”Өмссөнөөр маань дээрэлхэх гээд байна”
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороооны дарга cтай ярилцлаа.
-Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийг өнөөдөр /өчигдөр/ байнгын хорооноос хэлэлцэхийг дэмжлээ.
-Зарчмын хувьд хоёр хуулийн төсөл Тавантолгойн ордоос аж ахуйн нэгжүүдэд /ААН/ худалдах байсныг нь болиулж иргэдийн хүртэх хувийг 20 болгон нэмэгдүүлэх гэсэн л хуулийн төсөл. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаас хэлэлцэхийг нь дэмжсэн тохиолдолд төслүүдээ нэгтгэхээр ч тохироод байгаа.
-536 хувьцааг 1072 болгохын давуу тал?
-Үндсэн хуулиар байгалийн баялгийн өмчлөгч нь ард түмэн. Эрх барьж буй хоёр нам, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч байгалийн баялгаас иргэдэд хувь хишиг хүртээх тухай байсан. Эхний ээлжид бид сая таванц зуун мянган төгрөгийг бэлнээр олгохыг шийдэж энэ дагуу явсан. Гэтэл бэлнээр олгох нь олон сөрөг үр дагавар дагуулах болсон. Ингэхээр бэлэн бусаар ашиг өгөхийн тулд хувьцаа хэлбэрээр хуваарилах нь хамгийн зөв хуваарилалт болно гэсэн үг.
-ААН-ийн 10 хувийг болиулах гол үндэслэл нь юу гэж?
-Ингэж 10 хувийг нь болиулах үндэслэл бий. Онолын үндэслэлээр нь тайлбарлавал Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь уул уурхайгаас хамааралтай болгохгүй гэсэн хэрэг. Өнөөдөр ч хөрөнгө мөнгөтэй хүн бүхэн уул уурхай ярьж байна. Тэд яаж ийгээд л уурхайд хөрөнгө оруулахыг зорьдог болчихож. Энэ хэрээр хамгийн эрчимтэй хөгжиж буй салбар нь ч уул уурхай болчихсон. Ийм нөхцөлд бид уул уурхайгаас бусад салбарыг бодлогоор дэмжих ёстой. Гэтэл уул уурхайгаас үл хамааран оршиж байсан тэр олон мянган аж ахуй нэгжийн мөнгийг авчраад Тавантолгой руу хөрөнгө оруулалт хийнэ гэдэг эргээд өнөөх аж ахуй нэгжүүдэд сөрөг нөлөөтэй. Жишээлбэл, оёдлын цех ажиллуулснаас Тавантолгойн 40 мянган хувьцаагаа нэмж худалдаж аваад сууж байвал илүү ашигтай байж болох нь гэх ойлголт бий болбол яах вэ.
-Үнэ цэн буурна гэж тайлбарлаж байна.
-Үгүй шүү. Олон улсын бирж дээр 30 хувийг зараад 3 тэрбум орчим ам.доллар босох болов уу гэж сая Хүрэлбаатар дарга хэлж байна. Ер нь Тавантолгойн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр нэгж хувьцааны үнэ аяндаа тодорхой болно. Нэг зүйлийг тайлбарлахад, ААН-үүд Тавантолгойн хувьцааг худалдан авснаар Тавантолгойд орох хөрөнгө оруулалтын хэмжээ л нэмэгдэх болохоос биш нэгж хувьцааны үнэ өсч буурах ойлголт байхгүй. 10 хувь 20 болсноор хувьцааны үнэ цэнд нөлөөлөхгүй.
-Компани худалдана гэсэн зар сүүлийн үед гарахаа больчихлоо. Нэг хэсэг нэлээд идэвхтэй байсан шүү. Та нарыг зарим хүн харааж байгаа байх даа?
-Телевизээр хүртэл компани 300-600 мянган төгрөгөөр худалдаж авна гэж зар явж байсан шүү дээ. Хуулийн төслийн боловсруулалтын үеэр судалгаа хийж гаргахад Тавантолгойгоос хувьцаа худалдаж авах эрх бүхий 23 мянган ААН бүртгэгдсэн байна. Гэтэл эдгээр 23 мянган аж ахуй нэгж нь 2700 хүний л өмчлөлд байна. Нэг хүнд 3-4 ААН-тэй, дээрээс нь 20,30-ийг худалдаад авчихсан зүйл ч гарсан.
-Маргаан, зөрчилтэй үед нэмэгдэл 10 хувийг тараалгүй хадгалах тухай санал гишүүдээс гарч байсан. Талцаж байхаар энэ саналыг дэмжсэн нь ч зөв юм шиг?
-Би хувьдаа ийм саналыг дэмжихгүй. Санаачилсан хуулийн үзэл санаанаас буцаад байх шалтаг алга. Иргэдэд өгөх хувийг 20 болгохын төлөө яваад л үзнэ. Чухам, Батж.Батбаяр гишүүнээс ийм санаа гарсныг ойлгохгүй л байна.
-УИХ-аас гаргасан тогтоолыг өөрчлөх асуудлыг тавьж буй цаг хугацааны хувьд сонгууль дөхсөн үе таарч байна. Иймд ард түмэнд таалагдах гэсэн арга гэж хардаж байгааг ч буруутгах аргагүй байх. Яагаад ийнхүү өөрчлөх тухай саналаа жилийн өмнө тавьж болоогүй юм?
-Тухайн үед ААН-үүдийг ченж наймааны хэрэгсэл болно гэж бодоогүй юм. УИХ-аас баталсан хууль тогтоомжууд амьдралд нийцэхгүй жишээ багагүй байдгийг та нар ч мэднэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхийг жил гаруй хугацаанд харлаа. Үнэхээр хүндрэлтэй байгаа гэдэг нь ч тодорхой боллоо. Ийм үед би гаргасан шийдвэрээсээ буцдаггүй эр хүн гээд муйхарлаад байвал төрийн ажил хэрхэн явах билээ. Баталсан хуулиа амьдралд нийцүүлэх нь төрийн үүрэг гэдэг утгаар нь өөрчлөн иргэдэд үр ашигтай болгох л гэсэн юм.
-С.Бямбацогт, Н. Батбаяр нарын гишүүдээс хуучин баталсан хуулиа сүүлийн мөч хүртэл нь хамгаалж та нартай “үзэж тарах”-аа мэдэгдсэн. Тэдгээр гишүүдийн зүгээс илэрхийлж буй хандлагаас хүлээж авах зүйл юу байна?
-Байлгүй яах вэ. Үнэхээр ААН-үүдийг төр засгаас дэмжих нь зүйтэй. Гэхдээ ингэж дэмжиж байна гээд уул уурхайн компанийн хувьцаа олгох нь утгагүй зүйл. Үүний оронд уул уурхайгаас олж буй орлогоор зайлшгүй хөгжүүлэх ёстой салбарт дэмжлэг үзүүлж болно. Зайлшгүй гэхийн учир нь энэ дэмжлэг архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч ААН-үүдэд зориулагдаж болохгүй гэсэн үг.
Ер нь төрөөс ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хүүгүй зээл, хөнгөлөлт татаас, бонд гаргаж зээл олгож байна. Ноос ноолуур, барилгын салбарынхан энэ тусламжид илүү хамрагдаж байгаа. Гадны гуриланд татвар тавьж дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалж байна. Ийм маягаар л дэмжих нь тэгээд буруу юм уу.
-Гаднаас эсэргүүцэл, лобби хэр мэдрэгдэж байна?
-“Монгол 999” нэгдлийн зүгээс хууль санаачлагч гишүүд рүү өнгөрөгч хугацаанд захиалгат нэвтрүүлэг явуулж, биднийг хамгийн муу муухай амьтад болгох гэсэн.
-Өнөөдрийн хурал дээр С.Бямбацогт гишүүн өөрт чинь “хэдэн төгрөгийн зангиа зүүдэг, хэдийн костюм өмсдөг болоод татвар төлөгчдийг дэмжихгүй байгаа юм бэ” гэж давшилж байсан.Үүнийг яаж ойлгов?
-Намайг хямдхан хувцас өмсдөг гэж байх шиг байна. Би тэр шүүмжлэлийг нь хүлээж авч байгаа. Чанар муутай, хямдхан хувцас хэрэглэдэг гэдэгтээ дүгнэлт хийе л гэж бодож байна.
-Би харин таныг айхтар үнэтэй хувцсаар тансагладаг гэж ойлгосон.
-Магадгүй тэгсэн байх. Гэхдээ миний өмсч байгаад үнэтэй хувцас ерөөсөө байхгүй. Арван жилийн өмнө АНУ-д ажиллаж байхдаа авсан костюм өмссөн байна. Бас тэр жил Тайландад ажиллаж байхдаа авсан нэг зангиагаа зүүчихэж. Манай эхнэр ч надад энэ улсуудтай адил үнэтэй, чанартай зүйл эдэлж хэрэглэсэнгүй гэж хэлдэг л юм. Үнэтэй юм хэрэглэе гэж боддоггүй маань буруу гэж үү. Үүний оронд толгойдоо жаахан юмтай байж өөрийгөө үнэтэй байлгая гэж л боддог. Эхнэрээс минь өөр С.Бямбацогт хүртэл ингэж шүүмжилж байгаа юм чинь цаашид өмсч зүүх хувцсаа сайжруулах талаас нь бодохгүй бол болохгүй нь дээ. Тэгэхгүй бол өнгө мөнгөтэй хүмүүс өмссөнөөр маань дээрэлхэх гээд байх шиг байна.
-Гишүүдтэй уулзсан бол сонгуулийн хуулийг асуухгүй өнгөрдөггүй болоод байна. Бүлгүүд ер нь тохирсон уу?
-Манай намын бүлгээс сонгуулийн тойргийг жижиглэхгүй. Улаанбаатар хотын хүн амын тооны харьцаатай холбоотой саналууд тавьсныг нь МАН ерөнхийд нь хүлээн зөвшөөрсөн.
-Нийслэлээс сонгогдох гишүүдийн тоо дахин нэмэгдэхгүй нь гэж ойлгож болох нь ээ?
-Ер нь хүн амын механик тоонд тулгуурлаж тойргийг хуваах гэдэг нь тийм ч оновчтой зүйл биш. Баянзүрх дүүрэгт 150 мянган хүн бий, харин Дундговь зэрэг гурван аймагт нийлээд энэ тооны хүн байлаа гэж бодоход хүний тоогоор нь адилхан нэг мандат өгнө гэж үзэх нь оновчтой биш. Яагаад гэвэл тэр гурван аймаг чинь тус тусдаа өөр өөрийн гэсэн асуудалтай. Хүн амын тооноос гадна засаг захиргааны нэгжийг нь харгалзан үзэхгүй бол болохгүй.
Бусад орны жишгийг дагавал квот байх ёстой л зүйл. Гэхдээ өрсөлдөөн шударга байх ёстой. Зөвхөн эмэгтэй хүнийг сонгоно гэдэг талаас нь нэг тойрогт дан эмэгтэйчүүд нэр дэвшүүлэх зэрэг нь дэмий л дээ. Гишүүдийн олонх нь квотыг дэмжиж байгаа юм чинь хуулийн төсөлд тусгагдаад л явах байх.
-Энэ хэвээр үргэлжилбэл, тойроггүй үлдсэн нөхдүүд тохиролцсон хуулийг унагаах юм бодох байх. Сонгуулийн хууль шинэчлэгдэн батлагдсаны маргааш Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл очвол одоогийн Үндсэн хуулийн зарчмаар “унах” магадлал өндөр шүү дээ. Ингээд л хуучин хууль үлдэнэ.
-Ерөнхийдөө эмээж, болгоомжилж л байна. Хууль батлагдсаны дараа Цэц дээр уначих вий гэж. Пропорциональ тогтолцоо орсноор Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөх эсэх тайлбарууд маргаантай байдаг. Би хувьдаа Цэц маань ямар нэг гишүүдийн лоббинд битгий автаасай гэж бодож байна.
-Удахгүй хуралдах танай намын ҮЗХ-ны хурлаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай яригдаад эхэллээ. Засгийн газрын дотроос нь гарч байгаа энэ доргилт мэдрэгдэж байна уу?
-Хамтарсан Засгийн газрыг миний хувьд анхнаас нь дэмжсэн. Хорин жилийн хугацаанд хоёр намаас болж нийгэм дэндүү улстөржсөн байдалд хүрсэн. Харин сүүлийн үед улс төрийн хоёр намууд хамтран Засгийн газрыг байгуулснаар өнөөх туйлшрал багассан. Сүүлийн судалгаанаас харахад л сонгогчид нам гэхээс илүү хувь хүнийг нь харж сонголтоо хийнэ гэдэг нь давамгайлж байна. Хамтарснаар уул уурхайн баялгийг хувь хишиг байдлаар олгохыг шийдсэнээс эхлээд цөөнгүй зүйл бий. Одоо хийх ажил ч байна. Шүүхийн шинэчлэлийг сонгуулиас өмнө хийж авлига хээл хахууль, шударга ёсыг бататгах ёстой.
-Шүүхийн шинэчлэл гэж ярьсных. ИЗ-НН-ийн бүртгэлтэй холбоотой УДШ-ийн шийдвэрийг хэрхэн дүгнэсэн бэ?
-Шүүхийн шийдвэрийг шүүмжлэх нь тийм ч оновчтой зүйл биш байх. Бие даасан хараат бус шүүх гэдэг утгаар нь тэр. Шүүх харин шударга шийдвэр л гаргадаг байх ёстой.
-Тэгээд УДШ шударга шийдвэр гаргасан болов уу?
-Ногоон намын асуудлын талаар гаргасан шийдвэрт нь үнэнийг хэлэхэд эргэлзэж байна.
Б.Мандах /сурвалжлагч/
“Ардын эрх” сонин
URL:













