Хадгаар боймолсон модод амь тасарч байна

Мод ургахгүй байх бас нэгэн шалтгаан нь модонд элдэв зүйл уях өөрөөр хэлбэл хадаг, хийморийн дарцаг зэрэг шашны эд хэрэглэлийг хаа сайгүй мод болгонд уях гэнэ шүү. Мод хадаг уясан хэсгээрээ тасарч, илжирдэг, үгүйдээ л ургалт нь зогсдог юм байна. Тиймээс модонд хадаг, яндар уяхгүй байх яриа Туул голын эрэг дээр өрнөсөн юм. Учир нь өнгөрсөн бямба гаригт “GTE” нийгэмлэгээс санаачлан Туул голын эрэг дагуух 12 км орчимд модонд өлгөсөн хадаг, хийморийн дарцаг зэрэг эд зүйлс болон бөөгийн отог орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Гэхдээ энд дээр өгүүлсэн шашны эд зүйлийг модонд уядаг гэгддэг бөөн нар буюу 200 гаруй бөө болон Үндэсний тагнуулын академийн 50 гаруй оюутан хамтрав. Тэд Туулын эргийг нийт таван фортер ачааны машин хогоос ангижруулав.

Маршалын гүүрнээс зүүн тийш хэсэг газарт бөөгийн отог гэж нэрлэсэн газар байдаг. Хог цэвэрлэгээний баг эхний ажлаа тэндээс эхлэхэд ёстой л хүний хоёр хар нүднээс бусад нь байсан гэхэд хилсдэхгүй.  Шашны зан үйл хийж байна гээд байгалиа бохирдуулна гэдэг байж болшгүй зүйл. Гэтэл энд малын сэг зэм, араг яс, хонины толгой гээд зүсэн зүйлийг хог овоолоостой. Жирийн нэгэн очвол юун бөөгийн отог вэ, жижигхэн хогийн цэг гэмээр л болсон байлаа.  Зөвхөн энэ отгийн орчмоос гэхэд хоёр фортер машин хог гаргаж авсан. Цэвэрлэгээний баг хоёр хэсэг хуваагдан Туулын хоёр талын эрэг дагуу хог “нэгжив”. Нийт 12 км замд малгай, хэнгэрэг гээд бөөгийн хэрэглэдэг юм болгон байсан. Шашны зан үйлийн болон бөөд хэрэглэдэг зүйлсээ ингэж хаядгийг тодруулахад цэвэрлэгээнд оролцсон бөө “Уг нь ингэж хамаагүй хаяж болохгүй л дээ. Сүүлийн үед хүн болгон л бөө болж байгаа учраас зарим нэг нь учраа мэдэхгүй, тухайн зан үйл, шашны тухай мэдэхгүйгээс ингэж хаяж байгаа байх. Бид ч гэсэн их гайхаж байна. Янз янзын шалтгаан л байдаг байх. Хэлж мэдэхгүй юм” гэж байсан.  Хэдийгээр шашин шүтэх эсэх нь тухайн хүний эрх боловч шашны зан үйл нь иймэрхүү байдалтай байгаль орчныг нь сүйтгэн, бохирдуулж байгааг харвал гайхах хүн олон гарч ирэх биз.

Дээр өгүүлсэн хадаг уяхад мод ургахаа больдог гэдэг нь үнэхээр үнэн гэдгийг нүдээрээ харав. Модны хадаг уясан хэсэг нь хөгцөрч, өмхөрч, зарим газраар тасарсан байх юм. Мод агаар амьсгалж, нараар төлжин ургадаг атал ийнхүү амьсгалыг нь боочихсон учраас аргагүй ч биз. Ер нь Туул гол дагуу ийм хадаг, яндар “чимэгтэй” модод их байдаг юм байна. Бүр цэнхэр өнгөтөй гэж харагдтал нь хадгаар ороочихсон модтой олон таарсан. Тэд нь өмхөрч, илжрээд ургах аргагүй болсныг хараад харамсаар байсан шүү.

Тиймээс л хаа дуртай газар, модонд хадаг өлгөхгүй байхыг цэвэрлэгээнд оролцсон 200 гаруй бөө уриалж байлаа. Өмнө нь Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ хийж байсан ч хүндэтгэл, сүсэг бишрэлтэй иргэд  модонд уясан хадганд хүрдэггүй байсан аж. Тиймээс тус төрийн бус байгууллагаас санаачлан бөө нар өөрсдөө үүнийг цэвэрлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Хамгийн гол нь хадаг нь синтетик материалаар хийгдсэн учраас тасардаггүй. Тэр тусмаа хүмүүс хадгийг унагахгүйн тулд модонд чанга уядаг учраас хадаг модыг чивчиртэл “хүлж” илжрүүлэн ургалтыг нь зогсоодог байна. Нэг ёсондоо модны амийг таслах гэж боймолж байна гэхэд болох аж.


“GTE” нийгэмлэгийн тэргүүн Т.Дагвадорж “Туул голын эрэг дагуу цэвэрлэгээ хийснээр бид Туулын модыг аварч байна гэсэн үг юм. Бид агаарын бохирдлыг багасгая, мод таръя гэж ярьдаг хэрнээ байгаа модоо арчлахаа мартдаг. Хэрэв Туул голын эрэг дагуух моднуудыг ургах нөхцөл бололцоог нь хангаж чадвал агаарын бохирдлыг багасгахад маш том хувь нэмэр болно. Гэтэл энэ хадаг болон шашны зан үйл нь байгальд маш их хор хөнөөл учруулж, хог болж байгааг бид тэр бүр анзаардаггүй байж. Иргэд ч цэвэрлэхдээ шашны гэдэг нэрнээс нь сүрдээд хүрч чаддаггүй учраас манай нийгэмлэгээс санаачилсан энэ арга хэмжээнд бөө нар оролцож байгаа юм. Мөн Үндэсний тагнуулын академийн сонсогчид өөрсдөө санаачлан бидэнтэй нэгдэх хүсэлт тавьснаар бид хамтарч ажиллаж байна. Цаашид хотын төвд, гүүрэн дээр уясан шашны зан үйлтэй холбоотой хадаг, дарцгийг бид цэвэрлэх болно” гэлээ.

Хүн бүр мод таръя гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, түүнийг нь ч иргэд дэмжин жил бүр мод тарих өдрийг тэмдэглэдэг болсон. Тарьсан мод бүрийн тоогоор цэвэр агаар ирнэ гэж ярьдаг. Гэтэл шашны зан үйл, сүсэг бишрэлээс болж ургаж байсан модыг “хорлож”, байгальд хог нэмэрлэх нь зохисгүй зүйл гэдгийг ойлгуулахыг хүссэн 200 гаруй бөө ийнхүү бүтэн өдрийн турш Туулын эрэг дагуу 12 км-ийг самнан хог цэвэрлэлээ. Цаашид ч энэ арга хэмжээ үргэлжлэн  хотын төв, мод, гүүрэнд уясан хадгийг цэвэрлэх юм байна. Хадаг хэдийгээр хүндэтгэлийн зүйлс гэлээ ч хотын төвийн гудамж, мод, гүүрэн дээр багсайтал зүүлттэй байх нь хэр зохимжтой вэ гэж хүмүүс боддог ч тэр бүр цэвэрлэх зүрх хүрдэггүй гэдгийг “GTE” нийгэмлэгийнхэн олж харжээ. Мөн өөрсдийн энэ арга хэмжээнд олон бөө нарыг оролцоосой гэж уриалсан.

Тэд Туул голоо цэвэр ариун байлгая гэж хүн бүр уриалан дуудаж байхад зарим нэгэн нь шашны зан үйл, сүсэг бишрэл гэх нэрийдэл дор байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалж байна. Ямартай ч өнгөрөгч бямба гаригт Туул голын хэсэгхэн газар ч гэсэн хог, хадагнаас салгав. Мөн тэд дахин ийнхүү хог нэмэрлэхгүй байхыг сүсэгтэн олноос, бөө нараас хичээнгүйлэн гуйж байлаа.

Ш.ЧИМЭГ

“Ардын эрх” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих