Төлснийхөө хэрээр үйлчилгээ авмаар байна
Насаараа төсвийн байгууллагад ажилласан Б.Ганхуягийн амьдрал ахуй нь хэдийнэ тогтож тэтгэвэрт гарах нас нь нэлээд дөхжээ. Угаас бие сайтай болохоор эмнэлгийн хаалга таталгүй нэлээд хэдэн жил болжээ. Эхнэр, хүүхдүүдийн хамт элэг бүтэн ажиллаж амьдарч байсан залуу нэг л өдөр элэгний өвчтэй гэдгээ мэдсэн аж. Элэгний өвчин барагтаа өвддөггүй учраас нэлээд даамжирч хүндэрсэн үед нь эмнэлэг бараадан эмчилгээ хийлгэжээ. Улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд бас л танил тал, ар өврийн хаалга хэрэг болно. Оочир дараалал гээд ор ч олдохгүйн дээр нэг өрөөнд нэлээд хэдүүлээ хэвтэж эмчлүүлдэг нь хэвийн мэт болжээ. Арай гэж эмнэлэгт хэвтсэн ч санхүүгийн хүндрэлүүд багагүй гарсан аж. Учир нь зарим эм тариаг өөрсдөөсөө мөнгө гаргаж авахаас эхлүүлээд багагүй зардал гардаг аж. Хэдийгээр Эрүүл мэндийн даатгал төлсөн хүн үнэ төлбөргүй эмчлүүлэх ёстой ч манайхан болсон хойно арга саам олохоо мэднэ. “Манайд энэ тариа, эм байхгүй. Уг нь их сайн тариа л даа. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй. Хэрвээ та бололцоотой бол гаднаас аваад хийлгэж болно л доо” гээд л аргалчихна. Ер л энэ үгийг улсын аль ч эмнэлэг, байнга л хэлж байдаг болжээ.
Ганц удаа хэвтэж эмчлүүлээд эдгэрчихгүй учраас дараа дараагийн эмчилгээг өндөр үнэтэй хувийн эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болсон аж. Уг нь Б.Ганхуяг улсын байгууллагад тогтмол 22 жил ажилласан бөгөөд ажилласан хугацаандаа Нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж ирсэн байна. Эрүүл мэндийн даатгалд цалингийнхаа дөрвөн хувийн шимтгэлд төлдөг. Б.Ганхуягийн сарын цалин 600 мянга төгрөг бөгөөд 22 жилийн турш төлсөн Эрүүл мэндийн даатгал төлсөн. Ингэж бодохоор хэдэн сая төгрөгөө эрүүл мэндийн даатгалд тушаасан ч эргүүлээд хэдийг нь өөрийгөө эмчилүүлэхэд зарцуулав гэдгийг тооцохоор үнэхээр чамлалтай санагдана.
Гэвч энэ мөнгө эзнээ хүлээгээд хэрэгтэй үед нь хэрэглэгдэхээр уг даатгалын санд хуримтлагдаж байдаг уу гэвэл үгүй. Б.Ганхуяг мөнгөө даатгалд төлөхийн оронд банкинд хадгалуулан арвижуулж байсан бол зовох юмгүй эмчилгээ сувилгаагаа хийлгэх байсан биз. Иргэдийн эрүүл мэндийн баталгаа болсон даатгалын мөнгө чухам хаан юунд зарцуулагдаж байна вэ. Сар бүр төлдөг таны эрүүл мэндийн даатгалын эзэндээ хүртээлтэй хүрч чадаж байна уу гэсэн асуулт эргэлзээ төрүүлж байна. Иргэдийн төлж байгаа даатгалын мөнгө Улсын даатгалын санд төвлөрч эргээд бидэнд тус дэмээ өгөх учиртай. Даатгалаа тогтмол төлдөг ч ажил төрөлийн зав зай муутайгаас болоод эмнэлгийн үйлчилгээ авдаггүй хүмүүс багагүй байгаа. Иргэн бүр даатгалд хэдэн төгрөг төлдгөөс үл шалтгаалан жилдээ 1,2 сая төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй. Үүнд, ажилчин, оюутан, малчин, тэтгэвэрийн наснийхан гээд бүгд ижил хувь хүртэнэ. Харин төлдөг мөнгө нь тэнгэр газар мэт ялгаатай. Энэ онд л гэхэд эрүүл мэндийн даатгалын санд 112 тэрбум төгрөгийн орлого орсноос 94 тэрбумыг нь буцаан зарцуулжээ. Үүний дийлэнх хувийг ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдийн мөнгө эзэлж байна. Үлдсэнийг нь төрөөс болон хувиараа сайн дурын үндсэн дээрээс төлдөг хүмүүс эзэлнэ. Тэгэхээр шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгийг нь хэн нэгний эмчилгээний зардалд май гээд өгчихдөг тогтолцоог халах шаардалага гарч байгаа юм. Нэг жишээ хэлэхэд Германд эрүүл мэндийн даатгалаа төлчихөөд эмнэлгээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй бол даатгалд төлсөн мөнгөө тухайн иргэн буцаагаад авдаг тогтолцоо үйлчилдэг. Харин Монголд эрүүл мэндийн даатгалын мөнгө юунд зарцуулагдаж байгаа нь учир битүүлэг хэвээр. Төлснийхөө хэрээр үйлчилгээ авдаг ардчилсан Монгол улсын иргэн баймаар байна.
URL:













