Жолооны үнэмлэхний хэвлэлт удааширчээ

жолооны үнэмлэх

Монгол Улсын их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн. Гэхдээ 2014 оны аравдугаар сарын 1-нээс долоодугаар сарын 02-ны хооронд жолоодох эрхээ хасуулсан иргэд шинээр үнэмлэх захиалах ёстой болжээ.

Учир нь 2014 оны есдүгээр сарын 22-нд гаргасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн А158 тоот тушаалд ’’Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхийг хэргийн материалд хавсаргах” тухай заалт орсон юм.

Өөрөөр хэлбэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийн үнэмлэхийг хурааж, үзүүрийг нь хайчлан тухайн хүний архивыг үүсгэн хадгалдаг гэнэ.  Харин өнгөрсөн оны аравдугаар сараас өмнө жолооны үнэмлэхээ хураалгасан иргэд шинээр үнэмлэх захиалах шаардлагагүй, шууд хуучин үнэмлэхээ авч болно.

Одоогийн байдлаар 18 мянга орчим иргэн жолооны шинэ саарал үнэмлэхээ хураалгасан бол шууд тухайн үнэмлэхээ цагдаагийн байгууллагаас авч болно.

Мөн сүүлийн хэсэг хугацаанд дээрх иргэдээс найман мянга орчим нь жолоодох эрхээ сэргээсэн байна. Мөн ЦЕГ-ын Лицензийн төвийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Пүрэвдорж хэлэхдээ “Жолооч нар хуучны шар үнэмлэхээ заавал саарал үнэмлэхээр солин авах ёстой” гэж анхааруулсан аж.

Өршөөлийн хуульд нийт давхардсан 82 мянган жолооч хамрагдаж, жолоодох эрхээ сэргээлэх боломжтой болжээ. Одоогоор дээрх иргэдээс 58 мянга орчим иргэн жолоодох эрхээ сэргээлгэсэн байна.

Харин 30 орчим мянган иргэн шинээр жолооны үнэмлэхээ 12500 төгрөгийг төрийн санд тушаан, захиалах шаардлагатай гэнэ.

Өнгөрсөн долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Смарт солушин” компани жолооны үнэмлэх хэвлэх эрхийг авч, ажиллаж байна. Хуучнаар нэг жилд 40-50 мянган шинэ жолооч бэлтгэгдэн гардаг аж.

Дээр нь жолооны үнэмлэхээ хаясан, гээсэн хүмүүсийг нийлүүлвэл 200 орчим мянган жолооны үнэмлэх шинээр хэвлэх шаардлагатай болдог байна.

Харин энэ жилийн тухайд Цагдаагийн байгууллагаас дээрх компанид 230 мянган жолооны үнэмлэх хэвлүүлэх бэлдцийг хүргүүлжээ. Тэд уг нь нөөцтэйгээр захиалсан байна.

Гэтэл одоогоор 180-280 мянга иргэн шинээр жолооны үнэмлэх  авахаар захиалга өгчээ. Ингэж үнэмлэхийн захиалгын тоо гэнэт өссөн нь өршөөлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой учир жолооны үнэмлэх хэвлэлт удааширсан байна.

Medeelne.m

 


URL:

Сэтгэгдэл бичих