А.Батсайхан гэгч хэн бэ?
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга А.Батсайхан Польш улсад саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өчигдрийн байдлаар түүнийг ямар шалтгаанаар тус улсын хууль хяналтынхан саатуулсан тухай нэмэлт мэдээлэл Гадаад хэргийн яаманд ирээгүй байв. А.Батсайхан дээрх албан тушаалд томилогдохоосоо өмнө хаана ажиллаж байсныг товчхон нийтэлье.
Тэрбээр 1992-1998 онд Төрийн ёслолын албанд ажиллаж байгаад 1999 онд Дипломатын академид суралцжээ. Төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан байна. 2003-2007 онд Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яаманд түр хамаарагчаар томилогджээ. Дараа нь буюу 2008-2010 онд Төрийн ёслолын албаны даргаар томилогджээ. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн жил томилогдон ажилласан байна. А.Батсайханы охин дүү нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн бэр аж.
Төрийн ёслолын албаны даргаар А.Батсайхан ажиллаж байхдаа төр, засгийн удирдлага оролцож байгаа баяр ёслолын арга хэмжээ, гадаад, дотоодын төлөөлөгчдийн уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулдаг байсан тухай Гадаад хэргийн яамныхан ярьж байсан юм. Мөн хэд хэдэн ажлыг санаачлан хийсний нэг нь Монгол Улсын Төрийн далбааны стандартыг тогтоож нэг мөр болгох асуудлыг анх хөндөж тавьжээ. Үүний ачаар Олон улсын өнгөний нийгэмлэгээр далбаанд орох өнгийг кодлуулж чадсан гэнэ. Гадаад хэргийн яамны нэгэн ажилтан түүнийг “Дипломат хүнд байх ёс зүйтэй, өндөр сахилга баттай хүн. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдох хүн биш. Чухам юунаас болж Польшийн цагдаагийнхан баривчилсныг мэдэхгүй юм. Тэр дундаа хар тамхи эсвэл хилээс хилийн хооронд тамхи зөөвөрлөх хүн биш” хэмээн тодорхойлов. Юутай ч А.Батсайхан Польшид баригдсан нь үнэн. Чухам ямар хэрэг өдүүлснээс болж тус улсад баригдав гэдэг нь таамаг хэвээр байна.
Г.Онон
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL:




