тодотголд тусгасан одонтой ээжүүд, хүүхдийн мөнгөнөөс зохих хэмжээгээр хасаж, зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагагүй буюу одоогийн байгаа хэвээр үлдэх болж байна.
Мөн гибрид автомашины албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар болжээ. Харин малын хөлийн татварыг авах нь зөв, ингэхдээ тухайн айлын ам бүлд малын толгойг шилжүүлэн ялгавартай тогтоохоор болжээ. Ам бүлийн нэг хүнд ногдох малын тоо 50-аас дээш бол татвар төлнө, харин 50-аас доош бол татвараас чөлөөлөх гэнэ. Мөн бууны тухайд 6.4 мм-ийн голчтой буунд 30 мянга, түүнээс дээш бол 60 мянга, спорт, сургалт, үзмэрийн буунд 15-30 мянган төгрөгийн татвар ногдуулахаар болжээ.
Үүнээс гадна Төсвийн байгууллагуудын дарга нарыг том машин унахыг хориглохоор болжээ. Төсвийн тодотголд зам засварын ажилд зарцуулахаар тусгасан 25 тэрбумыг сургууль, дотуур байрны зардалд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эх, эх нь даах ёстой гэсэн байна. Эдгээрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэхээр хуралдаан зарласан боловч дугаар шилжих мөчид эхлээгүй байв.
М.Ган
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Яг зөв. Ийм байдлаар дарга нар хотод том машин унаж татвар төлөгчдийн мөнгийг шатаах хэрэггүй л байхгүй юу.