Оюутнууд тайван жагсаал хийнэ

Арван оюутан тутмын долоо нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна Монголын оюутны холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх сарын 04-ний өдөр Монголын оюутны байгууллага үүсэж хөгжсөний 73 жилийн ойн өдөр тохионо.
Ойн хүрээнд МОХ-ноос тайван жагсаал хийж, засгийн газарт оюутны хөдөлмөр эрхлэлттийг дэмжих, Үндэсний тэтгэлгийг хэвийн олгох, нийтийн тээврийн үйлчилгээнд оюутны эрхийг хангах зэрэг асуудлуудаар шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Мэдээллийн үеэр МОХ-ноос Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд www.icv.mn сайтыг нээн ажиллуулж, “21700 оюутныг ажлын байртай болгох Үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж эхлэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Монгол улс нийт 217 мянган оюутантай. Үүнээс 10 хувийг нь ажлын байраар хангах зорилт тавьж буйгаа МОХ-ноос онцолсон юм. МОХ-ноос явуулсан судалгаагаар арван оюутны тутмын долоо нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаа нь тогтоогдсон байна. Гэтэл сүүлийн үед нийгмийн сүлжээнд оюутны нэр хүнд унаж, үнэлэмжийн байдал эрс доошилсоор байгаа. Оюутнууд ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж, хичээлийн бус цагаар орлого олох идэвх санаачлагатай байдаг.
Гэсэн хэдий ч уг нийгмийн харилцааг зохицуулсан хууль байхгүй тул хөдөлмөр эрхлэлт ноцтойгоор зөрчигдөх тохиолдол ч цөөнгүй гардаг гэдгийг МОХ-ноос тодотгож байгаа юм. Мөн оюутанд хуулиар олгогдсон цөөн эрхийн нэг болох 70.200 төгрөгийн Үндэсний тэтгэлэг өнгөрсөн оны 9 сараас хойш 52 мянган оюутанд олгогдоогүй байгааг мэдээллийн үеэр онцолж, уг асуудлаар засгийн газрын зүгээс тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм. Түүнчлэн өмнөх оны хичээлийн жилийн сүүл саруудын тэтгэлэгээ авч чадаагүй оюутнууд ч байдаг аж.
Монголын оюутны талбай “Blue moon”-ий авто зогсоол болсон гэв Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд талбайг засгийн газраас 2002 онд “Оюутны талбай” хэмээн тогтоож байжээ. Оюутны талбайд оюутны хөгжилд зориулсан барилга байгууламж баригдах, цаашлаад амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангасан байдлаар тохижуулах ёстой байтал одоо “Blue moon”-ий авто зогсоол болсон талаар МОХ-ныхон онцоллоо.
Уг асуудлаар МОХ-ноос шаардлага тавьж, Оюутны талбайг ашиг олох зорилгоор авто зогсоол хэлбэрээр ашиглаж буйг эсэргүүцсээр ирсэн боловч тодорхой үр дүнд хүрдэггүй аж. Тиймээс МОХ-ны зүгээс холбогдох газруудад Оюутны талбайг чөлөөлөх асуудлаар дахин шаардлага хүргүүлэхээ мөн уламжилсан юм. Оюутнууд өөрсдийн талбайгаа зохих ёсоор нь ашиглаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байхын төлөө тэд ийн тэмцэхээр шийджээ. З.Төмөртөмөө: Нийслэлийн оюутнууд АСЕМ-ийн үеэр ажиллах боломжтой
Мэдээллийн үеэр МОХ-ны дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөөгөөс дараах тодруулгыг авлаа.
- Монголын оюутны байгууллага үүсэж хөгжсөний 73 жилийн ойгоор МОХ-ноос тайван жагсаал хийхээр төлөвлөсөн байна. Тайван жагсаалын гол зорилго нь юу бэ?
- Энэ тэмдэглэлт өдөр өөрөө оюутны эрхийн өдөр учраас оюутнууд дуу хоолойгоо олон нийт, төр засагтаа хүргэх зорилгоор тайван жагсаал зохион байгуулагдах юм. Тайван жагсаалын хүрээнд БСШУЯ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ. Оюутнууд тайван замаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг.
- Ямар асуудлуудаар шаардлага хүргүүлэхээр төлөвлөсөн бэ?
- Үндэсний тэтгэлэг буюу 70.200 төгрөгийг сар бүр хэвийн олгох, нийтийн тээврийн асуудал, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд тодорхой хуультай болох, ажлын байраар хангах асуудлыг дэмжих зэрэг асуудлуудаар шаардлага хүргүүлнэ.
- Үндэсний тэтгэлэг хэвийн олгогдохгүй байгаа талаар оюутнууд мэдээж багагүй санал хүсэлт та бүхэнд ирүүлдэг байх. Цаашаа уламжилахаар ямар хариу хэлдэг бэ?
- МОХ-нд ирж буй санал хүсэлт, гомдлын 70-80 хувь нь Үндэсний тэтгэлгийн хэвийн олголтын асуудал байдаг. Мэдээж бид дээш нь маш олон удаа уламжилж байна. Албан бичгээр бидэнд өдийг хүртэл хариу ирүүлээгүй. Аман байдлаар төсөв хүнд байна, санхүүжилт ирээгүй гэх зэрэг тайлбар хийдэг.
– АСЕМ-ийн чуулганы үеэр оюутнуудыг ажлын байраар хангах тал дээр МОХ хэрхэн ажиллаж байна?
- АСЕМ-ийг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгүүдэд МОХ-ны төлөөлөл орсон байгаа. Оюутнуудаа аль болох олноор нь ажлын байранд хамруулахыг зорьж ажиллаж байгаа. Оюутнуудын амралтын үе таарч байгаа учраас Нийслэлд амьдардаг оюутнуудын ихэнх нь ажиллах боломжтой. Цагийн хөдөлмөр эрхлэлтээс ажиллах хөлс нь өндөр байгаа учраас оюутнууд энэ үеэр ажиллах хүсэлтээ МОХ-нд олноор нь ирүүлж байгаа.
- Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой www.icv.mn сайт удахгүй ажиллах юм байна. Оюутнууд шууд энэ сайтад хандаад мэдээллээ байршуулаад явах боломжтой юу?
- Оюуны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг манайхан их хүндрүүлчихдэг. Оюутан анкетаа бөглөөд Хөдөлмөрийн яамны бирж дээр аваачиж өгөөд, түүнийг нь холбогдох байгууллага руу майлдах зэргээр олон шат дамжлагатай, чирэгдэлтэй байдаг. Энэ нь техник технологи хөгжиж буй цагт хоцрогдсон арга юм. Тэгэхээр энэ сайт уг харилцааг илүү хөнгөвчилж, шууд оюутнууд өөрсдөө оруулаад, хянаад явах боломжийг олгож байгаа юм. Оюутнууд www.icv.mn сайтад мэдээллээ шууд байршуулаад, танилцуулгаа гар утсан дээрээ сээлфи маягаар хийгээд давхар нийтлэх хүртэл боломжтой. Ажил олгогч нар сайтад тодорхой төлбөр төлөөд нэвтэрнэ. Оюутнуудын мэдээлэлтэй танилцаж, тохирох ажилтнаа сонгох эрх эдэлнэ гэсэн үг.
Т.Гэрэл
URL:




