Ч.Баатар: Монголын өмнөд бүс нутгийн хөгжлийн төлөв тодорхойлогдлоо
Эрээн хотод зохиогдсон эдийн засгийн уулзалтад оролцсон Замын-Үүд дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатараас уулзалтын үр дүнгийн талаар асууж сонирхлоо.
-Энэ удаагийн уулзалтаас ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?
-Энэхүү форумыг зохион байгуулж байгаа Өвөр Монголын өөртөө засах орны засгийн газрын удирдлага, Эрээн хотын удирдлагуудад талархах байна. Бид гурав дахь жилдээ форум зохион байгуулж байгаа ч үр дүн нь тун удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна.
-Анх 2009 онд форумыг хийх үед Замын-Үүдийн тал ямар байдалтай байв аа.
-Эдийн засгийн хямралын нөлөөгөөр импортын бараа түүн дотроос барилгийн материалын хэмжээ эрс багассан байсан. Мөн экспортод нүүрс гаргаж байсангүй. Боомт хоорондын импортын ачааг 700 орчим ачааны машин тээвэрлэж байсан юм. Төмөр замд ачааг шилжүүлэн ачих терминалуудын орлого багассанаас хэмнэлтийн горимд шилжсэн байв.
-Тэгвэл өнөөдөр өөрчлөлт орсон байгаа нь эдийн засгийн уулзалтын үр нөлөө гэж хэлж болох нь ээ?
-Энэ уулзалт их ач холбогдол өгч байна. Өнгөрөгч гурван жилийн тоон мэдээллээс харахад импорт, экспортын хэмжээ урьд өмнө байгаагүйгээр эрс өслөө. Боомт хоорондын импортын ачаа тээврийн машин 2700 гаруй болж, хоёр талд ихээхэн хэмжээний машин бөөгнөрдөг боллоо.
Нүүрс экспортлох ашиг сонирхол ихэссэнээс нэг сая орчим ам долларын өртөгөөр төмөр зам бүхий нүүрс ачиж буулгах терминал байгууллаа. Уг терминалаас хилийн боомт хүртэл нүүрс тээврийн 10 км авто зам бариулах ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулаад хөрөнгө оруулагчтай хэлэлцэж байна. Монголын талаас санаачлан Замын-Үүдээс Эрээн хүртэл төмөр замыг хос болгон нэмж тавихаар инженерийн бүхий л тооцоо судалгааг хийгээд барих гэж байна.
Гаалийн шалгалтыг шуурхай болгоход шинээр рентген байгууламж барьж дууссан нэг урсгалтай ачааны машины терминалыг барьж эхлүүллээ.
Мөн ачаа эргэлтийн 79 хувь нь экспорт, 21 хувь нь импорт байгаагаас экспортын барааны 77 хувь төмрийн хүдэр, импортын 67 хувь нь барилгын материал, 16 хувь нь хүнсний бүтээгдэхүүн байна. Энэ оны 8 сарын 01-ний байдлаар төмөр замаар Эрээний талд 77200 вагон 4.1 сая тонн ачааг оруулж, 25000 вагон 588000 тонн ачааг хүлээн авсан байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортолсон ачаа 1.0 сая тонноор, импортолсон ачаа 10.0 мянган тонноор өсчээ. Харин авто замаар импортлогдож буй цементийг өмнөх үетэй харьцуулахад 50 хувиар өссөн ч Улаанбаатарт маш их эрэлттэй хэвээр, вагоноос буулгангуут өрсөлдөн авч байна.
-Энэ бүхнийг харьцуулж, ойрын гурван жилийн төлөвийг тооцож үзэхэд ямар дүр зураг харагдах бол?
-Уул уурхайн томоохон ордуудын олборлолт эхэлснээр хүнд машин тоног төхөөрөмжүүд, бүтээн байгуулалтад шаардагдах материалын хэрэгцээ, нийлүүлэлт эрс нэмэгдэнэ. Тухайлбал: Оюутолгойд цаашлаад Таван толгойн хэрэгцээт бараа материалын импорт ихэснэ. Эдийн засагчдын тооцоолсноор 2015 он хүртэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 14 хувь, нэг хүнд ногдох ДНБ хэмжээ 5000 долларт хүргэнэ гэж үзэж байна.
Замын-Үүд боомтоор жил тутам импортын цемент, арматур төмөр хийц 40-50 хувиар, ачааны машин 3 дахин, хүнд машин механизм 5 дахин нэмэгдэж байгаа хэвийн өсөлтийн тооцоогоор ойрын жилүүдэд нилээд өндөр тоо болж өсөх төлөв байна.
Монгол Улсын төр засаг Сайншандад уул уурхайн боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барихаар бодлогоо тодорхойлж, холбогдох яам газрууд эрчимтэй ажиллаж байна. Төлөвлөгөөний эхний шатны ажлууд хийгдээд эхэлчихсэн. Техник эдийн засгийн тооцоогоор бүтээн байгуулалтын ажилд асар их барилгын материал шаардагдана. Цогцолбор байгуулагдсанаар 2013-2020 онд жилд дунджаар 1.3 тэрбум ам.долларын экспортын нэмэлт орлогыг бий болгох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байгаа нь манай улсын өнөөгийн экспортын дүнгээс 1.3-1.7 дахин их байгаа юм.
2013-2020 онд дунджаар экспорт 10.9 тэрбум, импорт 7.0 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 4 тэрбум орчим ам.долларын ашигтай гарахаар байна. Монголын төмөр замын тээврийн енее-гийн хүчин чадлын түвшинд экспортын төмрийн хүдрийг сард 7000 вагоныг нэвтрүүлж байгааг олборлолтын хэмжээтэй харьцуулахад бага тоо юм.
Мөн түүнчлэн зэсийн баяжмалын экспортын захиалга нэлээд хэмжээгээр ихсэнэ. Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспортын тээврийн 2014 он хүртэл захиалга жил тутам 1.5 дахин нэмэгдэхээр байна. Харилцагч талуудын худалдаа арилжааны өсөлт нь боомтын ачааллыг дээд цэгт хүргэлээ. Энэ наймдугаар сард авто замын боомтоор өдөрт 8000 гаруй зорчигч, 1200 суудлын машин, 270 ачааны машин нэвтэрч байна. Боомтын багтаамжаас хамааралтай хил дээр удаан хугацаагаар дугаарлан зогсох, бөөгнөрөл түгжрэлээс олон нийтийн бухимдал үүсэх болов.
Өнгөрсөн жилийн хугацаанд Эрээний тал ачаа тээврийн том боомтыг барьж, ашиглалтад орууллаа. Гэтэл Замын-Үүд 1997 онд баригдсан боомт, 2008 онд байсан албан хаагчдын орон тоогоор зүтгэж байна. Энэ тал дээр бид дүгнэлт хийх хэрэгтэй болжээ. Нэг зүйлийг онцлоход олон улсын боом-тын жишиг стандарттай харьцуулахад хоёр талын боомтын албан хаагчид харилцааны соёл дутагдалтай байдгийг харилцан хүлээн зөвшөөрөхөөс аргагүй биз ээ.
Боомтын ачаалал ихэссэнээр 2011 онд хэд хэдэн зөрчил гарлаа. Дийлэнх нь манай талын боомтоос хамаарах боловч Эрээний талд ч хамаарах зүйл бий. Боомтоор нэвтрэх ачаа бараа нэмэгдэхийн хэрээр Хятадын бизнес хөгжиж, ард түмэн нь ажилтай, орлоготой болно. Тухайн улсын татварын орлого ч нэмэгдэж байгаа. Энэ нь ч Эрээний хөгжилд нөлөөлж байгаа нь тодорхой.
Монголын ард түмний аж амьдрал дээшилж, худалдан авалт сайжирч, шинэ шинэ бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнтэй уялдаад боомтууд, тэр тусмаа Замын-Үүд боомтод тулгарсан хүндрэл бэрхшээлийг арилгахад Эрээн хотын дарга болон Засгийн ордны холбогдох албан тушаалтнууд, хил хяналтын ажилтнууд анхаарал тавьж, туслаж дэмжиж байгаад талархал илэрхийлье.
Бүх Хятадын Коммунист намын 21 дүгээр хурлаар ӨМӨЗО-ныг эрчимтэй хөгжүүлж, тэр дотроос Эрээн боомтыг олон улсын загвар боомт болгох зорилт тавьжээ. Эрээн хөгжихөд Замын-Үүд байран дээрээ зогсоод байх нь өрөөсгөл юм. Зэрэгцэн хөгжихгүй ч тодорхой ахиц гаргах нь чухал. Бидний санаачилга дутаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
-Өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцэхийн тулд хоёр талын боомтод даруй хэрэгжүүлбэл зохих ямар зорилт байна вэ?
-Төмөр замаар солилцох ачаа тээвэрлэлтийн гэрээнд шинэчлэлт хийж, хоёр талдаа сулласан вагонуудад ачаа ачуулаад буцаадаг болгох, Төмөр замын ачааны дагалдах бичиг баримтын мэдээллийг онлайнаар урьдчилан өгдөг болгох. Ингэснээр вагон солилцоог хурдасгана. Авто замын боомтын ажиллах цагийг уртасгахгүй юм гэхэд албан хаагчдын ажиллах горимыг 2 ээлжинд шилжүүлж, ажиллах эрчийг тогтмол байлгах, Зорчигч тээвэрлэлтэд нийтийн тээврийн автобусыг түлхүү оруулж, тогтмол цагуудад шуурхай нэвтрүүлдэг болгох, Хилийн боомтод ажиллах нийт албан хаагчдад олон улсын стандарт жишгийн дагуу харилцааны соёлыг бүрэн нэвтрүүлэх боллоо.
Форумд оролцогч талууд санал, шийдвэрийг нэгэн жигд хэрэгжүүлж, төр засгийнхаа дэмжлэгийг идэвхтэйгээр авмаар байна.
-Гурван улсыг холбосон коридорын тээвэрлэлт нь Монгол Улсад нэн ач холбогдолтой гэж ярьдаг ойрын үед шийдвэрлэвэл зохих асуудал юу байна вэ?
-Замын-Үүдийн хөгжлийг хурдасгахын тулд төр засгаас шийдвэрчихсэн дэд бүтцийн байгууламж, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх юм.
Боомтын хяналт шалгалтанд олон улсын стандартад нийцсэн шинэ дэвшилтэд техник хэрэгсэл нэвтрүүлэх, Эрээний ачаа тээврийн шинэ боомтыг угтуулан шинээр ачаа тээврийн боомт барих, Эх орны хэрэгцээ, хоёр талын иргэдэд ашигтай байх үүднээс Замын-Үүд боомтоор нүүрс экспортлох шийдвэрийг холбогдох байгууллагаар гаргуулах, нүүрсний тусгай зам, гарц бий болгохоор боллоо.
Манай боомтын албан хаагчид 2 ээлжинд шилжиж, ажиллах хугацаа уртасвал Замын-Үүдэд суудлын гурван галт тэрэг ирдэг болгох. Энэ арга хэмжээг наймдугаар сарын 16-ны өдрөөс туршилтаар хэрэгжүүлж эхэллээ. Монгол Хятад улсын ард түмнүүдийн найрамдал нөхөрлөл, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Замын-Үүд Эрээний хөгжил, харилцааны цар хүрээнээс ихээхэн хамаарна.
Товчхондоо хэлэхэд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны гүүр бол яалт ч үгүй Эрээн Замын-Үүд байсан ба байсаар ч байх болно. Энэ бүхэнд бидний санаачилга зүтгэл ямагт өндөр байх ёстой.
И.Лхагва
URL:













