Тахир дутуу ардчилал

20 жилийн түүхтэй ардчилал маань цаг хугацааны хувьд эрийн цээнд хүрлээ харин оюун ухаан, төлөвшлийн хувьд нялх хүүхэд шиг л байна. Энэ хорин жилд ардчилал танд юу өгөв. Монголын ард түмний 20 жилийн амь амьдрал, хөлс, хүч юунд зарцуулагдав. Ганзагын наймаачнаас компаний захирал болтлоо зарим нь дэвшиж, боловсролтой сэхээтнээс траншейний иргэн болтлоо зарим нь доройтов. Энэ зөв логик уу? эсвэл гажуудал уу?
Ардчилал бол ард түмний засаглал. Ард түмний засаглал ард түмний төлөө байх ёстой гэсэн хамгийн дээд зорилготой. Тэр л дээд зорилгийнхоо төлөө ардчилагчид амь нас, амьдралаараа дэнчин тавин байж тэмцдэг. Тэдний тэмцлийн, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүн төрөлхтөн өнөөдөр ардчилалын үр шимийг хүртэж байна. Хүн төрөлхтөн эрх чөлөөг мэдэрч, шударга ёсыг дагаж, энэрэнгүй төрийг сонгож, зөв баталгаатай амьдралаар амьдарч байна.
Өнөөдөр хүн төрөлхтөн ардчилалыг төрийн хамгийн зөв хэлбэр хэмээн ардчилсан төрийг хамгаас илүүтэйгээр хүсэж байна. Тэгвэл ардчилсан төр ямар байх ёстой вэ? Ардчилал гэж чухам юу вэ?
Ардчилалын онолыг тэртээ 2500 жилийн өмнөөс Платон, Аристотель анхлан ярьж улмаар хүн төрөлхтний түүхийн бүхий л үеүдэд ардчилал гэж чухам юу болох талаар эрдэмтэн, мэдлэгтнүүд өөрсдийн үзэл онолдоо тусгасаар ирсэн. Ардчилал өөрийн гэсэн үнэт зүйлүүдтэй. Тэр үнэт зүйлүүд нь ардчилалыг хүмүүнлэг, иргэний  төр болгодог. Хүмүүнлэг, иргэндээ чиглэсэн бодлоготой төрийг л иргэд хүсдэг учраас ардчилалыг сонгодог. Ардчилал ард түмнийг алагчлалгүйгээр, тэгш эрх, эв нэгдэл, шударга ёс гэсэн үнэт зүйлүүдээрээ бүгдэд тэнцүү ханддаг. Тийм ч учраас ардчилал хамгаас илүү нь.
Францын Философич Монтиску \ Montesquieu1689-1755\ төрийн гурван баганыг ангилсан байдаг.
Үүнд:
Хууль тогтоох: Legislative-Монголд УИХ энэ засаглалыг хэрэгжүүлдэг. 76 гишүүнээ 4 жилд нэг удаа сонгодог харин эргүүлэн татах боломж байхгүй учраас нэгэнт сонгогдсон хүмүүс ёстой л дураараа авирлаж дунд чөмгөөрөө жиргэнэ. Тэдэнд ёс суртахууны, мэдлэг боловсролын, хүмүүжлийн, эх оронч иргэний хичээл орох зайлшгүй шаардлагатай байна. Хууль тогтоох засаглал иймэрхүү маягаар ялзарсан, системийн шинэчлэл хийхгүй л бол засаглалын энэ хэлбэр данхайсаар байгаад бэртэгчин бэлтгэх академи болох нь.
Гүйцэтгэх: executive- Монголд засгийн газар гэхдээ биеэ даасан биш УИХ-аас сонгогддог засгийн газар. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр Монголд засаглалууд нь холилдчихсон гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй хүн өөр өөрийн шинжүүдээрээ ялгардаг, харин эрэгтэй хүн эмэгтэй хүний шинжүүдтэй байвал хүүхэнлэг бүр ихэдвэл манин болдог. Бид өнөөдөр манин засгийн газартай болчихоод байна. УИХ болон засгийн газарт ямар ч ялгаа алга. Тус тусдаа бүтэц зохион байгуулалттай байх ёстой атал нэг оронд орж тэврэлдчихээд ард түмнээ хууран мэхэлж бэртэгчин зангаараа шунахайрхаас өөр зүйл үнэндээ алга. Гүйцэтгэх ёстой институт нь хууль тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл оюутан хүн шалгалт өгчихөөд тэр шалгалтаа өөрөө засаад өөртөө дүн тавиад байгаатай адил юм.

Шүүх: judicative-Монголд Шүүх засаглал. Дээд шүүхийн мөн чанарыг алдагдуулж, чухал үүргийг нь саармагжуулахын тулд Үндсэн хуулийн цэц гэж хиймэл байгууллага гаргаж ирсэн. Ингээд энэ хиймэл байгууллага Дээд шүүхийн бүрэн эрхт байдалд халдаж ажилд нь дэндүү их оролцож байна. Үндсэн хуулийн цэцийн ард ерөнхийлөгч нуугдачихаад Дээд шүүхийн оронд гарч ирээд би нэг өндөрлөг гээд хэлчихдэг. Уг нь ерөнхийлөгч төрийн гурван баганы аль  нь ч биш зүгээр бэлгэ тэмдгийн шинжтэй этгээд шүү дээ. Даанч Монголын ерөнхийлөгч дэндүү их эрх мэдлээрээ шүүх засаглалаа дарчих юм. Үнэндээ дээд шүүх ерөнхийлөгч хэмээх тодорхойгүй албан тушаалтны тоглоом болчихжээ.
Дэлхийн ардчилсан улс орнууд өнөөдөр яг л энэ системээр засаглалаа хэрэгжүүлж байна. Анхнаасаа төрийн бүтэц зохион байгуулалтаа зөв хийчихсэн учраас АНУ зэрэг орнуудад төрийн иймэрхүү улс төрийн цагаан толгойн асуудал тохиолддоггүй. Харин эдийн засаг, нийгмийн асуудлаа яаж шийдэх талаараа л бодлогоо хэлэлцдэг.  АНУ, ИХ Британы, Герман гээд л мөн манай Монгол ч энэ загвараар явж байгаа. Даанч засаглалын эдгээр хэлбэрүүд нь хоорондоо холилдчихоод эсвэл нэг нэгнээсээ хэт хараат байгаа учраас ардчилал Монголоос дөлсөөр байна. Монголыг ардчилсан орон болгохын тулд засаглалын бие даасан хараат бус байдлыг эхлээд хангах учиртай.
Ардчилсан төр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаараа дамжуулан ардчилсан бодлогоо хэрэгжүүдэг. Ардчилсан бодлого гэдэг нь мөн ард түмнийхээ төлөө гэсэн хүмүүнлэг үзэл дээр тогтдог. Хүмүүнлэг Иргэний Ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхийн төлөө Монгол улс “Үндсэн Хууль” даа тунхагласан.
Үүнд:
Хүмүүнлэг нийгэм-Хүн хамгаас эрхэм бас үнэтэй, Хүнээс дээгүүр зүйл, Монгол хүнээс дээгүүр зүйл Монголд байх ёсгүй. Харин өнөөдөр бид Монгол хүнээ экспортлоод дууслаа шүү дээ. Ухаантай, зоригтой, чадалтай залуучуудаа өвгөрсөн, гуйлгачин, замбараагүй гадныхнаар сольсоор л байх уу. Монгол хүнд хамгаас хатуу, Монголын пүүс компаниудад хамгаас чанга хууль тогтоомжуудтай. Үүнийг л лав Хүмүүнлэг төр, нийгэм гэж хэлэхгүй байх. Монгол хүн үнэтэй юу? Монгол мал үнэтэй юу?
Иргэний нийгэм-. Иргэн хүн нь нийгмийн харилцаанд оролцох чадвартай, улс төрийн боловсролтой, биеэ даасан этгээд юм. Тиймээс иргэн хүнийг төлөвшүүлэхийн тулд ясли, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиар дамжуулан боловсруулдаг. Харин Монголд энэ тогтолцоо ямар байгааг бүгд л мэднэ байх. Ухамсартай, мэдлэг боловсролтой, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүнийг л иргэн гэж хэлмээр санагдлаа.
Ардчилсан нийгэм- Хүн бүхэнд ойлгомжтой хэрнээ бас асуухаар эрх чөлөө гэхээс өөрөөр хариулж чаддаггүй хөнгөхөн хэрнээ хүндхэн асуулт бол ардчилал гэж юу вэ? Магадгүй танд ч гэсэн ардчилалыг мэдэхийг хүссэн хүсэл байгаа байх. Ардчилал хэнийг ч ялгах ёсгүй. Монголын ардчилал хүн амын 5 хувьд нь үйлчилдэг, үлдсэн 95 хувийг нь хувь заяагаа дага, амьдрал хутуу шүү хэмээн түлхдэг. Ардчилсан нийгэмд хүн наад зах нь идэх хоол, өмсөх хувцас, орон орноор хангагдах ёстой. Үүнийг ардчилалсан орнууд нэгэн дуугаар зөвшөөрдөг мөн биелүүлдэг.  Монголд идэх хоол, өмсөх хувцас, орох орондоо сэтгэл зовдоггүй хүн хэд вэ? Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэгээд ардчилсан орон уу эсвэл ардчилсан бус орон уу гэдгийг нь мэднэ.

Эцэст нь Монголд төгс ардчилал иржээ гэсэн ардчилсан намынхны дүгнэлтийг жоохон ухаж ойлгочихоод энэ нийтлэлээ төгсгье. Төгс нийгмийг ямар ч улс түүхийнхээ ямар ч үед бий болгож чадаагүй. Харин иргэдээ сайн амьдралаар амьдруулж, эх орноо хөгжүүлэхийг л үе үеийн төрүүд эрмэлздэг. Төгс ардчилал гэсэн сонгуулийн шоу хийсэн, хоосон нэр томъёогоор ард түмнийг ахиад л төөрөлдүүлэх гэж оролцож байна. Та нар 20 энэ жилд ямар ардчилалыг бий болгосон юм бэ? Монгол хүн ардчилалын үр шимийг хүртэж чадав уу?

Улс орныг хангалттай хувааж идсэн, ард түмний татварын мөнгөөр хангалттай туйлсан, эх орныхоо баялгийг хангалттай сүйтгэсэн. Одоо болно ардчилагчид аа та нар Монголд ардчилалыг авчирч чадаагүй. Тиймээс шинэ үед зайгаа тавьж өгөөд тэтгэвэртээ сууцгаа гэж хэлмээр байна.
Ардчилсан хувьсгал Монголыг ардчилсан орон болгож чадсан уу?
Д. Санчир


URL:

Сэтгэгдэл бичих