Шинэ жил баяр уу, дарамт уу?

Заримдаа ийм асуулт өөрийн эрхгүй урган гарах юм. Уг нь шинэ жил болоод сайхан байна. Гэрлэн чимэглэл бүхий мөнх ногоон

гацуур, өвлийн өвөө, цасан охид, оргилуун дарс, бэлэг сэлт гээд л. Монголчууд бид баярлаж сурсан ард түмэн. Бидэнд “баасан ах”-ын өдрөөс эхлээд төрсөн өдрийн, “он жавууд”-ын, шашны, шинэ байрны, төгсөлтийн, төрөл садангийн гээд мундахгүй олон баяр бий. Эдгээрээс шинэ жилийн баяр онцгой. Улиран одож буй оныхоо амжилт бүтээлийг дүгнэн, ирэх жилийнхээ ажил үйлсийг төлөвлөдөг шинэ жил харин сүүлдээ баяр болоод байна уу, дарамт болоод байна уу?
Шинэ жилийн баярын сургаар арванхоёрдугаар сар гарангуут телевиз, радиогоор элдэв бараа бүтээгдэхүүн, хямдралын сурталчилгаа хүчээ авна. Суваг солих бүр баярын сурталчилгаа, шилдэг шалгаруулах цэнгүүн. Гар утсанд үүрэн телефоны операторуудаас элдэв урамшууллын мессеж тасрахгүй. Шинэ жил яах аргагүй өндөр зардалтай баяр. Гоёлын даашинз, үсчинд орох, чимэг зүүлт, туфль гээд охид бүсгүйчүүдэд бүр хүнд тусна. Бусдаас дутахгүй гоё ганган харагдахыг хичээх нь аргагүй ч заримдаа хэтэрхий зиндаархаж, бэнчингээ гайхуулах гээд байгаа нь нэг л өрөөсгөл.
Хараад байхад манайхан баярыг хавтгайруулан тэмдэглэх дуртай юм. Нутаг нутгаараа, бүр сумаараа шинэ “жилдэж” байна. Энд тэндгүй үдэшлэг. Сайхан боловч төлбөр нь 50.000-100.000 төгрөг гэхчилэн “явж” өгч. Нутаг нугынхантайгаа, найз нөхөдтэйгөө, байгууллага хамт олонтойгоо, үеийнхэнтэйгээ уулзаж нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөхөд болохгүй нь юу байхав. Даанч урилгын зардал нь дийлэхээргүй юм гээч. Урилга авчихаад очихгүй бол эвгүй байдалд орох учраас бултаж сурах хэрэгтэй. Бүгдэд нь очвол цалин мөнгө хүрэхгүй. Харин очлоо гэхэд тасалбараас гадна дагалдах бусад зардлыг тооцох хэрэгтэй. Шинэ жилийн баярын зардалд оюутан сурагч, дарга цэрэггүй өртөнө. Хүн гэгч нийгмийн бүх талын харилцаанд орж, олонтойгоо явдаг юм болохоор баярын урилга заллагаа зохицуулж сурах л байна.

М.Хангал

“Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих