Нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан бүсгүй амиа хорлосон уу эсвэл…

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан хэрэг, төрсөн эцэгтээ зодуулж, хүнд бэртэл авсан бяцхан хүү, хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг аваад хэвтэрт ортлоо зодуулсан хүү, нөхөртөө зодуулсан эмэгтэйчүүд. Энэ бүхэн гэр бүлийн хүчирхийлэл. Тоочоод байвал гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэг, хоёроор тогтохгүй. Жилд дунджаар 300-400 хүн гэр бүлийн хүчирхийлэл өртдөг байна.

Гэвч гэр бүлийнхээ орчинд хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэр бүр цагдаад хандаад, бусдад хэлээд байдаггүй. Энэ нь нэг талаар хүчирхийлэгчийг даврааж, дахин хүчирхийлэл хийхэд хүргэдэг. Зориг гарган хандсан тохиолдол бий ч хуулийн байгууллагынхан үл тоомсорлож хүлээж авдаггүй байна. Тодруулбал нөхөр нь согтуу бол эрүүлжүүлэхэд хэд хоног хориод гаргадаг. Эсвэл гэр бүлийн асуудал гээд л орхидог аж.

Саяхан гэхэд Налайх дүүрэгт нэгэн хүн амины ноцтой хэрэг гарсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхөр нь эхнэрээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарч олныг сэртхийлгээд байна. Талийгаач бүсгүйн ар гэрийнхний хэлж буйгаар бүсгүй олон жил нөхрийнхөө дарамтанд амьдарч байсан гэнэ. Талийгаач О, Б-тэй гэр бүл болоод 18 жил болж байгаа бөгөөд 16, 14 насны хоёр хүүхэдтэй аж.

Хэрэг гарахын өмнөх өдөр буюу энэ сарын 14-нд Б эхнэрээ нүүр, нүдгүй зодож улмаар Налайх дүүргийн цагдаагийн газарт саатуулагджээ. Гэтэл цагдаа нар түүнийг 11:00 цагийн үед саатуулсан гэж байгаа ч 17:00 цагийн үед суллагдан, гудамжаар явж байсан талаар хохирогчийн ар гэрийнхэн хэлж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь цагдаагийн тэмдэглэлд Б-г 2015 оны аравдугаар сарын 14-ны 11 цагт саатуулаад 15-нд сулласан гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хэлтэст 24 цаг байлгасан гэсэн байна.

Уг нь Б-г Албадан саатуулах байр руу ачуулах гэж байсан ч Налайх дүүргийн цагдаа нар 15000 төгрөгөөр торгоод сулласанд хохирогчийн дүү нар гомдолтой байгаа юм. Мөн сэжигтэн Б цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ахлагч цолтой юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хоёр ч удаа ёс зүйн дүрэм зөрчиж сахилгын шийтгэл оноож ажлаас нь чөлөөлж байжээ.

Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад “Налайх дүүрэгт ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ эхнэрээ алсан гэгдэж буй нөхрийн хувьд талийгаачийг нас барахын өмнөх өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж, танхайрсаны улмаас эрүүлжүүлэгдсэн байсан. Түүнд хуулийн дагуу арга хэмжээ аваад маргааш нь гаргасан ч тухайн өдөр нь эхнэр нь амиа хорлосон байдалтайгаар олдсон байгаа. Тэгэхээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг Шүүх шинжилгээгээр тогтооно” гэв. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Ганцхан энэ жишээнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн “бай” нь эмэгтэйчүүд, үр хүүхдүүд хохирогчид болсоор байна. Өнөөдөр хэчнээн эмэгтэйчүүд, хүүхэд гэр бүлийн хүрээний нуугдмал дарамтад өртөж, бие, сэтгэлээрээ хохирсоноо нуун дарагдуулж, айдаст автаж буйг таахын аргагүй. Учир нь дээр дурьдсанчлан ойр дотны хүчирхийлэгчид нь тэднийг байнгын дарамтад байлгадаг ажээ. Өөрөөр хэлбэл, “Чи амиа алдахыг хүсээгүй л бол намайг илчлээрэй, зүйл дуусгана шүү…!” гэх мэтчилэн дарамталж, хүйтэн мэс тулган сүрдүүлдэг байсан тухай өмнөх илэрсэн хэргүүдийн тод жишээ ч харуулж байна.

Г.Ганаа

Эх сурвалж: Mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих