Бахархалт ой, бядгүй бүтээн байгуулалт
Улс даяар бүтээн байгуулалт өрнөж ахуйд аймаг, сумдын ард иргэд ч чадах чинээгээр бүтээн босгох эрчмээр оргилсон зуны сар үргэлжилж байна.
Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Ховд зэрэг 21 аймгийн яг тал нь 70, 80 жилийн түүхт ойгоо тэмдэглэж, 300 гаруй сумын бас л тал шахам нь тэгш дүүрэн ойн их баярынхаа бүрээн дууг хангинуулав. Ойн баярын хэмнэлээр орон нутаг бүхэн бүтээн байгуулалт өрнүүлж, түүхт ойгоо угтсан түмэн ажлыг санаж сэдэн хийж байна. Тиймээс түүхт ойгоо тэмдэглэж буй аймаг, сумдын хөдөлмөрч ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье.
Ойн баяр гэдэг нэг талаар өнгөрсөн хугацааны олз омог, ололт амжилтаа цэгнэх, түүгээрээ бахархах, амьдрал, түүхээ зузаатгах алтан мөч, ховор боломж. Цаашхи 70, 80 жилийн ирээдүйгээ зураглаж төлөвлөх нь ч их баярын дундуур заавал амжуулах ажил хэрэгч алхам байх учиртай. Гэвч өнөөдөр юун ирээдүй манатай, ийм юм бичсэн гэж аягүй бол шоолж ч магадгүй. Баяр наадам, наана нь дуусгах бүтээн байгуулалт, бөх, морины бай шагнал, дарга нарыг байлгах асар майханд хамаг анхаарал хандуулсаар их ойнууд үргэлжилж, өндөрлөж байна.
Баяр хөөрийг баллах юм ярилаа гэж бүү бодоорой. Ардын хувьсгалтай чацуу шахам замнал туулахдаа аймаг, орон нутаг нь улсын хөгжлийн урагшлах замд хэр нэмэр тус болов хэмээн дүгнэж цэгнэсэн удирдлага байхгүй гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй байх. Ойн баярын утга учир олон хүн цуглуулаад наадамдах болохоор үүнээс илүүг анхаарч өөрийн толгойд булуу хураагаад ч хэрэггүй.
Сэлэнгийн наадамд нутгийн шинэхэн арслан түрүүлж, уулс өндөлзтөл уухай хадаасан олны чимээ намдаагүй байна. Хөвсгөлийн 80 жилээр мөн л уугуул нутгийн унаган хөвгүүд үзүүр, түрүү булаалдлаа. Нугын хөвгүүдийн дуурсах алдраа нэмсэн нь нутгийн олныг нэг хэсэгтээ л ярих сонинтой болгож байгаа нь тэр. Адилхан “үзэлцсэн” аавын хөвгүүд дундаас нутгийнх нь бөх түрүүлэхгүй бол арай өөрөөр хандана аа, бас. Жалгын гэх ийм үзлийг сэдрээгээгүй учир Хөвсгөл, Сэлэнгийн түүхт ойн баяр наадам аргагүй л сайхан болов. Гэхдээ 80 жилийн түүхийг морины уралдаан , бөхийн барилдаан төдийхнөөр эвхэж орхих чамлалттай байна. Тиймээс баярын уур амьсгалд жаахан “давс” нэмээд орхиё гэж бодлоо.
УБХ-аас 1931 онд баталсан хуулийн дагуу улсын ууган аймгууд байгуулагдсан нь өдгөө 80 настайгаа золгожээ. Анхны аймгуудын харъяанд мэндэлсэн сумд ч мөн түүхт ойн баяраа тэмдэглэж, түмний хөлд дарагдаж байна. УБХ-аас баталсан дээрх хууль хэрэгжсэнээс 10 гаруй жилийн дараа буюу 1942 онд аймгийн тоог 18 болгон баталжээ. 1992 оны шинэ Үндсэн хуулиар засаг захиргааны шинэ хуваарилалт хийх хүртэл монголчууд 18 аймгийн тоонд учиргүй дассан юм. Улмаар нэг нийслэл, 21 аймагтай болсоор даруй 20 шахам жилийг ардаа орхив. Хотуудыг үгүй хийж, хүчээр аймгийн зохион байгуулалтад оруулсны улмаас Эрдэнэт, Дарханы хөгжил гацсан тухай сүүлийн арваад жил халаглан ярьцгаажээ. Ерөнхийдөө 80 жилийн түүхтэй засаг захиргааны хуваарилалт улсын хөгжлийг урагшлуулах бус, зүгээр л мөлхүүлж ирснийг нийтээрээ шүүмжилсээр ирэв.
Түүхт ойгоо тэмдэглэж буй аймаг, сумдынхан чадан ядан багагүй бүтээн байгуулалт өрнүүлж байгааг газар дээр нь очоод харж болно. Дэд бүтэц, зам харгуй барьж байгуулах зэргээр бас ч гэж үлдэцтэй юм их ойн чимээнээр босч байна аа. Хөдөлмөрлөсөн хүмүүсийн хөлс хөдөлмөр, үрж зарсан хөрөнгө мөнгөнд нь харамсмаар бядгүй “бүтээн байгуулалт” ч хаа сайгүй өрнөх аж.
Сэлэнгийн Орхонтуул 80 жилээ тэмдэглэж буй олон сумын нэг. Сумын цэнгэлдэхээ засаж, цэцэрлэгжүүлэлт хийж, давааны орой дээрээ сайхан самбар босгож сум, орон даяараа хэрэндээ л хөдөлж байхыг хараад эрхгүй хүндэтгэм. Ойн баярт уригдсан уугуул, суугуул олонд өнгөтэй өөдтэй харагдахыг хүсэх нь зүй. Гэхдээ нэг л “бүтээн байгуулалт” жаахан тийм санагдсаныг нуугаад яахав. Сумын хажуухантаа байх толгойн оройд босгосон суварга өөд сүсэгтэн олныг хүргэх шат тавьсан нь их ойн бүтээн байгуулалтын томоохон хэсэг юм байх. Тэр шаттай, шатгүй сүсэглэдэг нэг нь алхаад л гармаар санагдсан шүү. Ганц Орхонтуул ч биш, ер нь аймаг, сумд гэдэг иймэрхүү л нэг хэт үрэлгэн, хэрэггүй “бүтээн байгуулалт” өрнүүлдэг газар болчихсоныг нийтээрээ хэлэлцдэг бөлгөө.
УБХ-ын 80 жилийн өмнөх шийдвэр улсын хөгжлийг урагш хөтлөхгүй болсныг өнөөдөр л гэнэт санаж сэрсэн юм биш. Н.Багабанди Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2004 онд засаг захиргааны хуваарийг өөрчлөх захирамж гаргаж байв. Үүний дагуу УИХ-ын ажлын хэсэг, холбогдох яамд хамтран 21 аймгийг дөрвөн аймагт хуваан, аймгийг 68 хошуутай байхаар засаг захиргааны шинэ хуваарь гаргасан байдаг. Үүгээрээ бүр газрын зураг хүртэл зурчихсан байлаа. Алтай хан, Сайн ноён хан, Түшээт хан, Сэцэн хан гэсэн аль XVI зууны үеэс улбаалж, өнгөрсөн зууны эхэн үе хүртэл байсан засаг захиргааны хуваарийг эргүүлж авъя гэсэн санаа төслийн гол байж. Хүн амын хэт бөөгнөрлийг задлах, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, гол нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилсан уг хуваарь тэгэсхийгээд мартагдав. Үндсэн хуулийн өөрчлөлт нэхэх учир өнөө хэр хэн ч уг асуудлыг барьж авч зүрхлэхгүй л байна.
Өнгөрсөн жил УИХ-ын хэсэг гишүүд засаг захиргааны өөрчлөлтийн төсөл өргөн бариад мөн л мартагдах тийшээ хандаж байна. Ирэх жил сонгууль болох учир эмзэг сэдвийн ангилалд багтсан байх. Монголчууд төрөлх аймаг, сумандаа жигтэйхэн хайртай учир төрийн түшээд хүртэл эл сэдвийг барагтай л бол сөхөхгүй.
Төв аймгийнхныг жишээ нь, “Түшээт ханыхан шүү, та нар” гэвэл ойлгохыг ч бараг хүсэхгүй байх. Засаг захиргааны нэгжийн хуваарийг тухайн орон нутгийн иргэдийн саналыг үндэслэн тогтоох Үндсэн хуулийн заалтын дагуу Засгийн газар 2006 онд Дорнод, Хэнтий, Төв, Баянхонгор, Өмнөговь аймгийн 10 сумын иргэдийн дунд судалгаа хийжээ. Нутгийн иргэд аймаг, сумаа өөрчлөхийг эсэргүүцээд халгаасангүй. Аль ч суманд ялгаагүй, Засаг даргын Тамгын газар, эмнэлэг, сургууль, соёлын төв… ингэсхийгээд ажилладаг албан газрын жагсаалт дуусна. Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг тэдгээр байгууллагын ажил төрөл ерөнхийдөө ижил, шинэлэг юмаар ч маруухан. Ажил хийж байгаа нь ч бараг үгүй. Хэн ч тэднийг бүртгэж, хянахгүй. Гэхдээ тэд сар бүр цалин авч, цалингаа буухаар сумын дэлгүүрт орлого оруулах л үүрэгтэй гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Сумдын зүг бүтээн байгуулалтын жим зурайж, зуу хүрэхгүй хүнтэй суманд цахилгаан гэрэл түгээх нөр их ажлыг төрийн түшээд маань хүртэл хошуучилж явна. Аймаг, сумаар овоглуулсан алдартай байх сайхан л даа. Гэхдээ 80 жилийн түүх эвхсэн аймаг, сум маань өнөөдөр ямархан дүр төрхтэй болсныг нийтээрээ нэг тунгаавал яасан юм бэ.
Т.Бүдээхүү
URL:













