Хотын даргын нэр дээр олон зарга үүсгэжээ

Нийслэлийн өнгө үзэмжинд хамгийн их санаа тавих ёстой хүний нэг бол яах аргагүй нийслэлийн Засаг дарга.

Гэтэл саяхан Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Байдраг хотын захирагч Г.Мөнхбаярт хаягласан гурван нэхэмжлэл нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд байгаа талаар хэвлэлд ярьсан. Эдгээр нэхэмжлэл бүгд газрын маргаантай холбоотой гэсэн нь ихээхэн сонирхол татав.

Г.Мөнхбаяр дарга болон “Алтай Констракшн” компанийн хооронд үүссэн үл ойлголцол шүүх цагдаа дээрээ тулж байгааг бид мэднэ. Хотын дарга Хан-Уул дүүргийн иргэдийн гомдлын дагуу “Алтай Констракшн”-д олгоод байсан тус дүүргийн төв зам дагуу байрлах 0.5 га газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь дээрх маргааныг эхлүүлсэн аж. Энэ бол энгийн л нэг жишээ.

Гэтэл нийслэлийн Засаг даргатай холбоотой газрын маргааныг шийдвэрлүүлэхийг хүссэн өргөдөл, гомдол долоо хоногт л гэхэд 300 орчим ирдэг гэж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн холбогдох албаныхан бидэнд хэлсэн юм. Итгэхээргүй тоо шүү.

Долоо хоногт л гэхэд нийслэлийн Захиргааны шүүхэд 800 гаруй хэрэг, маргаантай холбоотой өргөдөл, гомдол ирдгээс 400 гаруй нь газрын маргаантай холбоотой байдаг аж. Харин үүнээс Г.Мөнхбаяр даргатай холбоотой дээрх 300 орчим газрын маргааны 60 гаруй нь л бүрэн шийдэгддэг байна.

Харин зарим өргөдөл, гомдлоос дурьдвал “Сумбай ХХК”, “Монгол Дээвэр ХЖ”, “OUGCCCC ХЖ”, “Шипр ХХК”, “Мон-Чингис ХХК” зэрэг компаниудын газар эзэмших гэрчилгээг хотын дарга хүчингүй болгосонтой холбоотой маргаан одоогоор шийдэгдээгүй байгаа аж. Мэдээж энэ бол өргөдөл, гомдол гаргасан дээрх компаниудын одоо байрлаж байгаа, эсвэл өөр газар “Өмчлөх” эрх авсан гэрчилгээнүүдийг Г.Мөнхбаяр дарга цуцалсан гэсэн үг л дээ.

Хууль зөрчсөн, зөрчөөгүй гээд дор бүрнээ өөр өөр утгатай маргаанууд гэсэн үг. Үүний зэрэгцээ аж, ахуйн зориулалтаар ч юм уу, худалдаа хийх зорилгоор газар авсан зарим хувь хүмүүсийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь ч энд зарга үүсгэдэг байна. Жишээ нь иргэн Н.Аюурзана, У.Сүхбаатар, П.Насанбат, Д.Дамдиндорж, Н.Гантулга гэх мэт арав гаруй иргэн хотын даргын нэр дээр одоогийн байдлаар зарга үүсгээд байгаа аж.

Үүнээс гадна Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ашигт малтмалын газар, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны гээд маш олон газраас дүүргүүдийн Засаг дарга нарын нэр дээр газрын маргаантай олон өргөдөл ирдэг юм билээ. Тэр бүрийг шийдвэрлэж амждаггүй талаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн нэгэн шүүгч бидэнд “гомдол” мэдүүлээд амжсан.

Хотын дарга Г.Мөнхбаярын хувьд тус шүүхийн гол “үйлчлүүлэгч” төдийгүй түүний нэр дээр энэ мэт олон газрын маргааны хэрэг иргэдээс шийдэгдээгүй нь давамгайлсан байдаг нь ийнхүү харагдлаа.

Ямартай ч сүүлийн үед нийслэл хотын өнгө үзэмжинд ихээхэн хөрөнгө зарцуулж томоохон шинэчлэлийг хийж байгаа хотын дарга Г.Мөнхбаярын эргэн тойронд сайнтай муутай олон асуудал байна.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих