Ч.Сайханбилэгийн хувь заяа хаашаа эргэх вэ

1

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт 8 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалыг Монгол руу татсан.

Энэтхэг улс 1 тэрбум ам.доллар, Арабын Эмират улс 1 тэрбум ам.доллар, харин Оюутолгойн далд уурхайг хөдөлгөснөөр 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг оруулахаар болсон.

Гэвч энэ нь зарим улстөрчдөд таалагдахгүй байгаа бололтой. Тэд Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа гэх мэдээтэй зэрэгцэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг цуглуулаад эхэлчихэж. Яагаад гэсэн асуултад Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулахыг дэмжигч гишүүд Ч.Сайханбилэг Монголыг өрөнд оруулахаар, ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан, иймд огцрох ёстой гэж хариулж байгаа юм.

Эдгээр гишүүдийн дийлэнх нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулагдахад нь л дэмжихгүй байсан. Иймд тэднээс засгийг огцруулах үйлдэл гарахад нэг их гайхахааргүй юм.Ч.Сайханбилэгийн засаг анхнаасаа Оюутолгой, Тавантолгойг л хөдөлгөх гэж гарч ирж байна гэж Г.Уянга чуулганы танхимаас мэдэгдэж байлаа. Харин тэр өнөөдөр энэ бүгд нотлогдож байна, Ч.Сайханбилэг улсаа худалдлаа гэх үгсийг хатуухан хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлж байна. Тэр “Хөрөнгө оруулалтын гэрээнд далд уурхайн хөрөнгө оруулалт гэж байхгүй, харин ТЭЗҮ-д байдаг. Зохиомлоор бий болгоод 4.2 тэрбум ам.долларыг өөрсдөө авч, Монголыг өрөнд оруулж, өрийн бичиг гаргана. Монголчууд үүнийхээ үр дүнд 15 банкинд лицензээ, баяжмал худалдах гэрээгээ барьцаанд тавьж байгаа юм. Хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татвар ногдох орлого буурна.Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд орно” хэмээн шүүмжлэх болов.

Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гээд бие даагч гишүүд Н.Алтанхуягийн засагтай тохиролцсон шиг Ч.Сайханбилэгтэй тохиролцож чадаагүй. Тэднийг Ч.Сайханбилэг хүлээж аваагүй. Иймээс л бие даагчдын Ч.Сайханбилэгт уурласан уур гараагүй байгаа юм. “Уур”-тай гишүүдээс түүнийг огцруулах санаачилга хялбархан гарах нь дамжиггүй.

Өөрийг нь огцруулахыг хүсэгчдэд тэр бууж өгөхгүй гэж үзэж байна. Тэрбээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зураад эх орондоо ирмэгцээ улстөрчидОюутолгойг улстөржүүлэх хэрэггүй, холхон байсан нь дээр шүү гэх сануулгыг хэлсэн.Харамсалтай нь түүний үгийг зарим улстөрч сонсох нь юу л бол. Мөн тэрбээр чуулганы хуралдааны үеэр ч Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж, асуултад хариулсан. Тэрбээр хэлэхдээ “Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4.2 тэрбум, нийт 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг татах болно. Оюутолгой компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэж, Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгойн төслийн ТЭЗҮ-д туссан өгөөжийн харьцаа манай талд 53 хувиас дээш хадгалахыг албажууллаа” гэдгийг онцолж байлаа.Оюутолгой бол эдийн засаг, компани хоорондын харилцаа болсон. Тиймээс төр, улстөрчид үүнд орооцолдохгүй байхыг тэр хүслээ. Гэвч Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлыг хөдөлгөснөөр тэр огцроход хүрээд байна. Түүний хувь заяа хаашаа эргэх нь мөн эргэлзээтэй байдалд орлоо. Тэр Оюутолгой, Тавантолгойг ашиглалтад оруулаад л гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал өөр хүнд шилжих үү. Түүнийг огцруулах улстөрчдийн зорилго зөвхөн түүнийг огцруулахаар дуусах уу, аль эсвэл өөр эрх ашиг үйлчилж байна уу.

Ц.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих