Та хэдэн төгрөгний үнэтэй машин лизингдэж чадах вэ?
Энэ нь та ямар хэмжээний, ямар орлого олж байгаагаас хамаарна. Тухайлбал бизнес эрхэлдэг, тогтмол цалинтай, түрээсийн орлоготой гэх мэт төрөл бүрийн орлого олдог хүмүүсийн хувьд банк хэдэн төгрөгний машины зээл олгодог талаар энэ нийтлэлээр хариулж байна. Хүмүүсээс ирүүлсэн асуултуудад тулгуурлан хувилбар бүр дээр тооцоолж үзэв. Та уншиж танилцана уу.
1. Эхнэр, нөхөр хоёулаа цалингийн орлоготой бол? (Би 750,000 төгрөгийн цалин авдаг. Эхнэр 500,000 төг авдаг. Урьдчилгаа 2 сая төгрөг байгаа, 17-18 сая төгрөгийн машин авахад манай өрхийн орлого хүрэх үү?)
Танай гэр бүл цалингийн зээл эсвэл машины лизинг хоёрын аль алинд нь хамрагдах боломжтой.
Гэхдээ энэ удаад машины лизинг авбал ямар боломж байгааг тайлбарлая. 18 сая төгрөгийн машин лизингээр авсан тохиолдолд та урьдчилгаанд 3,6 сая төгрөг төлөөд 14,4 сая төгрөг зээлээр авах бөгөөд сар бүр зээлэндээ 547,000 төгрөг төлөх болно (хугацааг 3 жил, хүүг сарын 1,8%, урьдчилгаа төлбөрийг 20%-иар тооцов). (Автомашины зээл тооцоологч)
Тэгэхээр сар бүр 547 мянган төгрөг төлнө гэдэг нь танай сарын орлогын 44%-тай тэнцэнэ. Энэ тохиолдолд банкууд танд зээл олгоно. Учир нь зарим банкууд өрхийн сарын орлогын 50% хүртэл хэмжээний зээлийг сар бүр төлөх боломжтой гэж үзэн зээл олгодог бол зарим банкууд машин лизингээр авах гэж буй хүмүүсийн хувьд 60-70% хүртэл дүнгээр сар бүр зээл төлөхийг зөвшөөрч түүнд харгалзах хэмжээний зээлийг олгодог. Таны сонирхож буй банк чухам сарын орлогын хэдэн хувиар зээл төлөхийг зөвшөөрдөгийг мэдэхийг хүсвэл та доорх хүснэгтээс банкаа сонгон “Дэлгэрэнгүй …” гэсэн товчийг даран тухайн банкны ажилтантай шууд холбогдон мэдээлэл авах боломжтой.
2. Нэг нь тогтмол цалинтай, нэг нь хийснээрээ цалинждаг бол? (Би хийснээрээ цалинждаг юм аа, Картаар цалингаа авдаг, янз бүрийн цалин авдаг бөгөөд доод тал нь 1 сая төгрөг авдаг. Эхнэр 700 мянгын цалин авдаг. 10 сая төгрөгний машин авах боломжтой юу, тооцож өгөөч)
Танай эхнэр тогтмол цалинтай, НД-аа төлөөд явдаг, харин таны хувьд тогтмол цалин авдаггүй гэж ойлголоо.
Энэ тохиолдолд танай эхнэрийн орлогыг банк тогтмол гэж үзэн хялбархан хүлээн зөвшөөрөх бол харин таны хувьд сар бүр олдог орлогоо нотлох шаардлага гарна. Үүний тулд банкны дансны хуулгаа үзүүлэх бөгөөд давхар НДД-ээ үзүүлбэл бүр л хялбархан зээл бүтнэ. Таны хувьд цалингаа картаар авдаг тул банкууд зээл олгох боломжтой. Одоо харин хэдийг авах боломжтойг тооцоолж үзье.
Танайх нийлээд сард 1,7 сая төгрөгийн орлоготой юм байна. Үүнийхээ 50%-иар зээл төлөх боломжтой гэж үзье. Тэгвэл та хоёр сар бүр 850,000 төгрөг зээлэнд төлөх боломжтой юм байна. Энэ тохиолдолд банк танд дээд тал нь 22 сая төгрөгний зээл олгоно. Тэгэхээр үүн дээр урьдчилгаа төлбөрөө нэмээд та хэдэн төгрөгний машин авах боломжтой нь гарч ирнэ. Зарим банкны хувьд урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалаад 100% лизингд хамруулдаг. Та энэ талаар тухайн банкнаас нь шууд асууж тодруулах бол доорх хүснэгтээс банкаа сонгон “Дэлгэрэнгүй …” гэсэн товчийг дарж асууна уу.
Таны асуултанд хариулахад танай гэр бүл 10 сая төгрөгний машин авах боломжтой. Гол нь урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн байх шаардлагатай. Эсвэл цалингийн зээл аваад түүгээрээ машин авах боломжтой.
3. Цалингийн орлоготой ганц бие хүн? (Сайн байна уу? Би хувь хүнээс монголд явж байсан автомашин лизингээр авах сонирхолтой байгаа юм аа. Миний цалин 700,000 төгрөг. Банк надад зээл олгох болов уу? Олговол сард хэдийг төлөх бол)
Юуны өмнө та цалингаа авдаг банкаасаа цалингийн зээл авах боломжтой. Хэрэв урьдчилгаа төлбөрөө төлсөн бол машины лизинг ч авах боломжтой.
Дээр тооцоолсон аргатай ижил аргаар тооцоод үзэхэд та 9 сая төгрөгийн зээл авах боломжтой. Урьдчилгаа төлбөр 3 сая төгрөгөө бүрдүүлбэл нийлээд 12 сая төгрөгийн үнэтэй машин авах боломжтой байна. (3 жилээр сарын 1,8% хүүтэй зээл авна гэж тооцов).
Энэ тохиолдолд сар бүр 341 мянган төгрөг төлөх болно. Та энэ тооцоог өөрөө хийж үзэхийг хүсвэл “Автомашины зээл тооцоологч” товчийг дарна уу.
4. Өрхийн хоёр гишүүний нэг нь л цалингийн орлоготой, үүн дээрээ түрээсийн орлого олдог бол? (Сайн байна уу? Би сарын 535000 төгрөгийн үндсэн цалинтай гэхдээ 3 саяын цалингийн зээлтэй. Эхнэр бид 2 лангуу ажиллуулдаг юм гэхдээ одоо түрээслүүлцэн байгаа сарын 400000 мянгаар, тэгэхээр би машины зээл авч болох уу 5 саяын машин байгаамаа монголд яваагүй сард хэдийг төлөх бол.)
Та хэрэв олж буй орлогоо нотолж чадаж байвал банк зээл олгоно. Таны хувьд цалингийн орлогоо нотлох боломжтой гэдэг нь тодорхой байна. Харин түрээсийн орлогоо нотлох шаардлагатай болно. Үүний тулд түрээслэгчтэйгээ байгуулсан түрээсийн гэрээ, мөн сар бүр түрээсийн төлбөрөө хүлээн авсан банкны дансны хуулгаа банкинд үзүүлэх шаардлагатай болно. Хэрэв таны түрээсийн төлбөр таны банкны дансаар орсон байвал банк хүлээн зөвшөөрч зээл олгох болно. Таны хувьд түрээсийн орлогоо банкны дансаараа хүлээн авдаг гэж үзэн доорх тооцоог хийе.
5 саяын машин лизингээр авахын тулд та дор хаяж 1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх шаардлагатай. Ингээд үлдсэн 4 сая төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 1,8% хүүтэй лизингд хамрагдан авбал сар бүр 206 мянган төгрөг төлөх болно. (Автомашины зээл тооцоологч).
Таны сарын орлого 935,000 төгрөг болж буй бөгөөд орлогынхоо 45-70%-иар зээл төлөх боломжтой гэж банкууд харилцан адилгүй үздэг. Тэгэхээр таны хувьд 50%-иар тооцож үзье.
Тэгвэл зээлэндээ сар бүр 467 мянгыг төлөх боломжтой бөгөөд үүнээс та одоо авчихсан байгаа цалингийн зээлийн төлөлтийг хасаад үзэхэд үлдсэн мөнгө нь машины лизингийн сар бүрийн 206 мянгыг төлөхөд хүрэлцэж байвал банк танд зээл олгох болно.
5. Хувиараа бизнес эрхэлдэг бол?
Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс орлогоо хэрхэн нотлох талаар та энэ нийтлэлээс уншина уу.
6. Гэр бүлийн хоёр, хоёулаа бизнес эрхэлдэг бол? (Би хувиараа ……… зах дээр контейнертэй, тэрүүндээ дүүгээ суулгадаг. Нөхөр маань том тэрэг барьдаг. Манай сарын цэвэр орлого 3-3,5 сая төгрөг болдог. Хэдэн төгрөгний машин авах боломжтой вэ? Сар бүр 723,0 мянган төгрөг байрны зээлэндээ төлдөг юм)
Та хоёр хоёулаа бизнес эрхэлдэг тул орлогоо нотлох ажил гарна. Гэхдээ байрны зээл авсан байгаагаас харахад энэ боломжтой гэдэг нь тодорхой байна. Ер нь иймэрхүү хүмүүсийн хувьд аль нэг банкнаас зээл авахаар очиход тухайн банк бизнесийн орлогынхоо тодорхой хувийг 6 сар эсвэл 1 жилээс дээш хугацаагаар банкны дансаар дамжуулан хүлээн авсан байхыг шаарддаг. Банк бүр үүн дээр харилцан адилгүй ханддаг бөгөөд та доорх жагсаалтаас банкаа сонгон тухайн банкны ажилтнаас энэ талаар шууд асуух боломжтой.
Танай сарын цэвэр орлого 3 сая төгрөг гэж тооцьё. Байрны зээл авсан хүмүүсийн хувьд сарын орлогын 45 хувиар сар бүр зээл төлөхийг зөвшөөрдөг бөгөөд энэ жишгээр тооцож үзэхэд машины зээлэнд сар бүр 627 мянган төгрөг төлөх боломжтой. (3,000,000 * 45% – 723,000 = 627,000). Нийтдээ 16 сая төгрөгний машины лизинг авах боломжтой. Урьдчилгаа төлбөрөө ямар хэмжээгээр нэмж төлнө тийм хэмжээний машин авах боломжтой юм байна.
7. Тэтгэврийн орлоготой, мөн дээрээс нь бизнес эрхэлдэг бол? (Сайн байна уу? Манай аав тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрээс гадна лангуун дээр суугаад наймаа хийдэг. Одоо 57 настай. Тэтгэвэрт 300 000 наймаанаасаа ойролцоогоор 1 000 000 цэвэр ашиг олдог. Ийм хүн лизингээр машин авах боломжтой юу? Бас 2 өрөө байраа барьцаанд тавиад зээл авах боломжтой юу? Машин авахад дээд тал нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ? Бас байраа барьцаанд тавихад дээд тал нь хэдийг авах боломжтой вэ? Энэ зээлүүдийг ганцаараа авч болох уу? Тооцоолол хийгээд өгөөч)
Тэтгэврийн хүмүүст банкууд тэтгэврийн зээл л олгодог. Харин бизнес эрхэлдэг хүмүүст бусад төрлийн зээлүүдээ олгодог. Иймд танай аав тэтгэврийн хүн биш бизнес эрхэлдэг хүний хувьд банкинд хандах нь зүйтэй. Нэмэлт тэтгэврийн орлоготой бол бүр л сайн биз.
Хэрэв банкинд сар бүр 1 сая төгрөг бизнесээсээ олж байгаагаа нотолж чадвал банк ч танай аавыг сар бүр 500,000 төгрөг машины зээлэнд төлөөд байх боломжтой гэж үзнэ. Энэ тохиолдолд дээд тал нь 13 сая төгрөгийн зээл олгох бөгөөд хэрэв урьдчилгаа төлбөрийн оронд үл хөдлөх хөрөнгө барьцаалбал 100%-ийн лизингд хамрагдах боломжтой.
8. Өөрөө цалингийн орлоготой, харин хамтран зээлдэгч нь тэтгэврийн орлоготой бол? (Сайн байна уу? Би Хаан банкны машины лизингийн урьдчилгаа 0 болсон гэж танай сайтнаас уншлаа. Хэдэн сар хүртэл үргэлжлэх юм болоо. Би сарын 630,0 мянган төгрөгний цалинтай, ганц бие. 3-5 жилийн хугацаатай 12 сая гаран төгрөгний машин лизингдвэл боломжтой юу? Батлан даалтанд нь тэтгэвэр авдаг хүн оруулж болдог уу? Сарын тэтгэвэр нь 350,000 төгрөг)
Банкууд таны зээлийн хэмжээг тооцоолохдоо тэтгэврийн орлогыг оруулахгүй, зөвхөн цалингийн орлогоор л тооцдог. Хэрэв урьдчилгаа төлбөрөө төлбөл (20%-иар бодоход 2,4 сая) үлдсэн 9,6 саяын зээл авч чадах уу? Ингэвэл сар бүр 364 мянган төгрөг машины лизингд төлөх болно. Энэ нь таны сарын орлогын 58% болж байна. Үүнийг зөвшөөрөх банкууд байдаг. Банк бүрээс нь шууд лавлахыг хүсвэл доорх хүснэгтээс банкаа сонгоно уу.
Аль банкны машины лизинг хамгийн боломжийн нөхцөлтэй болохыг доорх хүснэгтээс үзнэ үү.
9. Урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн оюутан хүн? (Сайн байна уу? Би та бүхнээс хэдэн зүйл дээр зөвөлгөө авах гэсэн юм.Би одоо оюутанлдаа тэгээд машин лизингээр авах бодолтой байгаа юм.Одоо бол надад 7сая төгрөг байгаа тэгээд энэ мөнгөө урьдчилгаанд өгөөд prius20 лизингээр авах бодолтой байна.Тэгээд авах машины маань үнэ 12-13 сая байгаа тэгээд 5 юмуу 6 саяын зээл авч машинаа авчихаад өдөрт халтуур хийж багадаа 10000 төг дараад байхад сард зээлээ төлж болхоор л санагдаад байгаа юм
сард 4 долоо хоног байна гэж үзхэд 28 хоног тэгээд долоо хоногийн 1 өдөр явахгүй гэхээр 24 хоног болж байгаа юм тэгээд 10000 төг хийлээ гэхэд 240000 гээд болчихоор л байгаа юм даа…энэ тал дээр мэргэжилийн хүний үүднээс зөвөлгөө өгөөч миний бодож үзээгүй ямар нэг эрсдэл байна уу гүү юу хэр зөв алхам болох бол?)
Ирээдүйн орлогоороо зээл авах боломжгүй байдаг. Танай аав, ээж зээл авч болох юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.















Eh survaljaa duridana uu
Би сард 500000 төгрөгний цалинтай ганц бие би цалингаа банкаар авдгүй гар дээрээ бэлэн авдаг уридчилгаа 2сая байна надад банкни машин зээл олдох болов уу
надад банкнд өнөх баьцаа хөрөнгөбайхгү
Guai alla sua pelle.