Асашёорюү Д.Дагвадорж Булганд будилж, зодолдохыг шахав
Зодог тайлж эх орондоо ирсэн Дагваа монгол түмэнтэйгээ хоёр дахь наадмаа үзэж байна. “Асашёорюү зодоглоно” гэсэн таавар наадам болгоны өмнө ам дамжив. Аатай Ёкозүнад зодог, шуудаг өмсүүлж, зүлэг ногоон дэвжээн дээр дэвж шавахыг нь харах адтай хүсэл бөх сонирхогчдыг ам хуурай суул гадаггүй бололтой.
Өөрөө барилдахгүй ч нутгийнхаа бөхч үүдийг хөтлөн яваа аархуу аваргын омог араншин наадамчин олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсээр.
Эрийн хийморийг бахдан цэнгэдэг долдугаар сар шувтартал газар газрын наадам үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын өмнөхөн энэ сарын 8-9-нд Булган аймгийнхан Монголын Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэн ёслол төгөлдөр наадав. Асашёорюү Д.Дагвадорж Булганы наадамд морилсон нь нутгийн олны баяр дээр цэнгэл нэмэх мэ дээ байлаа.
Гэвч хүчит бөхийн барил дааны нэгийн даваа шувтарч байхад Өвөрхангай аймгийн начин Чимэд доржийг дагуулан ирсэн Дагваа нутгийн хуурай дүүгээ бүртгүүлэх гэж зохион байгуулагчдыг сандаргажээ. “Барилдаан эхэлсэн хойно ирсэн тул бүртгэхгүй” гэдэг тайлбар мань Асашёорюүг дөргүй бух аятай зөрүүд лэхэд хүргэсэн байна.
Бөх тайлбарлагчийн микрофоныг шүүрэн авч “Булганчууд аа, эд нар Дагвааг чинь барилдуулахгүй гээд байна шүү” хэмээн наадамчдад худал ховложээ.
Наадмын наргиа Дагваагийнх байлаа. Д.Дагвадорж Булганыхныг будлиулах гэж жаал хүчилсэн ч зодоон нүдээндээ арай л тулалгүй Эрдэнэтийн наадам руу гарч одсоныг нь булганчууд өнөө хэр ярих аж. Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы дугариг дэвжээнээс дэлхийн хэмжээний супер од болсон цадигтай.
Эгэлгүй цадигийг эр биеийнхээ тэнхээ хүчээр бүтээсэн, хэрхэн дааж тээхийг ухаан, жудаг нь л харуулах билээ.
Б.Энхцэцэг mongolnews.mn
URL:








