Ерөнхийлөгчийн сүүтэй хундган дахь үг
Шинэ жилийн шижгэр найр үргэлжилж буй энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт ард түмэндээ хандан архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй. Архи өнөөдөр нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, хамгийн аймшигтай асуудал болоод байгаа” хэмээн хэллээ. Үнэндээ захын айлын голомт руу өнгийхөд архигүй, нулимсгүй гэр бүл хэр олон байгаа билээ. Хэрүүл, гэр бүл салалт бүх болж бүтэхгүй зүйлс зөвхөн согтуу цэнгэлээс үүдэлтэй. Нийгмээрээ нийтээрээ архи уудаг, уудаггүй хүн нь гажиг гэж хэлэгддэг болтлоо хавтгайрсан. Он солигдох энэ мөчид дээр доргүй хавтгайдаа архидаж эхэлдэг. Тэр дундаа урлагийнхан, улстөрчид зэрэг олны танил эрхмүүдийн найрлаж наадаж байгаа нь цэнхэр дэлгэц дүүрэн гарч хүмүүсийн архи уух сэдлийг өдөөдөг. Нэгэнт од болсон тахин шүтдэг хүмүүс нь болор хундага харшуулан сархад сөгнөөд суухад жирийн иргэд тийм л байвал сайхан баярлаж байна хэмээн ойлгодог.
Нэгнээ ууж идэхэд уриалаад сурчихсан өнөөгийн нийгэмд Ерөнхийлөгчийн үг яах аргагүй цагаа олсон оновчтой тусав. “Архи бидний хамгийн ойрхон байгаа, бидний хамгийн үнэ цэнэтэй нандин бүхнийг маань устгаж, авч одож байна. Монголын ард түмний амжилтаас, Монголын нийгмийн сайн сайхан бүхнийг хойш нь энэ архи татаж байна” гэж Ерөнхийлөгч ард түмэндээ хандан сэрэмжлүүлэв. Бор дарс хамгийн хайртай хүүг чинь залгихыг харж суугаа эхийн цөхрөлийг яах билээ. Найрагч нэгний хэлсэн шиг “Аав нь хүүгээ согтуу явахыг хараад Алтан ургийн багана нь ганхаж байх шиг уйтай” гэх эцгийн харуусал Монголын олон хүмүүсийг тойроогүй. Архи цөөхөн Монголын ард түмнийг өдөрт найм, есөөр нь залгидаг. Архи айл өрхийн аз жаргалыг үгүй хийдэг. Архи ахан дүүсийн минь аминд хүрдэг, Ийм гайт архи гэгчээс татгалзахыг хувь хүн өөрөөсөө эхлэхийг Ерөнхийлөгч уриалсныг маш олон хүн дэмжих нь дамжиггүй. Төрийн тэргүүн шинэ жилээ архигүй тэмдэглэн өнгөрүүлж байгаа хамт олонд Монголын төрийн нэрийн өмнөөс баяр хүргэж байгаагаа “Бөртэ чоно-2010″ шагнал гардуулах ёслолын тайзнаас хэлсэн. Урлаг спортынхныг уриалан энэ хорноос бүгдээрээ нийтээрээ салахыг дэмжихийг хүссэн.
Шинэ он солигдох яг тэр мөчид Ерөнхийлөгч ард түмэндээ хандан үгээ хэлдэг уламжлал бий. Энэ үг энэ жил баярын оргилуун дарстай биш эвийн цагаан сүүтэй байх нь. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах тэр мөчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан үг хэлэхдээ хундгандаа архитай биш сүүтэй, цайтай байх болно гэдгээ амлалаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ нь түүхэн үг болж үлдэв. Монголын үе, үеийн хаад, ноёд архийг идээний дээж гэж дээш нь залж ирснээс хор хэмээн ард түмэндээ сэрэмжлүүлж байсангүй. Үе үеийн Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нар ингэж хэлж байсангүй. Бас манай Ерөнхийлөгч нар ингэж ард түмнийхээ төлөө санаа зовинож байсангүй. Ямар ч Ерөнхийлөгч хундгандаа архигүй ерөөл дэвшүүлж ирсэнгүй. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө архи үгүй амьдарч хэвшицгээе хэмээн уриаллаа. Одоо шинэ жилийн дараа олон олон баяр айсуй.
Дуусдаггүй энэ олон баяр, найруудыг архигүй тэмдэглэдэг болцгооё. Ядаж өвлийн ид хүйтэнд гоёлын даашинзтай бүсгүйчүүд хөлдөж үхэхээ болиг л дээ. Амиараа дэнчин тавьж баярлах хэрэг байдагч юм уу. Ерөнхийлөгч “Архи хэрэглэдэггүй хувь хүн, архи хэрэглэдэггүй айл өрх, архи хэрэглэдэггүй хороо хорин, архи хэрэглэдэггүй хот айл, архи хэрэглэдэггүй хамт олон, архи хэрэглэдэггүй нийгэм, архи хэрэглэдэггүй Монгол болохын төлөө энэ цаг мөчөөс бүгдээрээ хамтарч ажиллацгаая” гэж уриалж байгаа.
Б.ДОЛЗОДМАА
URL:













