Сэхээнд буй Сэлбэ гол сэргэх цаг удахгүй

Туул гол харин өргөн Сэлэнгийн дайны их усан хаялагатай байсан юм уу даа. Хотжилт, буруу хот төлөвлөлт, хүн амын хэт төвлөрлийн нөлөөгөөр баруун Сэлбэ огт байгаагүй юм шиг газрын гаваар шурган оржээ. Одоо байсан бол Ногоон нуурын гэр хорооллын дундуур урсан УИД, ОХУ-ын ЭСЯ-ны хавиар урагш явсаар Дунд голд цутгах байж.

Ногоон нуурыг баруун Сэлбийн ус хэт хуримтлагдсанаас үүссэн ч гэж хууччуул ярьдаг. УИД-ийн шал довжоо зарим өвөл овойж товойн хөлдөж, ус шүүрдэг нь одоо ч баруун Сэлбийн амьсгал бүрэн “тасарчихаагүйг илтгэнэ. Зүүн Сэлбийн хувьд жил ирэх тусам урсгал нь багассаар байсан.

Цагтаа энэ голын ус ёстой л цалгиж, халгиж байлаа. Харин өнөөдөр бохирын ус, хог шороогоор дүүрэн, амь тавин нарийн судал татан урсах Сэлбэ голыг харж буй бидэнд энэ үнэн гэж үү гэх бодол төрнө. Гол, мөрний урсгалд хог байтугай цагаан сүү дусаахыг цээрлэдэг монголчуудын уламжлал болсон ёс бий. Гэвч өнөөдөр энэ ёс мартагдаж хэн хүнгүй голын усанд машинаа угааж, бие засан, хиртэй хувцсаа булхах нь нүдэнд дасал болжээ.

Сэлбэ гол амь тавин татрах болсон нь ердөө л хүний буруутай үйл ажиллагаатай салшгуй холбоотой. Хотжилт жилээс жилд хүрээгээ тэлэхийн хэрээр хаана л барилга байгууламж барих талбай байна, тэр бүх онгорхой цоорхойд байшин босгосон. Энэ муу зуршил Сэлбийн эрэг хөвөөг тойрсонгүй. Сэлбэ голын усны эх үүсвэрийн 69 хувийг хур бороо, таван хувийг цас, мөс, үерийн шар ус, 26 хувийг хөрсний ус эзэлдэг.

Гэвч дээрх барилга байгууламжийн улмаас шар усны үер Сэлбэ голд тэжээл болон очихоо больсон байна. Нэгэнт баригдаад иргэд суурьшсан барилгыг нураана гэдэг бүтэшгүй зүйл. Гагцхүү нэмж барилга бариулахгүй, айл буулгахгүй, тэр хавийн жорлон, худгийн тоог цөөлөн мод олноор тарих нь зүй ёсны шийдэл юм.

Байсан зүйлийг үгүйрүүлж, дараа нь бий болгох гэж хэдэн тэрбумаар нь хөрөнгө зарцуулдаг үзэгдэл уламжлал болсон юм шиг. Дараагийн удаа юу устаж, үгүйрсэн гэж сонстох бол гэхээс одоо яс хавтайдаг болжээ. Байхгүй болсон хойно нь биш байх үед нь хайрлаж хамгаалахгүй бол байгалиас заяасан бүхэн мөхөж, бүгд хиймэл зүйлээр солигдох вий дээ.

Сэлбэ гол “Сэлбэ хогийн цэг” болсон энэ үед Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын санаачлагаар хэрэгжүүлж буй “Сэлбэ” төслийн хүргээчд хотын дундуур урсдаг ганц голоо сэргээн тохижуулж байгаа нь сайшаалтай ч дараа нь дахиад л… гэх бодол эрхгүй сэтгэл эмзэглүүлнэ.

Гэхдээ сэрүүн Сэлбэ нэг урсаад эхэлбэл бас ч гэж учиртай л байх. Нийслэлийн Засаг даргын санаачлагыг хэрэгжүулэх ажлыг Сүхбаатар үүрэг харицан гүйцэтгэж байна. Сэхээнд буй Сэлбэ голоо нүд унамаар гоё болчихвол сайхан л байна.

Тэгвэл сэхээнд байгаа Сэлбэ гол сэргэх цаг тун удахгүй ирэх нь ээ. Сэлбэ голыг сэргээх ажил үргэлжилж, усны гольдролыг зүүн талын эргээр нь урсгахаар өөрчилж, хөрсийг нь хатааж эхлээд арав гаруй хонож байна.

Барилгын ажлыг “Норбу” ХХК-ийн 60 ажилчин ОХУ-аас ирсэн зөвлөх дөрвөн инженерийн удирдлаган дор хоёр ээлжээр гүйцэтгэж байгаа аж. Нийт 1300 метр талбайг сэргээн засварлахад найман тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.

100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 350 метр газарт хоёр тэрбум төгрөгийн засварыг ирэх арваннэгдүгээр cap хүртэл хийхээр төлөвлөжээ. үлдсэн талбайн засварыг ирэх онд дулааны улирал эхэлмэгц үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон байна.

Хэнтийн нурууны баруун хойд салбар уулсаас эх аван 35 километр газар урсаж, Туул голын баруун хэсэгт цутгадаг Сэлбэ гол тасралтгүй урсгалтай болчихвол сэхээ авах нь тэр. Төслийн багийнхан Сэлбийн усны эх үүсвэрт хөрсний болон үерийн ус ашиглах шийдлийг сонгожээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын төв ба хойд хэcгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүллийн байгууламжийн 800мм голчтой хоолойгоор урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар шахна. Ингэхдээ зуны улиралд Сэлбэ голд, өвөл Туул голд нийлүүлэх юм байна.

Мөн уг шахуургын станцын тусламжтайгаар тус бур 20 цацруулагчтай 20 метр урт, 6-7 метр өндөр, орчин үеийн гэрэлтүүлэгтэй, хоёр эгнээ оргилуур ажиллуулах аж. Голын ус газрын хөрсөнд шингэдэг тул үүнээс сэргийлэн ёроолд нь ус нэвтэрдэггүй төхөөрөмж суулган дээгүүр нь хайргаар хучилт хийх юм байна.

Мөн 1988 онд усны найман халиагуур барьсан нь өнөөдөр нурж, эвдрэн голын дунд хог болон үлдсэн байна. Тиймээс 150-180 метрийн зайтай найман усны халиагуур шинээр барьснаар 0.6-0.8 метр гүн усны толио үүсэх аж. Төлөвлөөд байгаа тохижилтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан явган хүний зам, сүүдрэвч, хогийн сав, сандал, мод суулгалт гээд бүгд багтжээ.

Мөн хүүхэд багачуудад зориулсан дугуйт тэшүүрээр гулгах, дугуй унах гээд чөлөөт цагаа өнгөрөөх олон боломжийг бүрдүүлж өгч байгаа гэнэ. ийнхүү орчин үеийн шийдлээр тохижуулсан ногоон байгууламж нийслэл хотод маань нэгээр нэмэгдэж буй нь юутай сайхан. Хамгийн гол нь сэхээнд байгаа Сэлбэ ийнхүү сэргэнэ гэдэг дараа дараагийн иймэрхүү ажилд ч жишиг болох буй за.

С.Дуламсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих