Монголын ЭСЯ-ны ажилтан саатуулагджээ

Манай улсын ЭСЯ-ны ажилтан А.Батсайхан Польш Улсад саатуулагджээ. Тэрбээр ОХУ-ын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажилладаг. Өмнө нь 2003-2007 онд Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-нд алба хашиж байжээ. Түүнийг Польш Улсаас тамхи зөөвөрлөж яваад баригдсан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад,

“ОХУ-ын ЭСЯ-наас А.Батсайханы ээлжийн амралтыг авахуулах тухай хүсэлт тавьсан юм билээ. Үүний дагуу амралтаа авсан. А.Батсайхан ээлжийн амралтаараа Польш Улсад амарч явахдаа тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан нь үнэн. Гэхдээ ямар үндэслэлээр түүнийг саатуулсан талаар тодорхой мэдээлэл алга. Манайхаас энэ асуудлыг тодруулахаар албан тоот илгээсэн. Удахгүй хариу ирэх байх.

Ямар ч байсан А.Батсайхан Польш Улсын хилээр нэвтрэхдээ хууль бус бараа бүтээгдэхүүн биедээ авч яваагүй гэсэн албан ёсны мэдээллийг тус улсын хууль сахиулах албанаас бидэнд ирүүлсэн.

Одоогоос гурав хоногийн өмнө саатуулагдсан юм шиг байна. Саатуулагдсан үед А.Батсайханы дипломат эрх зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлчилнэ. Тиймээс Польш Улсад саатуулагдахад ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргын дипломат эрх нь хамаарахгүй.

Энэ хүн өмнө нь буюу 2003-2007 онд Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ-д түр хамаарагчаар томилогдон ажиллаж байсан. Харин манай улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн жил томилогдсон. Ямартаа ч А.Батсайхан тамхины хэргээр саатуулагдаагүй” гэв.

М.Өнөрөө


URL:

Сэтгэгдэл бичих